
Сүүлийн үед Мьянмарыг цөмийн зэвсэг боловсруулахыг оролдож байна гэсэн байр суурийг АНУ-ын эрх шинжээчид илэрхийлэх болсон. Үүнтэй холбоотой хамгийн сүүлийн хэрэг явдал өнгөрсөн зургаан сард болжээ. Мьянмараас оргосон пуужингийн инженер Сай Тэйн Уин гэгч өөрийгөө тус улсын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн тухай мэдлэгтэй бөгөөд Умард Солонгосын туслалцаатайгаар ажилладаг “Цөмийн батальон” гэгч нууц үйлдвэрт очиж байснаа ярьжээ. Үүний дараа өнгөрсөн долдугаар сарын 20-ны өдөр тус цөмийн байгууламжийг сансраас авсан гэрэл зураг олны хүртээл болж, барууны хэвлэлүүдэд цахим тагнуулын үйл ажиллагаа, сансрын хиймэл дагуулаас авсан зургийн тусламжтайгаар баттай нотолгоо олж авсан тухай мэдээлсэн юм.
Энэ бүх мэдээлэл нь АНУ-ын Төрийн департаментын зүгээс Мьянмарын цэргийн дэглэмээс цөмийн технологийнхоо тухай мэдээллийг нийтэд дэлгэхийг шаардах үндэслэл болжээ. Мөн Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (ОУЦЭХА)-т АНУ-ыг төлөөлж байсан Р.Келли Мьянмараас оргон зайлсан мэргэжилтэн бүрэн дүүрэн нотлох баримт гаргаж ирсэн тухай мэдэгдсэн юм. Тэрбээр “Тэд цөмийн реакторын түлш үйлдвэрлэх зорилгоор ажиллаж байж болох боловч түүнийг нь өөр орноос хавьгүй хямд өртгөөр худалдан авах боломжтой. Нэг бол тэд нууцаар цөмийн зэвсэг хийхээр оролдож байна. Бөмбөг л хийхгүй юм тэр бүхнийг хийх шаардлага байхгүй” гэж Р.Келли тайлбарлажээ.
Барууны эрх баригчид өөрт нь олдсон багахан мэдээлэлд түшиглэн ОУЦЭХА-аас мөрдөн шалгах ажил эхлүүлэхийг хүсч байгаа аж. Учир нь АНУ-ын тагнуулынхан Умард Солонгос цөмийн зэвсэг, пуужингийн технологио экспортлож байна гэж хардах үндэслэлтэй. Мьянмар, Умард Солонгосын хооронд сүүлийн жилүүдэд харилцаа эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал, Умардын мэргэжилтнүүд Мьянмарт газар доорх нууц байгууламж барихад нь сүүлийн хэдийн жилийн турш тусалсан тухай мэдээлэл бий. Энэ бүхнийг АНУ-ын Төрийн департаментаас анхааралтай ажиглаж байгааг мэдэгдсэн юм.
Вашингтоны эрх баригчид Мьяанмарыг цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээг баталсан тул хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж үздэг. Гэвч үнэхээр тийм төрлийн зэвсэг боловсруулж байна гэх хардлагын хувьд тус улсад цэргийнхэн эрх барьж эхлэхээс хавьгүй эрт цөмийн технологио боловсруулж эхэлжээ. Бирмийн цөмийн технологийн анхны мэргэжилтнүүд 1950-аад оны эхээр Лондон, Вашингтонд суралцаж эхэлсэн юм. Харин тэр үед Бирмийн эрх баригчид үед барууныханд илүү талтай тэдэнд үнэнч байсан тул Вашингтоны эрх баригчид энэ талаар санаа зовдоггүй байж.
Мьянмарын эрх баригчид барууны шинжээчдийн дүгнэлтийг үүрэгт ажлаасаа оргон зайлсан, цагаач, дүрвэгч нарын элдэв шүүмжлэлд тулгуурласан гэж мэдэгдсэн байна. Мьянмар үнэхээр цөмийн зэвсэг боловсруулж буй эсэхэд эргэлзээтэй талууд ч байдаг. Учир нь хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай Мьянмарын технологийн мэргэжилтнүүдийн түвшин тун доогуур тул зөвхөн гадны мэргэжилтнүүдийн удирдлага дор хийх бололцоотой. Мөн эрх баригчид нь үнэхээр тийм зэвсэг боловсруулж байгаа юм бол дарангуйлагч дэглэмтэй бусад оронтой харьцуулахад уг хөтөлбөрийнх нь PR бодлого эрс ялгарч байна. Тухайлбал, Ираны эрх баригчид уг салбарт олсон амжилтынхаа талаар байнга зарлан тунхаглаж, түүнийгээ дөвийлгөх хандлагатай байдаг. Тиймээс Мьянмарын эргэн тойронд геополитикийн том хэмжээний шатрын өрөг тавьж байна гэж үзэж болно. Барууны болон Энэтхэгийн эрх баригчдын хувьд Мьянмарын авторитар дэглэм Хятадтай улам дотносч буй нь таалагддаггүй. Тайланд, Мьянмар хоёр мөн хоорондоо зөрчилдөөнтэй. Тиймээс Мьянмарын эсрэг мэдээллийн дайн өрнөж байна гэж үзэх үндэслэлтэй юм.
Мьянмар цөмийн зэвсэгтэй болох гэж байна гэсэн мэдээлэл тархсан нь тус улсын генералууд өөрсдийнхөө статусыг өсгөх гэсэн оролдого байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Мьянмар цөмийн технологийн хувьд юу хийж буйг сайтар хянах хэрэгтэй боловч тус улсыг цөмийн зэвсэг бүтээхийн босгон дээр байна гэж үзэхэд бэрх юм. Энэ дуулианыг өдөөхдөө Барууны орнууд Умард Солонгосыг цөмийн зэвсэг болон пуужингийн технологи экспортлож байна гэж буруутгах зорилго агуулсан байж болох юм.
Энэ бүх хэрэг явдал цаашид хэрхэн өрнөхөд нөлөөлөхүйц нэг чухал сэжүүр байгаа юм. Үүнд Сай Тэй Уин нь Мьянмараас оргон зайлж, тус улсыг цөмийн зэвсэг боловсруулж байгаа тухай мэдэгдсэн анхны хүн биш бөгөөд сүүлчийнх нь ч биш бололтой. Гэхдээ тэдгээр оргон зугтагсдын дотроос тэрбээр ОХУ-д пуужингийн технологид суралцсан гэж мэдэгдсэн анхных нь юм.
Д.МӨНХБОЛД
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин-