&#34Монголын үзэгчдийн алга ташилтыг мэдрэх сайхан байна&#34

Хуучирсан мэдээ: 2015.12.26-нд нийтлэгдсэн

&#34Монголын үзэгчдийн алга ташилтыг мэдрэх сайхан байна&#34

Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар тоглогдож буй “Цөмөөхэй” балет маргааш/12.27/ хаалтын тоглолтоо хийх юм. Энэхүү тоглолтод ОХУ-ын балетын гоцлооч, "Большой" театрын гоцлол бүжигчин Губанова Анастасиа уригдан тоглож байна. Түүнтэй тоглолтын дараа цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө тоглолтын талаар сэтгэгдлээ хэлнэ үү. Монголын дуурийн тайзан дээр бүжиглэх ямар санагдсан бэ?

-Миний хувьд анх удаа Монголд ирлээ. Энэ удаа “Цөмөөхэй” балетын Амттаны дагины дүрд тоглож байна. Тоглолтын тухайд үнэхээр сонирхолтой байлаа. Монголын үзэгчдийг хараад сэтгэл хөдөллөө. “Цөмөөхэй”-д тоглож буй хүүхдүүд маш сайн бэлтгэлтэй байна. Тиймээс надад сандрах зүйл бага байлаа. Гэхдээ Монголын дуурь, бүжгийн театрын тайзан дээр тоглож байгаа нь сайхан байна. Надад үнэхээр сайхан мөчийг үлдээж чадлаа. “Цөмөөхэй”-н сүүлийн тоглолтод надаас гадна Н.Алтанхуяг, Буриадын бүжигчид ч тоглож байна. Өнгөрсөн онд Японы балетчид хамтран тоглож байсан гэсэн. Энэ жил биднийг урьж тоглуулж байгаад баяртай байна. Тиймээс би Н.Алтанхуягийн урилгыг дуртайяа хүлээн авсан.

-Таны хувьд “Большой” театрт хэдэн жил ажиллаж байна вэ? Дахин манай улсад ирж тоглох уу?

-Би “Большой” театрт таван дахь жилдээ ажиллаж байна. Мэдээж ирэх онд урих бол дуртайяа тоглох болно. "Цөмөөхэй" балетыг “Большой” театрт тавьж байгаа тавилтаас өөрөөр тоглож байгаа нь таалагдаж байна. Балетын тавилтууд адилхан байхаас илүүтэй өөр өөр байх нь илүү сонирхолтой санагдлаа. Тиймээс сүүлийн хоёр тоглолтод оролцож байгаа ч гэсэн их сайхан сэтгэгдэл төрүүлж байна.  

-Таны хувьд манай улсаас өөр орны театрт тоглож байсан уу? Монголын үзэгчидэд хандаж юу хэлэх вэ?

Би "Москва" театрт тоглож байгаад “Большой” театрт ирсэн. Миний хувьд Монголын театр гадаадад тоглож буй анхны театр боллоо. Энэ мөч надад маш сайхан дурсгалтайгаар үлдэнэ. Яагаад гэхээр шинэ оны өмнөхөн “Цөмөөхэй”-д тоглож байгаа минь сайхан байна. Тэр дундаа Монголын үзэгчдийн алга ташилтыг мэдрэх сайхан байлаа. Ирэх оны эрч хүчийг өгсөн сайхан тоглолт боллоо. Тиймээс та бүхнийг маргаашийн тоглолтод амжиж ирээсэй гэж хүсэж байна.


НЭМЭЛТ: МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар тоглогдож буй “Цөмөөхэй” балетын хаалтын тоглолтод УДБЭТ-ын уран бүтээлчид, авьяаслаг хүүхдүүд, урилгаар ОХУ-ын балетын гоцлооч ОХУ-ын Большой театрын гоцлол бүжигчин Губанова Анастасиа, Буриад улсын Ардын жүжигчин Гомбо Цыденисаповагийн нэрэмжит дуурийн театрын гоцлол бүжигчин Жамбалов Баир Цырендоржиевич, Буриад улсын Гавьяат жүжигчин Балдонова Лия Валерьевна нар оролцож байна. Маргааш/12.27/ УДБЭТ-ын тайзнаа 17.00 цагаас хаалтын тоглолтоо хийх учраас та бүхэн амжиж сонирхоорой.

Тасалбарын үнэ: Бельэтаж: 20000₮, 40000₮, Партер: 85000₮, Ложа: 90000₮
Хаанаас: Тасалбарыг  www.easyticket.mn сайтаар, 1900-1188 лавлах дугаарт залган үнэгүй хүргүүлээрэй.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж