Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.06.15/ мэдээлэл хийлээ. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш ЦЕГ, ТЕГ-т нийт 776 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүний 308 нь нийслэлд, 368 орон нутагт харьяалагдаж байгаа аж. Гомдол мэдээлэлд сурталчилгааны самбарыг сүйтгэсэн, байршил өөрчилсөн зэрэг гомдол эзэлж байгаа юм байна. Сонгуулийн жил эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг нийт 390 албан тоот гомдол мэдээлэл бүртгэгджээ.
Гомдол мэдээллийн дийлэнх хувийг нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан асуудлаар, харилцаа холбоо цахим орчин, сонгуулийн мөрийн хөтөлбөртэй холбоотой нийт 17 гомдол мэдээлэлд Зөрчлийн хэрэг нээсэн байна. Үүнээс гурван гомдол мэдээлэлд Эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Цагдаагийн ерөнхий газраас сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сүүлийн үед зарим нэр дэвшигч хууль зөрчиж сонгуулийн сурталчилгаа явуулах болсныг онцлов.
СОНГОГЧИЙН САНАЛЫГ ХУУЛЬ БУСААР ХУДАЛДАН АВАХ ГЭСЭН 18 ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.ЧИНБАТ:
-Сонгогчдод хууль бусаар мөнгө, эд зүйл өгвөл Эрүүгийн хуулийн дагуу сонгогчийг сонгох эрхээ эдлэхэд нь саад учруулсан хэмээн 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хорих ялаар шийтгэнэ гэсэн заалттай. Энэ төрлийн 18 гомдол бүртгэгдсэний дийлэнх нь худал, үндэслэлгүй мэдээлэл болох нь тогтоогдсон" гэлээ.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгийн мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хууль зөрчсөн 71 сошиал хуудсыг Монгол Улсаас хандах хандалтыг нь хязгаарлуулахаар Харилцаа холбооны зохицуулах газар хүргүүлжээ.
ТЕГ-Т НЭР ДЭВШИГЧИЙН НЭР ХҮНДЭД ХАЛДСАН ГЭХ ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ ДИЙЛЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Тагнуулийн ерөнхий газарт ч бас сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар нийт 43 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 37 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Мөн Зөрчлийн шинжтэй таван гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүүгийн хэлснээр тагнуулийн байгууллагад бүртгэгдсэн гомдол мэдээллийн дийлэнх хувийг нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан асуудлаар ханджээ. Мөн иргэдээс эд зүйлс өгөх амралтад явуулах байдлаар саналыг нь худалдан авах гэж оролдох, зөвшөөрөлгүйгээр оршин суугаа хаягийг нь өөрчлөх гэж байсан зэрэг гомдол мэдүүлжээ. Гэхдээ сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд иргэдийг үндэслэл бүхий баримт нотолгоотой гомдол мэдээлэл ирүүлэхийг Тагнуулын ерөнхий газраас анхааруулав.
ШААРДЛАГА,
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ