Монголын хүндийн өргөлтийн холбооны шүүгч Л.Одгэрэл олон улсын 1-р зэргийн шүүгч болжээ. Тэрбээр өнгөрсөн сард АНУ-д болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр олон улсын шүүгчийн зэрэг ахиулах шалгалтыг өгсөн байна.
Олон улсын 1-р зэргийн шүүгч болсноор олон улсын хүндийн өргөлтийн бүх тэмцээн болон Олимпийн наадамд шүүгчээр ажиллах эрхтэй болдог байна.
Л.Одгэрэлийн хувьд Монголын хүндийн өргөлтийн холбооны анхны эмэгтэй 1-р зэргийн шүүгч төдийгүй эмэгтэй дасгалжуулагч, олон улсын медальтан гээд олон анхдагчын нэг юм. Тэрбээр өдгөө Сүхбаатар аймгийн БТСГ-т мэргэжилтэнээр ажиллаж байгаа бөгөөд зүүн бүсэд хүндийн өргөлтийн спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байна. Энэхүү спортыг орон нутагт хөгжүүлэхэд анхааран ажиллаж буй эмэгтэй шүүгч, дасгалжуулагч болж байгаа нь мөн л анхдагч аж.
Дашрамд дуулгахад, АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ 11 дүгээр сарын 23-29-ний өдрүүдэд болсон. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсоноос эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд М.Анхцэцэг VIII байрт орсон юм. Энэ жил 18 настай М.Анхцэцэг энэхүү амжилтаараа “Бөртэ чоно” наадмын шилдэг залуу тамирчны шагналыг хүртсэн.
Ч.БОЛОР