Д.Ганбат бидон тарааснаа тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2015.12.27-нд нийтлэгдсэн

Д.Ганбат бидон тарааснаа тайлбарлав

Сонгуульд нэр дэвших горилогчид хууль үйлчлэхээс урьтаж сонгогчиддоо нүүрс, гурил, бидон сав юм, юм л тарааж амжлаа.

Одоо харин эхнээсээ тайлбар хийж эхлээд байна. Тухайлбал, Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат 40 литрийн багтаамжтай бидон тарааснаа “Хорт хавдар үүсгэдэг хуванцар савыг халах зорилгоор 40-ын бидон тараасан” гэж тайлбарлаад байна.

Химийн бодис агуулж байсан хуванцар савыг наймаачид томоохон худалдааны төвүүдээр дамжуулан худалддаг. Түүнийг нь монголчууд өргөнөөр ашигладаг. Хотынхон ундны усаа, хөдөөгийнхөн сүү цагаан идээгээ хийдэг.

Хуванцар савыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид хийж худалдаанд гаргахгүй болохоор арга буюу үнэ хямдыг нь бодож авдаг. Гэтэл өнөөх нь эрүүл мэндэд хамгийн хортой бүтээгдэхүүн болох нь мэргэжлийн хяналтын байгууллагууд тогтоосон. Энэ асуудлыг гурван жилийн өмнөөс тавьж, хэвлэлүүд олонтаа бичиж байгаа ч харамсалтай нь ундны ус агуулах төмөр савыг одоо хэр нь хийж эхлээгүй байна.

Хуучин сум бүрт Ахуйн үйлчилгээний төв байхад нимгэн цагаан төмрөөр усны сав хийж, иргэд түүнийг худалдан авч ахуйн зориулалтаар ашигладаг байсан. Одоо энэ ажлыг хувийн хэвшлийнхнээс нэг нь шүүрч аваад хүний эрүүл мэндэд хоргүй төмөр лааз ч болтугай үйлдвэрлэн худалдаанд гаргавал улс даяараа л худалдаж авах аян өрнөнө.

Түүнээс нэг гишүүн нэр дэвшихийн тулд бидон сав бэлэглээд хорт хавдартай тэмцэхгүй ээ.

Д.ДОЛГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж