Монгол Улсын эдийн засгийн өсөлт, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарыг Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх, нэмүү өртөг шингээсэн экспортыг дэмжих болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банк албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Монгол Улсын Хөгжлийн банк нь эдийн засгийн голлох салбаруудын төсөл хөтөлбөрүүдийг бондын хөрөнгөөр санхүүжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны хуульд мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах үүрэгтэй гэж заасан байдаг ба дээрх заалтын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор өөрийн албан ёсны цахим хуудас болон өдөр тутмын сонин, мэдээллийн цахим хуудсуудаар бондын зарцуулалтын мэдээ, мэдээлэл, тайлангаа олон нийтэд ил тод байдлаар мэдээлсээр ирсэн болно. 2015 оны 1 дүгээр сараас Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын Хөгжлийн банк нь өөрийн шилэн дансны хуудсаараа дамжуулан бондын зарцуулалтын тайланг улирал бүр шинэчлэн олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлж байна. Түүнчлэн 2015 оны нэг дүгээр улиралд Үндэсний Аудитын газраас Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа, бондын зарцуулалтад хөндлөнгийн аудит хийсэн бөгөөд аудитын тайлангаа 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудас www.paliament.mn –нд олон нийтэд ил тод байдлаар байршуулсан билээ.
Гэтэл тодорхой улс төрийн намын ажилтнууд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тараагаад байгаа мэдээ мэдээллүүд нь буруу, ташаа, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл гэдийг мэргэжлийн байгууллагууд албан ёсоор мэдээлээд байна. Дээрх улс төрийн намын ажилтнуудын мэдээлээд буй асуудлуудаар Авилагтай тэмцэх газар нь Монгол Улсын Хөгжлийн банкны ажилтан, албан хаагчдад ямар нэг хэрэг үүсгээгүй болно.
Иймд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь аливаа асуудалд ул суурьтай, нухацтай хандаж, олон нийтэд үнэн зөв бөгөөд бодит мэдээлэл хүргэх эрх, үүргийнхээ хүрээнд үнэн зөв мэдээллийг бэлтгэн нийтэлнэ гэдэгт бид найдаж байна.
Түүнчлэн аливаа хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд болон улс төрийн намын ажилтнууд нь үндэслэлгүй, буруу ташаа мэдээллийг дахин түгээсэн тохиолдолд Монгол Улсын Хөгжлийн банкны нэр хүндэд учруулсан хохирлыг тухайн мэдээлэл цацсан этгээдээс нэхэмжлэхээс гадна холбогдох хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар шалгуулах болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
2015 ОНЫ 12 ДУГААР САРЫН 28