Мексик улсад харамсалтайгаар цагдаагийн гарт амиа алдсан 16 настай хүүг хөлбөмбөгийн багийнх нь андууд өвөрмөц замаар эцсийн замд нь үдлээ. Өнгөрөгч Мягмар гаригт гэрээсээ ундаа авах гэж гарсан Америк-мексик гаралтай Александр Мартинез гэх хүүг орон нутгийн цагдаа эндүүрэн буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Талийгаач хүүгийн хувьд Америк, Мексикийн давхар иргэншилтэй байсан бөгөөд дөрвөн жилийн өмнө ээжтэйгээ амьдрах гэж Мексикт суурьшжээ. Харин хүүгийн аав нь АНУ-ын Хойд Каролинад амьдардаг аж.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт Висенте Камалоте тосгонд хүүг эцсийн замд нь үдэх арга хэмжээний үеэр хөлбөмбөгийн багийнх нь андууд түүний авсыг хөлбөмбөг тоглодог байсан талбай дээрээ авчирч, эцсийн удаа хамтдаа тогложээ.
Александр Мартинез хүүгийн төлөө шударга ёсыг төрөөсөө шаардсан ард иргэд өнгөрөгч Баасан гаригт Мехико болон Гуадалахара зэрэг хотуудад жагсаал зохион байгуулжээ. Харин энэ даруйд Оаксака мужийн захирагч Алехандро Мурат мэдэгдэл хийж, Александр Мартинез хүүгийн үхлийн гэм буруутан ямар ч эргэлзээгүй хуулийн өмнө хариуцлага хүлээнэ гэдгийг сануулсан байна.
Холбоотой мэдээ