Европын орнууд өнөөдөр /2020.6.15/-өөс эхлэн хилээ нээж эхэллээ. Шенгений бүсийн 22 орон дээр Исланд, Лихтенштайн, Норвеги, Швейцарь улсууд коронавирусийн халдвараас сэргийлэн хилээ гурван сарын хугацаанд хаасны эцэст дахин нээлээ. Гэхдээ Испани улс нь хилээ хаасан хэвээр үлдэв. Испани нь зургадугаар сарын 21 хүртэл гадаадын жуулчдыг хүлээж авахгүй гэж мэдэгджээ.
Түүнчлэн улс бүр өөр өөрсдийн нөхцлөөр хилээ нээж байна. Тухайлбал, Грек улс нь Европын холбооны найман орноос зорчигчдыг нисэх буудалдаа хүлээн авах гэнэ. Харин Чех улс нь халдварын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудыг өнгөөр үнэлэн жуулчдыг автозамаар нэвтрүүлэх гэнэ. Дани улс нь Исланд, Герман, Норвегийн жуулчдыг хүлээн авах ч Шведийг хоригложээ. Их Британи, Францад гадаадаас ирсэн зорчигчид 14 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлах ёстой.
Европын Дотоод хэргийн комиссар Ялва Йохансон нь Шенгений бүсийн орнуудыг хилээ зургадугаар сарын 15-аас эхлэн, бусад орнуудыг долдугаар сараас эхлэн нээхийг шаардсан юм. Ингэснээр цар тахлаас болж зогсонги байдалд орсон Европын аялал, жуулчлалын салбарыг зуны улиралд сэргээхийг зорьжээ. Европын эдийн засгийн 10 орчим хувийг соёл, аялал жуулчлалын салбар эзэлдэг аж.
Хил хаахаас өмнө Европын орнуудын хилээр өдөрт 3,5 сая хүн зорчдог байсны 1,7 сая нь ажилчид аж. Эхний ээлжинд хилээр зайлшгүй зорчих шаардлагатай ажилчид болон бараа таваарыг чөлөөтэй нэвтрүүлж эхэлжээ. Шенгений бүсэд 420 сая хүн оршин суудаг.
Эх сурвалж: Reuters