Дөрвөн удаагийн нислэгээр 962 иргэн эх орондоо иржээ

Хуучирсан мэдээ: 2020.06.15-нд нийтлэгдсэн

Дөрвөн удаагийн нислэгээр 962 иргэн эх орондоо иржээ

Дөрвөн удаагийн нислэгээр 962 иргэн эх орондоо иржээ

Дэлхийн өнцөг булан бүрээс Монголдоо буцах хүсэлт гаргасан 11.600  гаруй иргэн байна. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буй. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хилээ хааснаас хойш 10 мянга орчим иргэн эх орондоо ирснийг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн. Тэднийг тусгай нислэг болон газраар татан авах ажлыг шат дараалан зохион байгуулсан билээ.  Цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосон ч Засгийн газраас хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ шат дараатай татан авч байгаа юм.

Энэ сард нийт найман удаагийн нислэгээр 2000 орчим иргэнээ татан авах тооцоо байна. Гэхдээ тусгай үүргийн нислэгийн товд өөрчлөлт орж Австрали улсын Сидней хот руу түүхэндээ анх удаа онгоц хөөргөсөн билээ. Одоогоор дөрвөн удаагийн нислэгээр 962 иргэн эх орондоо иржээ.

АВСТРАЛИ УЛСААС 262 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЭВ

Зургадугаар сарын 6-7-нд шилжих шөнө Австрали улс руу анх удаа онгоц хөөргөж Сидней хотоос иргэдээ татан авчирлаа. Уг нислэг замдаа Филиппин Улсын Сэбү хотод түр зогсон сумлах хугацаандаа тэнд гацаад буй 29 иргэнийг авсан бөгөөд нийт 262 иргэн эх орондоо ирээд байна. Тодруулбал, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос зургадугаар сарын 8-нд  орон нутгийн цагаар 07:40 цагт хөөрч 20:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан юм. Энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд Австрали тив рүү анх удаа үйлдсэн нислэг гэдгээрээ онцлог.

Онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй 2, эрүүл мэндийн шалтгаантай 26, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 64 /нэг хүн визний зөрчилтэй учир үлдсэн/, Филиппин Улсын Сэбү арлаас 29, нийт 262 иргэн эх орондоо ирж, эмнэлгийн ажиглалтад байгаа юм.

Зургадугаар сарын 10-нд Бүгд найрамдах Казахстан улсаас монгол иргэдээ авчрах тусгай үүргийн Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн ОМ7168 аяллын дугаартай агаарын хөлөг "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас 08:01 минутад хөөрсөн бөгөөд  Улаанбаатарт орой 19:00 цагийн орчимд газардсан билээ. Хоёр дахь удаагийн тусгай үүргийн нислэгээр 184 хүн эх орондоо ирсэн юм.

Зургадугаар сарын 11-нд  Хилийн чанад дахь монгол иргэдээ авчрах тусгай үүргийн ээлжит онгоц Токио хот руу "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас 08.09 цагт хөөрсөн билээ. Онгоц 19:15 цагт Улаанбаатарт газардаж 258 иргэн эх орондоо ирсэн юм. Уг нислэгээр бага насны хүүхэдтэй 52  гэр бүл, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13 хүн, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20,  мөн 86 оюутан тус тус ирж, эмнэлгийн ажиглалтад ороод байна.

ЭНЭТХЭГ УЛСААС 229 ЛАМХАЙ НАР ИРЛЭЭ 

Зургадугаар сарын 13-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өглөөний 07:58 цагт газардаж 258 иргэн эх орондоо ирээд байна. Уг нислэгээр Энэтхэг улсын Лао  хотоос 229 ламхай, зургаан лам багш, зургаан иргэн багтсан бөгөөд тусгай үүргийн нисэх онгоц Лаос  улсад гацсан 10 иргэнээ татан авчирсан юм. Тусгай үүргийн нислэг өнгөрсөн баасан гаригт буюу зургадугаар сарын 12-нд Энэтхэг улс руу хөөрсөн билээ.

 

Дараагийн нислэгээр зургадугаар сарын 17-нд Сөүл хот руу транзит тээврээр  250-270 иргэнээ татан авахаар төлөвлөсөн бөгөөд хуваарьт өөрчлөлт ороогүй байна. Мөн зургадугаар сарын 18-нд Сөүл хотоос 270 орчим иргэнээ тусгай үүргийн нислэгээр татан авах тооцоо гарчээ. Ээлжит тусгай үүргийн нислэг зургадугаар сарын 19-нд Франкфурт хот руу хөөрөх хуваарьтай байна. Уг нислэгээр мөн 250-267 иргэнээ эх оронд нь татан авах тооцоо гарчээ. Харин зургадугаар сарын 25, 28-нд нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч чиглэл нь тодорхой болоогүй байгаа аж.

 

Засгийн газар, Улсын онцгой комиссоос тусгаарлах байрны нөөц боломжид тулгуурлан гадаад дахь иргэдээ татан авах ажлыг шат дараалан зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Энэ хүрээнд зургадугаар сард гадаадаас 2000 орчим иргэнээ татан авахаар төлөвлөсний ийнхүү тал нь эх орондоо ирээд байна.

Б.ЦЭЦЭГ

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж