Өглөө, орой автобусны буудал “манаж”, товлосон чиглэлдээ амжиж суухаар уралдан гүйлддэг мянга мянган үйлчлүүлэгчийн нэг нь би. Тиймдээ ч нийслэлийн нийтийн тээврийн алдаа, оноог андахгүй. Нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах гэж нийслэлийн удирдлагууд бишгүй л хичээн ажиллаж буй. Тухайлбал, цахим картын систем нэвтрүүлсэн. U-money буюу цахим картын системд иргэд дасах гэж тодорхой хугацаа өнгөрч, хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан. Харин одоо нийтийн тээврээр үйлчлүүлдэг ихэнх иргэд бэлэн мөнгө гэхээсээ илүүтэй U-money картаараа зорчоод дасчихжээ. Цахим карт нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрсэн хэдий ч нийтийн тээврийн үйлчилгээ төдийлөн иргэдийн сэтгэлд нийцэхгүй хэвээр байна. Дуу чимээ ихтэй, хар утаа суунаглаж, бохир, хэзээ мөдгүй салж унах гэж байгаа нь нүдэнд илт харагдах болжээ.
Нийтийн тээврийн газарт 1200 гаруй автобус бүртгэлтэй байгаагаас өдөр бүр 930-940 автобус их, дунд угсраа буюу троллейбус иргэдэд үйлчилдэг. Харамсалтай нь, 1200 автобусны 80-аас дээш хувь нь наймаас дээш жилийн насжилттай.
Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн насжилт нь 12 жил болоход үйлчилгээнээс хасагддаг журамтай. Үүний дагуу одоо үйлчилгээнд явж буй автобуснууд 2021 онд үйлчилгээнээс хасагдана гэсэн үг юм.
Тиймээс 2020-2021 оныг нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж, 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулах, хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ хэмээн нийслэлийн удирдлагууд ам гарсан.
ХОЁР ДАВХАР АВТОБУС НИЙТ 70 ХҮНИЙ СУУДАЛТАЙ
Тэгвэл нийтийн тээврийн үйлчилгээнд явах хоёр давхар цахилгаан автобусыг өчигдрөөс /2020.06.14/ эхлэн туршиж эхэллээ. Тодруулбал, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-аас урьдчилгаа 20 хувийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг Монголын хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банкны санхүүгийн зургаан жилийн хугацаат зээлийн эх үүсвэрээр хоёр давхар цахилгаан автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, 4 ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр болсон нь энэ юм.
АВТОБУСНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙГ ШАТ ДАРААТАЙ ХИЙНЭ
Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.
–Нийтийн тээврийн үйлчилгээг зундаа хэт халуун, өвөлдөө хөргөгч шиг хүйтэн, хүнээ ч багтаах зайгүй болдог хэмээн сэтгэл дундуур иргэд дэндүү олон. Тиймээс хотын түгжрэлийг бууруулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний соёл, хүртээмж, түргэн шуурхай байдал нь байнгын хөндөх сэдэв болсоор ирсэн. Нийслэлийн зүгээс энэ асуудалд ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?
-Улаанбаатар хотын нийтийн тээвэр бол том салбар. Өдөртөө тогтмол 600-650 мянган зорчигчид /давхардсан тоогоор/ 900-950 автобус, троллейбусаар үйлчилж байна. Сүүлийн арван жил энэ салбарт парк шинэчлэлт огт хийгдээгүй, хүрэлцээ, үйлчилгээ муу талаар иргэдээс гомдол, санал их ирдэг. Тиймээс нийслэлээс энэ онд нийтийн тээврийн салбарыг шинэ шатанд гаргахаар төлөвлөж, аль хэдийн бэлтгэл ажлууд хийгдээд явж байна. Өчигдрөөс эхлэн цахилгаан хоёр давхар автобусыг туршилтаар явуулж эхэллээ. Нөгөөтэйгүүр таксины үйлчилгээг сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 598 такси үйлчилгээнд явдаг. Олон улсын стандартаар Улаанбаатар хотод 3-4 мянган такси шаардлагатай. Тиймээс эхний ээлжинд энэ жилдээ багтаан 1000 таксигаар парк шинэчлэл хийчих юм бол нийтийн тээврийн ачааллыг бууруулах нэг шийдэл болох юм. Төр хувийн хэвшлийн түнлэлийн хүрээнд энэ төслүүдийг хөдөлгөнө.
-Хоёр давхар цахилгаан автобусны үзүүлэлт болон хүчин чадлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Хоёр давхар, цахилгаан автобус нь удахгүй нийтийн тээврийн үйлчилгээнд маршрутын дагуу явж эхэлнэ. Энэ нь 100 хувь цахилгаанаар ажилладаг автобус. Нэг цэнэглэлтээрээ хоёр өдрийн рейст гарах боломжтой буюу 400 км явах хүчин чадалтай.
Жилийн дөрвөн улиралд иргэдэд үйлчлэх боломжтой, зундаа сэрүүцүүлэгчтэй, өвөлдөө халаагууртай юм.
Хоёр давхар автобус нийт 70 хүний суудалтай бөгөөд 4.2 метр өндөртэй гэдэг нь одоо үйлчилгээнд явж байгаа автобуснуудаас 1.14 метрээр л өндөр гэсэн үг. Тухайн үйлдвэрийн цахилгаан автобус буюу хүүхдийн сургуулийн автобусыг "Зорчигч тээвэр-3" ОНӨААТҮГ Улаанбаатарт оруулж ирээд жил гаруйн хугацаанд 48 мянган километрт туршилт хийсэн. Асуудал гараагүй.
– Өнгөрсөн 2019 онд иргэдэд хамгийн их таалагдсан зүйл бол хүүхдийн сургуулийн автобус байсан. Парк шинэчлэлийн хүрээнд удахгүй хүүхдийн 200 автобус ирнэ гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Сургуулийн автобусыг туршилтаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн 29 сургуулийн 33 чиглэлд 40 автобус явуулж эхэлсэн.Зөвхөн сурагчдад зориулсан тусгай чиглэлийн тав тухтай, аюулгүй байдлыг хангасан 40 автобус үйлчилсэн. Хичээл амрахад буюу арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн статистик тоо баримтыг харахад давтагдсан тоогоор 115 мянган хүүхэд сургуулийн автобусаар үйлчлүүлсэн. Үр дүнд нь дээрх тооны хүүхдүүдийг зам тээврийн осол, аливаа төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан гэж хэлж болно. Мөн эцэг, эхчүүд тайван ажлаа хийх боломж нөхцөлөөр хангаж, хотын түгжрэлийн асуудалд тодорхой тооны хэвь нэмрээ оруулсан нь харагдсан.
Тиймээс болж өгвөл энэ сардаа багтаад хүүхдийн 200 автобусны эхний хэдийг оруулж ирэхээр яригдаж байна. Одоогоор нийтийн тээвэрт явж байгаа автобусуудыг хүүхдийн автобусны үйлчилгээнд явуулж байгаа. Шинээр авахаар яригдаж байгаа 200 автобус нь хүүхдэд зориулагдсан,тусгай стандартын дагуу байх юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ