Сурагчийн хэргээр сэжигтнийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

Сурагчийн хэргээр сэжигтнийг саатуулжээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн аравдугаар ангийн сурагч Г бусдад зодуулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ний өдөр гарчээ. Талийгаач хүүгийн төрсөн эгч нь энэ хэргийн талаар хэвлэлийнхэнд мэдээлжээ. Хэргийг тодруулбал өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур талийгаач Г нь сургуулийнхаа Ж гэгчийн утсыг бусадтай нийлж, дээрэмдсэн. Улмаар дээрэмдүүлсэн гэх Ж, аавтайгаа нийлж талийгаачийг ногоон өнгөтэй “Истана” маркийн машинаараа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хөөж барин, толгой руу нь хэд хэдэн удаа цохиж, цагдаагийн байгууллагад хүргэж өгчээ. Улмаар хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч н.Өлзийжаргал шалгаж, талийгаачаас байцаалт авч эхэлсэн байна. Гэхдээ цагдаа талийгаачийн биед халдаагүй гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдлээ. Ингэхдээ тухайн үеийн мөрдөн байцаалтын явц, баримт нотолгоо болон камерт бичигдсэн. Шаардлагатай тохиолдолд прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр олон нийтэд цацна гэлээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач Г нь баруун тархиндаа цус харвалттай, чихний хойд хэсгийн яс цууралттай гэж гарсан байна. Улмаар талийгаачид гар хүрсэн гэх дээрэмдүүлж хохирогч болсон Ж-ийн аав Б-г цагдаагийнхан сэжигтнээр татаж, цагдан хорьсон байна.

Талийгаачийн эгч н.Чанцалдулам “Дүү маань энэ сарын 23-нд тархиндаа цус харвасан байдалтай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж очоод гурав хоног ухаангүй байж байгаад нас барсан. Дүүг маань таньдаг хүүхэд аавынхаа хамтаар хэсэг хүмүүсийн хамт зодсон байж болзошгүй. Үхтэл нь зодож хаячихаад цагдаад хүргэж өгсөн юм билээ. Дүү цагдаагаас гарч ирэхдээ гуйвж дайваад яг согтуу хүн шиг явсаар ангидаа ирсэн юм билээ. Тэр өдөр ангиа цэвэрлэх гэж яваад ийм юм болсон бололтой. Ангийнхандаа хүртэл “би цагдаад зодуулчихлаа. Миний толгой өвдөөд байна. Та нар чимээгүй байгаач” гэж уурласан байдаг. Зодуулсныхаа дараа дүү маань ангийнхаа цонхоор бөөлжөөд байхаар нь ангийнхан нь явуулсан юм билээ. Тэгээд ангийнхаа найзындаа очоод “Цагдаад зодуулсан шүү” гэж хэлээд ухаан алдаад уначихсан гэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарчихсан, хэргийг прокурорт шилжүүлэн шалгаж байгаа. Мөн хүний аминд хүртэл зодно гэдэг байж боломгүй үйлдэл. Энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэж, тэр хүүгийн аав болон цагдаа ч хариуцлага хүлээх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Уг хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна. Ингэхдээ сэжигтэн Б-г Эрүүгийн тухай хуулийн 91.1 дүгээрт зааснаар “Хүнийг санаатай алсан” гэх зүйл ангид буруутган, байцаалт авч эхэлжээ. Хэрэв сэжигтэн Б буруутай нь шүүхээр тогтоогдвол хуулийн дагуу 10-15 жилийн ял авах юм.

Д.УЛАМБАЯР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж