Парламентын сонгуулийн сурталчилгаа эцсийн шат руугаа орж байна. Хуульд заагдсан сурталчилгааны хугацаа зургадугаар сарын 2-нд эхэлсэн боловч үнэндээ сонгууль угтсан албан бус сурталчилгаа аль өнгөрсөн жилээс эхэлсэн. Сурталчилгааны гол мессеж нь болохгүй байгаа бүхнийг өөрчлөх хэрэгтэй байна, энэ өөрчлөлтийг би, бид хийж чадна гэх агуулга. Өөрөөр хэлбэл, давж болох байсан хүчин зүйлийг давж чадахгүй байгаа учраас одоо би, бид давуулаад өгье гэж байна.
Сонгуульд өрсөлдөгчдийн сурталчилгааг ажихад ерөнхий хэдэн хандлага байна. Эрх баригч МАН-ы хувьд өнгөрсөн 2016-2020 онд бид болохгүй байсан бүхнийг засаад янзлаад горимонд нь оруулж байна, одоо үүнийгээ улам сайжруулна гэнэ. Үнэмлэхүйгээр засагласан дөрвөн жилдээ ЖДҮ сангаар дамжуулан төсвийн мөнгийг луйвардсанаа, уул уурхайг нийгэмчлэхээр улайрч гадаадын хөрөнгө оруулалтыг улам үргээснээ, эдийн засагт эргэлдэж байгаа хар мөнгөний эх үүсвэрийг хчнаж чадахгүй байсаар Хар жагсаалтад оруулснаа, дипломатчид нь хар тамхины сүлжээнд татагдан орсноо, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг улам боомилж байгаагаа ч цаашид улам гүнзгийрүүлэх бололтой.
Сөрөг хүчин АН-ын хувьд өмнө өгүүлсэн МАН-ын сул цэгүүдэд цохилт өгөх санаатай ч өөрсдөд нь АН-ынх нь үндсэн мөн чанар, үзэл санааг тээж чадаж байгаа эсэхэд эргэлзсэн сонгогчдын эргэлзээг тайлах хангалттай үндэслэл гаргаж тавьж чадахгүй, олигархижсан нийгэм бүтээхэд оролцсоноо өнгөлөн далдлах эрмэлзэлтэй байна.
Үхсэн буурын толгой мэт болсон Н.Энхбаяраар сурталчилгааны гол фоноо хийсэн МАХН голлосон “Та бидний эвсэл” МАН-АН хоёроо онилж, дундуур гүйчих тактиктай.
“Зөв ХҮН Электорат” эвслийн хувьд барууны боловсрол эзэмшсэн ХҮН-ын хэдэн залуусаа урдаа барин гурав дахь хүчин болон далд хүсэлтэй байгаа ч Электорат хөдөлгөөний зөв ч юм шиг, буруу ч юм шиг хөгшчүүлдээ 2016 оныхтой адил молигодуулахгүй гэх баталгаа үгүй.
Энэ сонгуулийн онцгой нэгэн зүйл нь яах аргагүй бие даагчид. Нийтдээ бие даагч 121 хүнд СЕХ сонгуульд өрсөлдөх эрх өгчээ. Бараг бүх тойрогт бие даагч өрсөлдөхөөс хамгийн их нь 12 бие даагчтай Банязүрх дүүргийн тойрог байна. Бие даагчдын сонгогчдодоо өгч байгаа гол мессеж нь “Монголыг засаглаж ирсэн улс төрийн намууд Монголыг засаглаж чадаагүй, одоо эдгээр улстөрчдөд итгэх хэрэггүй, хангалттай” гэсэн мессэж. Өөрөөр хэлбэл, давж чадах хүчин зүйл байсаар байтал давж чадахгүй байгааг бид давуулна гэсэн амлалт. Сонгогчдын дийлэнх хэсэг өнөөг хүртэл ил байсан улстөрчдөд итгэл алдарсан эдгээр бие даагчдад итгэл найдвар төрүүлж байгаа нь үнэн. Гуравдагч хүчний орон зай Монголын улс төрд бий, тэр орон зайг эзлэхийн төлөө олон нам өнгөрсөн хугацаанд төрж байсан, гэвч тэдгээр нам өнөөг хүртэл биеэ үнэлэгч жижиг нам хэвээр байгаа нь гашуун үнэн. Улс төрийн намд итгэл хүлээлгэж, намаар дамжуулан төрийн эрхийг иргэд засагладаг тогтолцоотой боловч сонгогчдын өгсөн итгэлийг намууд хөсөрдүүлсэн учраас одоогийн энэ сэтгэл ханамжгүй байдал бий болсон. Сонгогчдын саналаар дамжуулан эрх мэдэлд хүрэх хэнбугай нь энэ орон зайг ашиглахыг оролдох нь ойлгомжтой.
29 тойрогт 606 нэр дэвшигч энэ жилийн сонгуульд горилж байгаа нь нэг тойрогт дунджаар 20 нэр дэвшигч ногдож байна. Бүгд шударга, зөв, бүхнийг засч залруулж чадах гайхамшигтай эрдэм чадалтай гэдгээ нотлохыг оролдож байна.
20-30 зөв хүнээс жинхэнэ зөв 2-3-ыг сонгох амаргүй сонголтыг сонгогчид 10 хоногийн дараа хийх болох нь. Сонгогчдын төлөв байдлын талаарх Монголд хийгдэж байсан судалгаануудаас харахад сонгогчдын 30 орчим хувь нь итгэл үнэмшлээрээ улс төрийн сонголтоо хийчихсэн байдаг. 40 гаруй хувь нь сонгуулийн санал хураалтаас өмнөх сар гаруйн хугацаанд буюу сурталчилгааны үеэр сонголтоо хийдэг. Харин 10 гаруй хувь нь санал хураах байранд очоод таамгаар шахам хийдэг гэжээ. Энэ жилийн хувьд намууд залуучуудад илүүтэй найдлага тавьж, залуу сонгогчдод зориулсан сурталчилгааг сошиал сүлжээнд суурилан олон төрлөөр хийхийг чармайж байна. Энэ сурталчилгаа байгаа онох эсэх нь зургадугаар сарын 24-нд харагдана.
Намуудын сонгуулийн сурталчилгааны хар үе өнөөдрөөс эхэлж, сурталчилгаа зогсох зургадугаар сарын 22-нд оргилдоо хүрнэ. Өнгөн дээрээ шударга, ёс зүйтэй өрсөлдөхийг бүгд уриалж байгаа ч эцсийн сум нь дандаа хор шингээсэн байдаг уламжлал энэ удаа ч нэг их зөрөхгүй биз.
Өнгөрсөн долоо хоногт Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөл сонгогчдод хандан уриалга гаргасан нь хор шингээсэн сумны нэг байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн халаасанд байдаг энэ холбоо сонгогсдод хандан хэнийг сонгохгүй байх ёстой сануулжээ. Уг уриалгын үг бүрийг анхааралтай уншиваас төрийн тэргүүний хүслийг тааж болох ажээ. Уг уриалгад “Төгөлдөршөөгүй сонгуулийн тогтолцооны үр дүнд төлөвшөөгүй улс төрийн гол намууд шударга ёс, хөөсрөөгүй хөгжил, үндэсний эрх ашгаа эрхэмлэхээс илүүтэй засаглал, эдийн засгийн стратегийн нөөцүүдийг хуйвалдан атгацгааж нийгмийн бүх салбарыг доройтуулсан нь аюул сүйрэл мөн. Аюул сүйрлийг СОНГУУЛИЙН ХУВЬСГАЛ-аар гэтлэн давахыг Монголын Ардчилсан холбоо өнгөрсөн хоёрдугаар сард анхааруулсан билээ. Бид байр сууриа дахин нотлохын хамт анхны Ерөнхий зохицуулагч С.Зориг агсны “Нэгдүгээрт, үндэсний, хоёрдугаар, нам бүлгийн, гуравдугаарт, хувийн эрх ашиг эрэмбэлэгдэх ёстой” гэсэн сургаамжийг дээдлэн оффшорчид, төрийн сангуудыг цөлмөгчид, угсаа гарал, иргэншил нь ээдрээтэй элэг буруу этгээдүүд, төрийн албыг схемчлэн арилжаалагчид, хуйвалдаан санхүүжүүлдэг банк, корпорацуудын төлөөлөл, гадны эрх ашгийг далдуур хамгаалагчид, үзэл бодол нь үл нутагших хийрхэгчид, ёс зүйгүй, ужгирсан улстөрчид, гэмт үйлдлүүдээ эс огоорон хууль шүүхээс хулжигсдыг нам үл харгалзан сонгохгүй байхыг нийт иргэд, гишүүддээ хандан албан ёсоор уриалж байна. Монголчуудаа! Мөнгө, худал амлалтад дахин хуурталгүй хэрсүүжсэн сонголт хийж, Монгол улсынхаа дэнжигнэсэн хувь заяаг бодитой аваръя” гэжээ.
Энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгч Х.Баттулгын эргэн тойрноос 10 илүү хүн нэр дэвшиж байгаа нь сонгуулийн хувьсгал хийх хүмүүс ажээ.
Уг нь сонгуулийн биш сонгогчдын хувьсгал Монголд хэрэгтэй. Сонгууль дөхөхөөр л сонгогчдод хайр зарладаг улстөрчид ямар ард түмэн байна тийм улстөрчид гардаг хэмээн өөрсдийгөө зөвтгөдөг улстөрчид иргэдийнхээ тархитай нь биш ходоодтой, халаастай нь ажилласаар ирсэн. Сонгуулийн жил бэлэн мөнгө түгээлт дээд цэгтээ тулдаг нь үүний тод жишээ. Энэ жил коронагаар далимдуулан сонгуулийн бэлэн мөнгөний хахууль цэвэрхэн хийгдлээ.
Холбоотой мэдээ