“Зуны халуунд масктай гадуур явах ямар төвөгтэй юм бэ амьсгал давхцаад байна”, “Даралт ихэсчихэж, халуунд масктай явснаас л боллоо” хэмээн иргэд ярилцаж байна. Халуунд маск зүүх нь даралт ихсэлтэд нөлөөлдөг үү. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буй даралт ихсэлтийн талаар П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Зүрх судасны тасгийн их эмч Н.Наранцацралтай ярилцлаа.
-Бусад оронтой харьцуулахад даралт ихсэлтийн хувь хэмжээ Монгол Улсад ямар байдаг вэ?
-Дэлхий дээр даралт ихсэх өвчтэй 1.5 тэрбум хүн амьдардаг. Монгол Улсад насанд хүрэгсдийн 30 орчим хувь нь буюу гурван эрэгтэй, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь даралт ихсэлттэй нь тогтоогдсон. Зүрх судасны өвчлөлийн дотор цусны даралт ихсэх өвчин 41.8 хувийг эзэлдэг. Манай тасагт өдөрт 50 орчим хүн үзүүлдэг. Үүний 70 хувь нь даралт ихсэлттэй байдаг. Бусад нь даралт ихсэлтээс үүдэлтэй зүрхний хэм алдагдал, дутагдал байдаг.
-Даралт ихсэлт залуужиж байгаа гэж сонссон. Шалтгаан нь юу вэ?
-Манай эмнэлэгт 16-гаас дээш насныхан ханддаг. Насны хувьд, 16 настай хэр нь даралт нь 180/200 (ердийн даралт 120/80 байх ёстой) хүрдэг хүмүүс бий. Шалтгаан нь, төрөлхийн өрөөсөн бөөртэй эсвэл нэмэлт гаж судастай байдаг. Монголд даралт ихэсдэггүй хүн гэж алга.
-Монгол Улсад даралт ихсэлттэй хүний тоо нэмэгдээд байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Даралт ихсэлтэд хоол унд, орчин буюу нийгмийн стресс зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Даралтаа ихэсгэхгүй байх боломжууд бас бий.
-Даралт ихэссэн байна гэдгээ хэрхэн мэдэх вэ?
-Даралт ихсэхэд бие тавгүйрхэж, хүзүүгээр хөшиж, чамархайгаар чилж, толгой хүнд оргино. Мөн мөр, хөл бадайрна, дотор муухайрч, огиудас хүрнэ. Хүн болгонд илрэх шинж тэмдэг нь өөр байж болно. Зарим хүмүүст ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Шинж тэмдэг илрээгүй хэр нь даралт нь 200/220 хүрсэн хүмүүс ч байдаг. Тэр ч бүү хэл шинж тэмдэггүй хэр нь, зүрхний бичлэгээр харахаар зүрхний шигдээстэй болсон байх нь ч бий. Тиймээс чимээгүй алуурчин гэгдээд байгаа даралт ихэссэн байна уу, үгүй юу гэдгийг мэдэхийн тулд даралтаа үзүүлж, хянуулах нь чухал.
-Настай хүмүүс даралт ихэслээ, багаслаа гэж өөрийгөө оношлоод, дур мэдэн эм уугаад байдаг. Үүний сөрөг тал нь юу вэ?
-Айл гэр болгон “эмчтэй” болчихоод байгаа. Дур мэдэн эм уух нь мэдээж сөрөг нөлөөтэй.
-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор гадуур явахгүй, хөдөлгөөнгүй байгаа байдал нь даралт ихсэлтэд нөлөөлөх үү?
-Өвчин гарсантай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудаас хангалттай мэдээлэл өгч байгаа. Хэдийгээр хөдөлгөөн хязгаарлагдсан ч хоол унд дээрээ анхаарах хэрэгтэй. Ядаж цайгаа давсгүй уугаад, хоолоо амтлагчгүй хэрэглэх шаардлагатай. Хэт их идэх шаардлагагүй. Хөдөлгөөн бага байгаа тохиолдолд хөнгөн, хурдан шингэх хоолыг бага багаар, ойр ойрхон идэх нь зохимжтой.
–Covid-19-тэй холбоотойгоор маскийг тогтмол зүүх шаардлагатай. Гэхдээ халуунд маск зүүхээр амьсгал давчдах нь бий. Энэ нь зарим талаараа даралт ихдэхэд ч юм уу эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлтэй юу?
-Өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж байгаа энэ үед халуун байсан ч маск зүүх нь зөв. Зүрхний дутагдалтай, амьсгааддаг, хавагнадаг хүмүүс онц шаардлагагүй бол гадуур явах хэрэггүй.
-Сүүлийн үед зүрхний хэм алдагдал нэмэгдсэн. Энэ нь олон шалтгаантай ч даралт ихсэлттэй хамааралтай юу?
-Даралт ихсээд олон жил болоход зүрх томордог. Зүрх томрохоор хэм алдагдал үүсэх шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, энэ хоёр нь хоорондоо уялдаатай. Залуучуудын хувьд зүрхний хэм алдагдал их байдаг. Зүрхний хэм алдагдал мөн эсэхийг зүрхний бичлэгээр тодорхойлдог.
-Даралт ихдэлт, зүрхний хэм алдагдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Үүний тулд биеийн жингээ хэвийн байдалд тогтмол барих шаардлагатай. Хоол ундныхаа давсыг багасгах хэрэгтэй. Мөн хоолны хэмжээнд анхаарах нь чухал. Шингэн зүйлийг тааруулж уух шаардлагатай. Мөн өөх тосны хэрэглээ, идэвхтэй хөдөлгөөнд анхаарах нь зөв.
Зүрхний хэм алдагдалтад даралт ихсэлтээс гадна стресс зэрэг маш олон зүйл нөлөөлдөг. Өдөрт доод тал нь 30 минут алхах хэрэгтэй. Ингэснээр сэтгэл гутрал, ядаргаа хөнгөрдөг, жин барина, эрүүл мэнд сайжирна. Мөн архи, тамхины хэрэглээг халснаар даралт ихсэлтийн эрсдэл багасна.
Холбоотой мэдээ