Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод суугаа АНУ-ын Элчин сайдын яам Жорж Флойдын үхлийн эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжин байрныхаа гадаа том самбар өлгөжээ. Гэвч “Хар арьстан ч амьдрах эрхтэй” гэх том хар самбарыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпёо нар таашаагаагүй бөгөөд хурдан буулгахыг Элчин сайд Харри Харрист даалгажээ.
Сөүлд суугаа АНУ-ын Элчин сайдын яамны гадна талд тус самбарыг өнгөрсөн Бямба гаригт (2020.6.13) байршуулсан аж. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хүсэлтээр тус самбарыг өчигдөр /2020.06.15/ буулгажээ. Мөн ижил хүйстнүүдийн эрхийг дэмжсэн “солонго”-ны самбарыг ч буулгасан байна. Тэдгээрийн оронд Солонгосын хойгийн дайн дууссаны 70 жилийн ойг тэмдэглэсэн самбар байршуулжээ.
Африк гаралтай АНУ-ын иргэн Жорж Флойд өнгөрсөн тавдугаар сарын 25-нд цагдаагийн баривчилгааны үеэр амь үрэгдсэнээр орон даяар, зарим гадаадын оронд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг өргөн хэмжээний эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Тус жагсаалыг дэмжин Сөүлд суугаа АНУ-ын Элчин сайд Харри Харрис “АНУ бол чөлөөт, олон үндэстний орон. Ялгаатай байдлаас бид хүч чадлыг олдог” хэмээн мэдэгдэж байв.
АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хаасан, 40 настай Харри Харрис нь 2018 онд Сөүлд суух АНУ-ын Элчин сайдаар томилогджээ. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп томилсон аж. Гэхдээ тэрбээр энэ оны сүүлээр албан тушаалаасаа огцрохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: The Telegraph
Холбоотой мэдээ