Covid-19 вирусийн цар тахал дэлхийн 216 улс орныг хамарч, 2020 он дундаа орлоо. Энэ хугацаанд Монгол Улс төдийгүй дэлхийн олон улс орон хөл хорио тогтоосон нь эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн. Хэдийгээр Covid-19 вирусийн цар тахал дорвитой намжихгүй байгаа ч дэлхийн улс орнууд эдийн засгаа аврахын тулд хөл хорионы дэглэмээ зөөлрүүлж эхэлж байна.
Харин Монгол Улсын хувьд Covid-19-ийн халдварыг дотооддоо алдаагүй байгаа хэдий ч өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ зургадугаар сарын 30-ыг хүртэл сунгасан. Бүтэн зургаан сарын туршид хөл хорионд байсан бизнес эрхлэгчдийн хувьд нөхцөл байдал нь улам хүндэрч, олон мянган бизнесүүд дампуурлын ирмэгт хүрээд байгаа ажээ. Хэдийгээр төр засгийн зүгээс Covid-19-ийн хүрээнд эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээ авсан ч энэ нь бизнес эрхлэгч, ард иргэддээ очихгүй, сонгуульд зориулсан арга хэмжээ болохыг эдийн засагчид, бизнес эрхлэгчид хүчтэй шүүмжилсэн. Тэгвэл энэ хугацаанд бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал, өрхийн орлого, улс орны эдийн засагт ямар өөрчлөлт гарсан талаарх "Инфляцын хүлээлт" түүвэр судалгааг Монгол банк Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран гаргажээ.
ЭДИЙН ЗАСАГ, ӨРХИЙН САНХҮҮГИЙН БАЙДАЛ ТҮҮХЭНД ХУГАЦААН ДАХЬ ХАМГИЙН БАГА ТҮВШИНД ХҮРНЭ
Тус судалгаанд дурдсанаар иргэд ирэх гурван сарын эдийн засгийн төлөв болон өрхийн санхүүгийн байдлын чиглэлийн индексүүд огцом буурч, түүхэн хугацаан дахь хамгийн бага түвшинд гарсан буюу иргэдийн дунд эдийн засгийн нөхцөл байдал, өрхийн санхүүгийн байдал муудна гэсэн сөрөг хүлээлт давамгайллаа. Ийнхүү сөргөөр хүлээхэд COVID-19 цар тахал ихээр нөлөө үзүүлсэн байх талтай ажээ.
COVID-19 цар тахлаас шалтгаалж өрхийн санхүүгийн байдалд өөрчлөлт орсон эсэхийг тодруулахад судалгаанд хамрагдсан иргэдийн 68% нь муудсан, 1% нь сайжирсан, 31% нь өөрчлөгдөөгүй гэж хариулсан байна.
Бага орлоготой буюу 500 мянган төгрөг хүртэл орлоготой өрхүүдийн санхүүгийн байдал хамгийн их муудсан бол 2 сая төгрөг болон түүнээс дээш орлоготой өрхүүдийн хувьд харьцангуй бага муудсан байна. Судалгаанд оролцсон иргэдийн 57%-д COVID-19 цар тахлын нөлөөллийн улмаас цалинд өөрчлөлт ороогүй бол 41% (ихэнх иргэдийн цалин 10-50% буурсан)-д нь цалин буурч, 2%-д нь цалин өссөн байна. Үүнийг ажил эрхлэлтийн төрлөөр ангилан харвал хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалин буурахад хамгийн их нөлөө үзүүлсэн бол төрийн байгууллагад ажиллаж буй иргэдэд харьцангуй багаар нөлөөлжээ
ААН АЖЛЫН БАЙР БОЛОН ЦАЛИНГИЙН ЗАРДЛАА БУУРУУЛАХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА
ААН-үүд өнгөрсөн гурван сарын хугацаанд бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нэлээд буурсан гэж үзэж байгаа бол ирэх гурван сарын хугацаанд ч мөн адил эрэлт буурна гэсэн хүлээлттэй байна Энэ нь COVID-19 цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбоотой байна. ААН-үүдийн ажлын байрын болон цалингийн чиглэлийн индекс энэ улиралд огцом буурч, түүхэн хугацаан дахь хамгийн доод түвшинд гарсан буюу ААН-үүд ирэх гурван сарын хугацаанд ажлын байр болон цалингийн зардлыг бууруулах хүлээлттэй байна.
Судалгаанд хамрагдсан нийт ААН-үүдийн 58% нь бизнесийн зээлтэй байгаа бөгөөд COVID-19 цар тахлаас хамааран эдгээр ААН-үүдийн дийлэнх буюу 87%-д нь зээлийн эргэн төлөлттэй холбоотойгоор хүндрэл тулгарсан байна.
Монголбанкны зүгээс хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүд нь тус ААН-үүдэд дэмжлэг үзүүлсэн эсэхийг тодруулахад гурван ААН тутмын нэг буюу 29% нь зээлийн эргэн төлөлттэй холбоотой хүндрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлсэн, 51% нь дэмжлэг үзүүлээгүй гэж хариулжээ
Судалгаанд хамрагдсан ААН-үүдийн 62%-д нь сүүлийн 3 сарын хугацаанд зээл авах хэрэгцээ үүссэн байна. Тэдгээр ААН-үүдэд шаардлагатай байгаа зээлийн хэмжээ харилцан адилгүй байгаа боловч дийлэнх буюу 75% нь 50 сая төгрөгөөс дээш хэмжээний санхүүжилт шаардлагатай байна гэж хариулжээ. Зээлийн хэрэгцээ үүсч, зээл авах хүсэлт гаргасан ААН-үүдийн 25% нь зээл авч чадсан бол дийлэнх буюу 75% нь зээл авч чадаагүй байна.
Холбоотой мэдээ