"Ж.Эрдэнэбатын бүрэн эрх нь хэргээс зайлсхийх шалтгаан болохгүй"

Хуучирсан мэдээ: 2020.06.15-нд нийтлэгдсэн

"Ж.Эрдэнэбатын бүрэн эрх нь хэргээс зайлсхийх шалтгаан болохгүй"

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2020.06.15/ мэдээлэл хийж байна. Тодруулбал, сонгуульд оролцож байгаа нам эвсэл болон нэр дэвшигчдийн үйл ажиллагаатай холбоотой дараах мэдээллийг хийлээ.


 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.АМАРЖАРГАЛ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ирсэн сонгуулийн  тухай маргааныг харьяаллын дагуу анхан шатны журмаар хянан шийдвэрлэгддэг. УИХ-ын сонгуулийг зохион байгуулах иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах үүднээс тусгай журмаар хянан шийдвэрлэдэг.  Өнөөдрийн байдлаар  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд сонгуулийн тухай арван нэхэмжлэл  ирсэн байна. Эдгээрээс шийдвэрлэсэн гурав, татгалзсан  дөрөв, хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд явж байгаа хоёр хэрэг, хуулийн хугацаанд байгаа нэхэмжлэл нэг ширхэг байна.

Сонгуулийн тухай маргааныг шийдвэрлэх хугацаа нь 30 хоног, нэхэмжлэл үүсгэх хугацаа нь хуулиараа долоо хоног, нэхэмжлэгчийг хариуцагчид гардуулах хуулийн хугацаа нь долоо хоног байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад байгаа хоёр хэргийн талаар дурдъя. Өнөөдөр захиргааны хэргийн давж заалдах  шатны шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн Ерөнхий хороонд /СЕХ/ холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон.  Хурлаар шүүх хуралдааны товыг энэ баасан гаригт товлосон. Иргэн Н.Энхбаярын  тухайд СЕХ-нд  гаргасан нэхэмжлэлийг тавдугаар сарын 26-нд шүүхэд ирүүлсэн. Маргааш нь шүүхээс захиргааны хэрэг үүсгэсэн.

“Сахигтун Үндсэн хуулийн 19” эвсэл, Л.Наранбаатар нарын нэхэмжлэлтэй СЕХ-нд  холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан энэ сарын 12-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Шүүх хуралдааны үеэр Ш. Ганболдын гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хангаж, улмаар холбогдох ажиллагааг явуулахаар тус шүүх хуралдааныг хойшлуулж зургадугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагт хийхээр товлосон.

УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн зарим хүнд холбогдох Эрүүгийн хэргийн талаар  Сүхбаатар, чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч.ГЭРЭЛТУЯА өглөө.

  • Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас /НПГ/ УИХ-ын гишүүн Б.Ундармаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зургаан хавтаст хэргийг зургадугаар сарын 8-ны өдөр тус шүүх хүлээж авсан. Өнөөдрийн байдлаар шүүх хуралдааны тов гараагүй байна.

"Ж.ЭРДЭНЭБАТ НЬ ШҮҮХИЙГ ҮЛ ХҮНДЭТГЭСЭН"

Яллагдагч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургадугаар сарын 3-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг зургадугаар сарын 11-ний өдрийн 11.00 цагт товлосон.  Шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл яллагдагч Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсэн. 

Яллагдагч Ж.Эрдэнэбатад 10 тэрбум төгрөгийн, яллагдагч Б.Отгонбаатарт 10 тэрбум төгрөгийн барьцаан авах таслан сэргийлэх арга хэмжээг зургадугаар сарын 9-ний өдрийн дотор шүүхийн тусгай дансанд байршуулахыг үүрэг болгосон. 

Ж.Эрдэнэбатад холбогдох Эрүүгийн хэрэг  тавдугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирсэн. Ж.Эрдэнэбат нь шүүхэд хэрэг шилжиж ирсэн өдрөөс хойш  өөрийн биеэр  ирээгүй, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүхээс үзэн  зургадугаар сарын 4-ны өдөр 10 тэрбум төгрөгийн барьцаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шалтгаан нь шүүгдэгч нарт холбогдох хэрэг удаа дараа зарлагдахад Ж.Эрдэнэбат нь өөрийн биеэр ирэхгүй шүүх хуралдааныг хойшлуулаад байгаа нь шүүхийг үл хүндэтгэж байна гэж үзсэн.

УИХ-ын тухай хуулийн  34 дүгээр зүйлийн гуравт зааснаар "Гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон  түүний дараа хуулийн хариуцлага хүлээлгэхгүй" гэж хуульчилсан.

Тэгэхээр дээрх төрлийн ажиллагаа нь тухайн гишүүний улс төрийн итгэл үнэмшлийг хамгаалснаас бус тодорхой гэмт хэрэг зөрчил нь хамаарахгүй. Хэргээс зайлсхийх шалтгаан болохгүй гэж үзсэн. 

"Н.НОМТОЙБАЯРЫН ӨМГӨӨЛӨГЧ ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАХЫГ ХҮССЭН"

НПГ-аас Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг тавдугаар сарын 28-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлээд гэм буруугийн шүүх хуралдааныг зургадугаар сарын 11-ны өдөр хэлэлцсэн.

Уг хуралдаанаар шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Н.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Б.Нямдаваа, Н.Номтойбаяр нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа нар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг зургадугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт товлон зарлалаа.

Мөн шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, Х.Базаррагчаа нар шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Номтойбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.


"С.БАЯР НАРЫГ ПҮРЭВ ГАРИГТ ШҮҮНЭ"

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх   шүүгдэгч Д.Эрдэнэбат нарт холбогдох  15 хавтаст хэргийг тавдугаар сарын 15-нд хүлээж авсан. Зургадугаар сарын 4-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааны товыг зургадугаар сарын  11-ны өдөр зарласан боловч шүүгдэгч Д.Эрдэнэбат нь УИХ-ын ээлжит сонгуулийн ажилтай байгаа учраас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шүүх хүлээж аваад зургадугаар сарын 16-ны  11.00 цагт шүүх хуралдааныг товлосон.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр удаа, гэм буруугийн шүүх хуралдаан мөн хоёр удаа хойшилсон. Шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг зургадугаар сарын 29-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн.

Шүүх С.Баяр нарт холбогдох хэргийг гуравдугаар сарын 23-ны өдөр 461 хавтаст хэргийг хүлээж авсан. Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан. Тавдугаар сарын 11-ны шүүх хуралдаанаар яллагдагч нарыг  шүүхэд шилжүүлсэн. Тавдугаар сарын 25-ны өдөр гэм буруугийн  шүүх хуралдаанаар  шүүгдэгч С.Баярын биеийн байдал тааруу, түүнийг нь эмч нарын магадлан бичгээр тодорхойлсон, шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаан давхацсаны улмаас шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан.

Өнөөдрийн шүүх  хуралдаанаар шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ганболд нь УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн, Хөвсгөл аймагт ажиллаж байгаа, мөн шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус, тус гаргасан байна. Шүүх хуралдааныг зургадугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт товлосон.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж