Таны мэдэхгүй Меланиа Трамп

Хуучирсан мэдээ: 2020.06.16-нд нийтлэгдсэн

Таны мэдэхгүй Меланиа Трамп

Таны мэдэхгүй Меланиа Трамп

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “хууль, дүрэм журам”-ын тухай илүүтэй ярих болсон бол тэргүүн хатагтай Меланиа “эдгэрэл, энх тайван”-ы тухай жиргэж байна. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Меланиа Трамп нөхрөөсөө түрүүлж коронавирусийн халдвараас сэргийлэн амны хаалт зүүхийг уриалсан нь олны анхаарлыг татсан юм. Тухайн үед Дональд Трамп амны хаалт зүүгээгүйгээс олны хэл амны бай болоод байв. Меланиагийн эдгээр үйлдлүүд нь нөхрийгөө эсэргүүцсэнд биш маргаантай үйлдлийг нь зөөлрүүлэх оролдлого хэмээн ажиглагчид дүгнэжээ. Түүнийг анх АНУ-ын тэргүүн хатагтай болоход Цагаан ордонд түгжигдсэн мэтээр олон нийт дүгнэж байсан ч үнэн хэрэгтээ тэрбээр таны бодсоноос ч илүү нөлөөтэй нэгэн гэнэ. “Түүний хэлэлцээрийн урлаг” нэртэй номондоо “Washington Post” сонины сурвалжлагч Мэри Жордан АНУ-ын тэргүүн хатагтайн нууцлаг амьдрал болон Цагаан ордон дахь түүний итгэмээргүй үүрэг ролийг тодотгожээ.

Пулитцерийн шагналт сурвалжлагч Мэри Жорданы тодорхойлсноор Меланиа бол ухаалаг, бие даасан эмэгтэй аж. Хүмүүс Меланиаг Словени гаралтай загвар өмсөгч гэдгээр нь илүүтэй мэддэг. Гэвч Меланиагийн сонирхол архитектор, уран барилга байжээ. Меланиа гэр бүлийнхнийхээ ятгалгаар загвар өмсөгч болсон ч Европт амжилтад хүрч, дараа нь Нью-Йоркт иржээ. Нью-Йоркт тэрбээр 2005 онд ирээдүйн АНУ-ын Ерөнхийлөгчтэй танилцсан байна. Улмаар тэрбээр 2006 онд АНУ-ын иргэн болж, эцэг эхийгээ ч өөр дээрээ татаж авчээ. Тэрбээр сүүлийн үед хүүтэйгээ хамт Цагаан ордонд ихэнх цагаа өнгөрүүлэх болсон ч эцэг, эхтэйгээ байнга холбоотой байдаг гэнэ. Тухайлбал, Меланиагийн 14 настай хүү нь Словени хэлээр чөлөөтэй харилцаж сурсан аж. Тэдний гэр бүл уулзалдахад ганцхан Дональд Трамп л хоорондоо юу ярилцаж байгааг нь ойлгодоггүй гэнэ.

Меланиа өөрийгөө ойлгуулахдаа гарамгай нэгэн. Тиймээс ч тэрбээр Дональд Трамптай үг хэлээ амархан ололцдог аж. Дональд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Ардчилсан намын сунгааны өрсөлдөгч нараа урьж, эхнэртэйгээ уулзуулж байжээ. Тэдний уулзалтын дараа Меланиа нөхөртөө заавар, зөвлөмж өгдөг байсан аж.

Охайогийн их сургуулийн түүхийн багш Катерине Желлисон хэлэхдээ “Америкчууд одоо болтол жинхэнэ Меланиаг таниагүй л байна. Тэр бол ерөнхийлөгчийн нүд, чих болсон жинхэнэ тэргүүн хатагтай.” Сүүлийн үед тэргүүн хатагтай нарын улс төрийн үүрэг роль, нөхөртөө үзүүлэх нөлөө нэмэгдсэн гэж тэрбээр дүгнэжээ. Дональд Трамп өөрийгөө мундаг хэлэлцэгч гэж нэрлэж болох ч Меланиа түүнээс хавь илүү гэнэ. Трамп, Меланиа нарын гэрлэлт хайр сэтгэл үү эсвэл бизнесийн гэрээ юу? гэдэг асуултыг зарим хүмүүс асуудаг. Тэд тусдаа унтаж, өдөр тутмын амьдралын хэмнэл нь өөр, өөрөөр өнгөрдөг. Гэвч тэдний гэр бүлийн амьдралыг хэн ч мэдэхгүй. Меланиа бол 26-хан насандаа АНУ-д ирээд 15 жилийн дараа Цагаан ордонд суусан тийм л гайхалтай эмэгтэй хэмээн эцэст нь түүнийг дүгнэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж