Улсын Онцгой комиссын / УОК/ шуурхай штабаас өнөөдөр /2020.06.15/ мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:
-Өнгөрсөн хугацаанд нийтдээ 22 удаагийн нислэгээр агаар тээврээр 10 мянган иргэнийг татаж авсан байна. Зургадугаар сард нийт найман нислэг үйлдэнэ гэж төлөвлөж байсан ч иргэдийн тоо их байгаа учраас нислэгийн тоог нэмэхээр боллоо.Тодруулбал, энэ сарын 20-нд Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ авчрахаар транзит нислэг буюу дамжин нислэгийг Сөүл хот руу хийхээр болсон гэдгийг дуулгах таатай байна.
Ингэснээр нийт есөн удаагийн нислэгээр 2300 орчим иргэнийг татаж авахаар боллоо. Мөн Монгол Улсын Засгийн газраас АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон. Энэ нь голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг хүргэхээр шийдвэрлэсэн. Энэ тусламжийг зургадугаар сарын 21-нд хүргэж өгөхөөр манай улсаас АНУ руу онгоц нисгэнэ. Уг онгоцоор тус улсаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан иргэдээ татан авах боломж бүрдэнэ. Сиэтл хотоос 250-260 иргэнээ авчирна.
Шуурхай штаб дээр дараа, дараагийн нислэгээр ирэх хүмүүсийн нэрс баталгаажаад дуусч байна. Тухайлбал,
- зургадугаар сарын 17-нд Сөүл (транзит),
- зургадугаар сарын 18-нд Сөүл,
- зургадугаар сарын 19-нд Франкфурт,
- зургадугаар сарын 20-нд Зүүн өмнөд ази руу нислэг үйлдэнэ.
Транзит нислэгүүдийн хувьд зорчигчдын нэрсийг аль болох олон өдрийн өмнө эцэслэн шийдэж тухайн иргэдэд мэдэгдэх нь Сөүл хүртэл зорчиж ирэх боломжоор хангаж байгаа юм. БНСУ-ын тал өмнө нь Монгол Улсаас зорчигч хүлээж авахгүй гэх шийдвэр гаргаад байсан. Үүний дагуу Гадаад харилцааны яам, БНСУ-ын элчин сайдын яам, хууль зүйн яамтай дипломат шугамаар харилцсаны эцэст БНСУ-ын тал албан ёсоор зөвшөөрөл ирүүлсэн. Үүний дагуу монголын талаас эрс нь баталгаажсан хүмүүсийн мэдээллийг харилцан солилцон ажиллаж байна. Харин БНСУ-ын талаас “Инчоны онгоцны буудал дээр тусгай үүргийн нислэг хийгдэх бүрт монгол иргэдийн зүгээс эмх замбараагүй байдал үүсгэж жагсаал цуглаан зохион байгуулсан асуудал ч гарсан. Энэ бүх асуудлыг иргэддээ анхааруулж цаашид энэ байдал үргэлжлэх юм бол транзит нислэгийн зөвшөөрөл өгөхөд хүндрэлтэй байна” гэдгийг мэдэгдсэн. Тиймээс БНСУ-т байгаа иргэд замбараагүй үйлдэл битгий гаргаач гэж хүсч байна.
Хэрэв Монгол Улсад цаашид өндөржүүлсэн бэлэн байдал сунгагдаад явах юм бол дараа, дараагийн хийгдэх нислэгийн төлөвлөгөө бэлэн болчихсон байгаа. БНСУ-д манай улсын олон иргэд ажиллаж амьдардаг. Тиймдээ ч БНСУ-руу хийх тусгай үүргийн нислэг бол хамгийн тэргүүн ээлжид байдаг.
Дашрамд дурдахад, хилийн чанадад орох газар, идэх хоолгүй болж хүндрэлтэй нөхцөл байдалд орсон иргэдийн мэдээлэл судалгааг тогтмол хийж ирсэн. Тусгай үүргийн нислэг анх үйлдэгдэж эхэлсэн цагаас эхлэн дээрх судалгааг хийсээр ирсэн.
Өнөөдрийн байдлаар Турк Улсад байгаа иргэдийн нөхцөл байдал бусад улс бүс нутагт байгаа иргэдтэй харьцуулахад хүнддээ орж байна. Тиймээс Истанбул хотод байгаа Ерөнхий консулын газраар дамжуулан Туркт байгаа 5000 гаруй иргэдийн дунд судалгаа хийж үүнээс хамгийн эмзэг бүлгийг тодорхойлж эдгээр иргэдэд хүнсний дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар Турк улсад байгаа 168 өрхийн 580 гаруй иргэнд дэмжлэг үзүүлсэн. Ингэхдээ тухайн иргэдэд бэлэн мөнгө биш 7-10 хоногт хүнсний бүрэн нөөцөө хангах эрхийн бичиг, картыг өгөх хэлбэрээр туслалцааг үзүүлж байгаа. Энэ ажил цаашдаа үргэлжилнэ” гэв.
Мэдээллийг төгсгөлд УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд нийтдээ 2088 хүн байна. Зургадугаар сарын 20-нд хийх нислэгийн дараа 21 хоногийн хугацаанд тусгаарлах байранд байх хүмүүсийнхээ нарийвчилсан тоог эцэслэн гаргаж Сонгуулийн Ерөнхий хороонд өгнө. Тусгаарлах байранд байгаа хүмүүс халдвартай гэсэн үг биш. 21 хоногийн хугацаанд ажиглаж байгаа хэрэг. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд сонгууль өгөх боломжтой. Харин тухайн үед тусгаарлах байранд байгаа иргэд болон гадаадад байгаа иргэд сонгууль өгөх боломжгүй. Ингэснээр 1300-1500 орчим иргэн санал өгөх боломжгүй болж байгаа” гэдгийг мэдэгдлээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ