The Voice of Mongolia-2 шоуны ялагчаар Х.Ядам тодорлоо

Хуучирсан мэдээ: 2020.06.14-нд нийтлэгдсэн

The Voice of Mongolia-2 шоуны ялагчаар Х.Ядам тодорлоо

The Voice of Mongolia-2 шоуны ялагчаар Х.Ядам тодорлоо

НЭМЭЛТ:

“The Voice of Mongolia-2” шоуны финалын шат өнөөдөр /2020.06.14/ үзэгчдэд хүрч, үндэсний ялагчаар Х.Ядам тодорлоо. Тэрбээр финалын шатанд шилдэг оролцогч Б.Оюутай тунан үлдэж, нийт санал хураалтын 58 хувийг авч, ялагч болсон юм.

Шүүгч дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг оролцогч Х.Ядам ялагч болсноор уран бүтээлийн гэрээ байгуулах эрхтэй болж, түүнд Францын алдарт “Renault” брэндийн “KAPTUR” загварын автомашиныг бэлэглэхээр боллоо.

Шоуны финалд шилдэг оролцогч Э.Дашням, Г.Эрмүүн, Х.Ядам, Б.Оюу нар олон залуусыг ардаа орхин тунаж үлдээд  байсан билээ.

Дашрамд мэдээлэхэд, The Voice of Mongolia-3 шоуны гуравдугаар улирлын бүртгэл маргаашаас эхэлж байна.

А.СҮРЭН


Э.Дашням: Анх удаа гадаад дуу дуулсан

"The Voice of Mongolia-2 шоуны финалын шат өнөөдөр /2020.06.14/ үзэгчдэд хүрнэ. Шоуны финалд шилдэг оролцогч Э.Дашням, Г.Эрмүүн, Х.Ядам, Б.Оюу нар олон залуусыг ардаа орхин тунаж үлдээд байгаа билээ. Ингээд шилдэг дөрвөн оролцогчоос дараах гурван асуултад хариулт авснаа хүргэе.


Э.ДАШНЯМ: АНХ УДАА ГАДААД ДУУ ДУУЛСАН

-Өнгөрсөн хагас шигшээ тоглолтоор гадаад дуу дуулсан нь олны шүүмжлэлд өртсөн. Гадаад дуу дуулахад хүндрэлтэй байв уу. Өөрийгөө финалд үлдэнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

-Гадаад дуу дуулахад хүндрэлтэй байсан. Анх удаа гадаад дуу дуулж үзсэн. Цаг хугацаа богинохон байсан учраас өөрийгөө маш их дайчилсан. Финалын шатанд үлдэхдээ тийм ч итгэлтэй байгаагүй ээ.

Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, удирдаач Б.Дамдинсүрэнгийн зээ хүү гэсэн. Өвөөгийнхөө талаар ярихгүй юу. Хэд дэх зээ нь вэ. Өвөөгөөсөө өвлөж авсан зүйл бий юу?

-Өвөөгийнхөө талаар сайн мэдэхгүй. Өвөө минь 1992 онд нас барсан юм гэнэ лээ.  Харин би 1993 онд төрсөн учраас өвөөгөө харж байгаагүй. Гэхдээ ийм агуу хүний үр удам болж төрсөндөө маш их бахархдаг. Өвөөгөөсөө урлагийн талын авьяас, мэдрэмжийг нь өвлөж авсан гэж боддог.

-Хүүхэд насныхаа тухай ярихгүй юу. Багадаа хурдан морь унадаг хүү байжээ. Ер нь дуучин болоход юу нөлөөлсөн гэж боддог вэ?

-Би хүүхэд насандаа хөдөө өссөн. Таван хошуу малаа маллаж, морь уяж, байгаль дэлхийтэй танилцаж Уртнасан өвөө, Лхагваа эмээ дээрээ амьдралын олон нандин ухааныг заалгуулж өссөн дөө. Аав маань надад анх гийнгоолохыг зааж өгсөн юм. Хурдан морины гийнгоо уртын дуутай төстэй болохоор уртын дуучин болоход нөлөөлсөн юм болов уу.

Г.ЭРМҮҮН: МЭС ЗАСАЛД ОРОХОО БОЛИОД ШОУНД ОРОЛЦОХООР БОЛСОН

-Хагас шигшээ тоглолтын үеэр өөрийнхөө нэрийг сонсоод их сандарсан бичлэг сошиалд нийтлэгдсэн байсан. Өөртөө хэр итгэлтэй байв?

-Мэдээж ялна, ялагдана гэсэн хоёр сонголт л байсан. Тиймээс байж болох хамгийн сайн болон муу хувилбарыг дотроо хэдийнэ төсөөлөн бодсон байсан. Гэхдээ тухайн үед хүсч мөрөөдөж ирсэн шоундаа шилдэг дөрөвт үлдсэн нь маш жаргалтай, гэнэтийн санагдсан учраас тийм үйлдлийг үзүүлсэн болов уу. Би үргэлж өөрийн хүсэл мөрөөдөлдөө үнэнчээр хандаж ирсэн. Тиймээс баярт мэдээг мэдээж цочиж хүлээж авсан байх.

-Эмнэлгээс "оргож", энэ тэмцээнд оролцсон гэж байсан. Юуны хагалгаанд орох гэж байсан бэ?

– Тухайн үед “Гүйлсэн булчирхай” авахуулах хагалгаанд орох гэж байсан. Хүмүүс хоолойны мах авахуулах гэдгээр нь түлхүү мэдэх байх. Тэр үед шоуны шалгаруулалтын зар сонсоод шууд шийдвэрээ гаргасан.

-Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу. Урлагийн хүн бий юу. Мөн өөртөө хэрхэн анхаардаг вэ. Найз бүсгүйтэй юу?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Аав маань цэргийн хүн, ээж маань боловсролын салбарт ажилладаг. Аав, ээж маань хоёулаа төрийн албан хаагч, энгийн л нэгэн гэр бүл.  Надад найз охин байхгүй. Хүн бүр л өөртөө тодорхой хэмжээнд анхаардаг байх. Миний хувьд эрүүл хооллохыг, оюунаа хөгжүүлэхийг хичээж, чөлөөт цагаа хэрхэн зөв өнгөрүүлэх тал дээр нухацтай байж өөртөө аннхаарал тавьдаг.

Х.ЯДАМ: Д.БОЛД ШҮҮГЧ САХИУС БОЛСОН ЗҮҮЛТЭЭ ӨГСӨН НЬ МАШ ТОМ ЗАВШААН

-Анх Д.Болд шүүгч чамд хүзүүний зүүлтээ өгч байсан. Магадгүй тэр ерөөл биелэлээ олж, шоуны ялагч болохыг ч үгүйсгэхгүй юм?

-Анх “Blind Auditon”-д оролцож байхдаа тийм ч өөртөө итгэлтэй байгаагүй. Гэтэл дөрвөн шүүгч эргэж харсан дээрээс нь Д. Болд шүүгч, дасгалжуулагч маань надад өөрийн сахиус болсон зүүлтээ өгсөн нь маш том завшаантай хэрэг болсон.  Би өөрийн амьдралд хоёр том сонголт хийсэн нь “Voice” шоунд ороод Д.Болд шүүгчийг сонгосон явдал. Энэ шоуд орж урлагийн үнэгүй сургуульд суралцаж байна. Үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээж, өдий хүртэл шоуны шилдэг оролцогч гээд зарлуулаад явж байгаадаа туйлын баяртай байна. Мөн Д.Болд шүүгчээс урлагийн хүний эрхэм зан чанаруудыг суралцасаар байна. Хэрвээ би ялагч болвол энэ нэр хүндийг даасан шиг дааж явна гэж боддог.

-Шоуны дараагаар рок хамтлаг байгуулах уу?

– Мэдээж би ялагч болчихвол надад олон боломжууд нээгдэнэ.  Энэ бүгдийг тэмцээнийхээ дараа бодож үзнэ ээ.

-Яагаад дуучин мэргэжлийг сонгоогүй юм бэ. Авто замын зургийн инженер мэргэжлээр яагаад суралцах болов. Цаашид дуугаа дуулах уу?

-Дуучин мэргэжлээр суралцахдаа өөртөө жаахан итгэлгүй байсан юм болов уу. Гэхдээ л дуу хөгжмийг хэзээ ч орхиж чаддагүй. Инженер мэргэжлийн хувьд надад гоё санагддаг учраас сонгосон. Монгол улсынхаа хөгжил, бүтээн байгуулалтанд гар биеэ оролцох мэргэжил шүү дээ.

Б.ОЮУ: ЭНЭ ШОУ МИНИЙ ХУВЬД ЖИНХЭНЭ ДУУ ХООЛОЙН ТУЛААН

-Яагаад The Voice of Mongolia шоунд орох болсон бэ?

– Мэдээж залуу хүн дан ялангуяа урлагийн хүн үргэлж хувьсаж өөрчлөгдөж өөрийгөө сорьж байх ёстой гэж би боддог. Тийм учраас энэ жилийн “The Voice of Mongolia” шоуг тэр цагаас хойш хүлээж байсан гэж хэлж болно. Харин энэ шоу миний хувьд жинхэнэ дуу хоолойн тулаан болж чадаж байгаад маш их баяртай байна.

Шоуны бэлтгэл сургуулилалт гээд завгүй цаг хугацааг өнгөрүүлж байгаа нь мэдээж. Ээж, эхнэр хүнийхээ үүргийг хэрхэн амжуулж байна ?

– Хүн бүрийн анхаарлын төвд байгаа энэ том шоу үзэгчдэд хүрэхийн тулд маш олон цагийн бэлтгэл сургуулилалт шаарддаг.  Оролцогчид ч гэсэн энэ хэрээрээ өсөн дэвжиж, сорилт бүрийг давахын тулд хичээж байгаа. Миний хувьд  яг тэгэж л хичээж байна. Мэдээж гэр орон, үр хүүхэд, ээж, аав гээд ардаа амжуулах олон асуудал байгаа ч бүгдийг зохицуулж байгаа. Мөрөөдлийнхөө төлөө явж байгаа хүнд асуудал асуудал биш байдаг юм байна.

-Финалын шатанд тэнцэнэ гэдэгт хэр итгэлтэй байна вэ?

– “The Voice of Mongolia” шоунд орсноосоо хойш маш их зүйлийг сурч, мэдэж авсан. Тэр сурсан бүх зүйлээ эргээд уран бүтээлдээ ашиглаж хүмүүсд хүргэхийг хүсч байна. Шоу дуусгаад ямарч байсан таг болохгүй. Уран бүтээлийн ажилдаа шамдан орно гэж бодож байгаа. Намайг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Сайхан үзүүлбэрээр Финалын шатан дээр үзэгч дэмжигчидтэйгээ уулзах болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж