Хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийлөн олонд хүрээгүй, Калифорнийн өмнөд хэсэгт хоёр ч хар арьст залуу амиа хорлосон байдалтай олдсон хэрэг иргэдэд айдас, эргэлзээ төрүүлэх болжээ.
Эхлээд тавдугаар сарын 31-нд Викторвиллийн орон гэргүйчүүдийн суудаг газрын ойролцоо 38 настай Малколм Харш нэртэй эр модноос дүүжлэгдсэн байдалтай олдсон бөгөөд цагдаа нар хангалттай шалгалт хийлгүйгээр түүнийг урьдчилсан байдлаар амиа хорлолт хэмээн дүгнэсэн байна. Харин түүний гэр бүлийнхэн хэвлэлийн хурал зохион байгуулж “Малколм Харшийг амиа хорлосон гэх дүгнэлтэд бид эргэлзэж байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын тал дээр хурцадмал асуудалтай байгаа энэ үед бол хар арьст эр өөрийгөө модноос дүүжилж хорооно гэдэг нь итгэмээргүй санагдаж байна. Бид цагдаа нараас тайвшруулах оролдлого биш шударга ёс шаардаж байна” хэмээн ярьжээ. Сан Бернардино хотын цагдаагийн газар өнгөрсөн долоо хоногт Харшийн үхлийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг мэдээлжээ. Мөн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр бол хэргийн газарт аллага гэж дүгнэхээр тэмдэг байгаагүй бөгөөд талийгаачийн нас барсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа аж. Харшийн гэр бүлийнхэнтэй цагдаагийн газрын орлогч дарга уулзаад, цар тахлаас үүдсэн стресс, цөхрөл түүнийг амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй хэмээн тайлбарласан гэнэ.
Тэд энэ хэргийн талаар чимээгүй байцгаасан ч өнгөрсөн амралтын өдөр 80 км-ийн зайтай хотод 24 настай Роберт Фаллер ижил байдлаар нас барсан хэргээс болж эргэлзэн, болж буй үйл явдалд олны анхаарлыг хандуулахаар шийджээ. Хотын удирдлагууд Фаллерийн үхэл бол амиа хорлолт хэмээн үзэж байгаа ч шалгалтын ажлыг үргэлжлүүлсээр байгаа аж. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа ч иргэд цагдаагийн даргыг “итгэж болохгүй хүн” хэмээгээд, хотын захиргааны байрны гадна цугларч шударга ёс шаардан жагсч эхэлсэн байна.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ