Өнгөрөгч зун Налайх дүүрэгт айлын гэр шатаж, 16 настай А.Цэрэнтогтох хүү, дүүгийн хамтаар түлэгдсэн хэрэг гарсан билээ. Гэхдээ 16 настай А.Цэрэнтогтох хүү дүрэлзсэн гал дундаас найман сартай дүүгээ аврахаар орж, өөрөө 80 хувийн түлэгдэлд орсон юм. А.Цэрэнтогтох хүүг тэр дор нь ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт аваачсан ч биеийн байдал муу байгааг тухайн үед эмч нар хэлж байв. Түлэнхийн тасгийн эмч “Анх маш хүнд байдалтай ирсэн. Өмсөж байсан биеийн тамирын өмд нь гуя, цавь хөлд нь тэр чигтээ наалдчихсан байсан. Биед нь наалдсан өмдийг арай гэж салгаж авсан. Биеийн ихэнх хэсэг түлэгдсэн болохоор шархандаа халуураад огт сайжрахгүй байна. Амь нас нь эрсдэлтэй, найдваргүй” гэж байв. Харин тухайн үед Монголын ард түмний хандив, тусламжаар БНСУ-д эмчилгээнд яаралтай явуулснаар өнөөдөр А.Цэрэнтогтох хүү тэнхэрчээ. Ингээд А.Цэрэнтогтох хүүтэй цөөн хором ярилцлаа.
-Хамгийн сүүлд БНСУ-д эмчилгээнд яваад ирсэн. Одоо биеийн байдал ямар байна. Ямар нэг зовиур бий юу?
-БНСУ-д эмчилгээнд ороод наймдугаар сарын 15-нд Монголдоо ирсэн. Одоогоор Гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгээд явж байна. Хараахан бүрэн эдгэрээгүй байгаа. Арьс таталдана, бас маш их загатнадаг. Гэхдээ нэг үеэ бодвол бие маань сайжирсан.
-Дүүгийнх нь хувьд ямар байна?
-Дүүгийн бие нь сайжирсан. Зүүн гарын арьс нь таталддагаас өөрөөр гайгүй.
-БНСУ-д эмчилгээнд явсны дараа олон нийтийн сүлжээгээр дүү, та хоёрын чинь талаарх мэдээлэл явж, Монголын ард түмэн хандив тусламжийн гараа сунгаж эхэлсэн. Энэ талаар хэзээ, хэрхэн сонсов. Сэтгэл нь хөдлөв үү?
-Солонгост эмчилгээнд очсоны дараах нь энэ талаар мэдсэн. Тэрнээс өмнө надад энэ талаар зөндөө хэлсэн гэсэн. Тэр үед миний ухаан орон, гаран юм ойлгох чадваргүй байсан юм билээ. Тэгээд Солонгост очоод эмчилгээ хийлгэж, бие арай гайгүй болох үед л энэ талаар мэдсэн. Сонсоод баярласандаа шууд уйлсан. Өөрийн эрхгүй нулимс гардаг юм билээ.
Намайг Солонгост эмчилгээнд явсан хойгуур Монголын залуучуудын холбооноос хандивын аян өрнүүлээд их ажил хийсэн. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газраас гэрийнхэнд маань хашаа, гэр авч өгсөн. Надад болон гэр бүлийнхэнд маань тусламж үзүүлсэн энэ хоёр байгууллага, мөн Монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Одоо төгсөх анги байх аа. Ангийнхан нь хэрхэн хүлээж авав?
-Тийм. Энэ жил 12 дугаар ангиа төгсөнө. Мэдээж ангийнхантайгаа өмнө нь ч гэсэн дотно найзалдаг байсан. Энэ явдал болоод, эмчилгээнд яваад ирэхэд "зоригтой юм аа", "бахархаж байна" гээд үнэхээр гоё хүлээж авсан.
-Төгсөх ангийн сурагч юм чинь мэргэжлээ аль хэдийн сонгосон биз. Ирээдүйн мөрөөдлөөсөө хуваалцаач?
-ШУТИС-д барилгын инженер мэргэжлээр суралцахаар шийдсэн. Хичээл сонголтуудаа хийгээд, шалгалтдаа бэлтгээд явж байна. Мөрөөдлийн хувьд би их нууцалдаг. Нууцлахаар мөрөөдөл бий. Тийм болохоор хүмүүст тэр бүр хэлдэггүй.
Б.ЗАЯА