Дүрвэгсдийн хүүхдэд хичээл заана

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

Дүрвэгсдийн хүүхдэд хичээл заана

 

2015 онд нэг сая гаруй дүрвэгч хүлээн авсан Герман улс дүрвэгсдийн хүүхдүүдэд хичээл заах 8,500 гаруй багшийн орон тоо бий болгосон гэж “Die Welt” сонин мэдээллээ. Дайн самуун, ядуу тарчиг амьдралаас зугатаж тус улсад очсон дүрвэгсдийн 196,000 орчим хүүхэд Германд сургуульд орох болж байгаа юм. Германы холбооны 16 мужид явуулсан судалгаагаар тус улсад одоо тэдгээр дүрвэгсдийн хүүхдүүдийг үеийнхнээс нь хоцроохгүйн тулд герман хэл, хичээл заах тусгай 8,264 бүлгэм байгуулагдаад байгаа гэнэ.

 

Германы боловсролын газраас мэдээлснээр дэлхийн II дайнаас хойшхи дүрвэгсдийн хамгийн өргөн хүрээтэй хямрал болсон 2015 онд сургуулийн насны 325,000 хүүхэд Европын холбооны орнуудад бүртгэгдсэн байна. Герман улс 2015 онд нэг сая гаруй дүрвэгч хүлээн авсан нь 2014 оныхтой харьцуулахад тав дахин их тоо юм. Тиймээс тус улс шинэ суурьшигчдад боломжийнхоо хэрээр нийгмийн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байгаа ажээ. “Германы сургууль, боловсролын газрууд анх удаа ийм том сорилттой тулгарч байна. Бид энэ онцгой нөхцөл байдлыг хүлээн авч, урт хугацаанд тэдэнтэй хамтран ажиллах болно” тус улсын боловсролын газрын дарга ярьсан байна.

 

Дүрвэгсдийн хувьд диваажин болоод буй Германд одоо дүрвэгсдийн хүүхдэд зориулсан тусгай бүлгэмд хичээл заах 20,000 орчим багшийн орон тоо байгаа гэнэ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж