Ам.долларын тогтвортой байдлыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Ам.долларын тогтвортой байдлыг дэмжив

Ам.долларын тогтвортой байдлыг дэмжив
Хямралын үед нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж, зах зээлээ тэлж чадсан зарим орныг эдийн засагчид “БРИК”-ийн орнууд хэмээн нэрлэжээ. Анх 2001 онд “Голдман Сакс”-ын шинжээч Жим О Нил “БРИК”-ийн эдийн засаг” хэмээх нэр томъёог гаргаж ирж байв. Тухайн үед тэрбээр “БРИК”-ийн орнуудад багтах Бразиль, ОХУ, Энэтхэг, Хятад улс 2050 он гэхэд дэлхийн хамгийн баян гүрнүүд болно хэмээн онцолж байсан юм. Үнэхээр ч дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын үед тэдгээр орны эдийн засгийн өсөлт хурдасч, өнөөх эдийн засгийн гигантууд болох АНУ, Япон тэргүүтний араас гүйцэж түрүүлэхээр нэхэх болсон. “БРИК”-ийн дөрвөн орон өнгөрсөн онд ОХУ-д зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтын үеэр эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах талаар хэлэлцэж байсан билээ. “БРИК”-ийн орнуудаас Оросын эдийн засгийг хангалттай тогтвортой биш гэж зарим эдийн засагч үздэг. Учир нь тус улсын эдийн засаг түүхий эд, түүн дотроо ялангуяа газрын тосны зах зээлээс шууд хамааралтай байдаг. Гэтэл санхүүгийн хямралын үед газрын тосны үнэд хэлбэлзэл их гарсан.  Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев “Сүүлийн жилүүдэд “БРИК”-ийн орнуудын бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, дэлхийн зах зээлийн 50 хувийг дангаараа хангадаг болсон” хэмээн онцолж, Оросыг өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орон болохыг нотлохыг хичээсэн юм. Зарим шинжээчийн үзэж буйгаар “БРИК”-ийн орнуудыг нэгтгэх улс төрийн хүчин зүйл нь Орос байж болох аж.

Тэгвэл ОХУ-ын эдийн засгийн байдал нь ямар байгаа вэ. Тус улсын өрийн бичиг, бондын дийлэнх хувийг гадны хөрөнгө оруулагчид эзэмшиж байсан нь санхүүгийн хямралын үед эдийн засагт нь сөргөөр нөлөөлсөн юм. Тиймээс одоо бонд, өрийн бичгээ дотооддоо арилжаалах сонирхол тус улсад давамгайлах болсон байна. ОХУ-ын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 11 хувьтай тэнцэж байгаа. Харин Засгийн газрын зардал хурдацтай нэмэгдэж буй нь одоо нэлээд асуудал болоод байна. Тиймээс “Роснефть”, “Транснефть” тэргүүтэй төрийн мэдлийн томоохон компаниудын зарим хувьцааг худалдах замаар төсвийн алдагдлаа бууруулахыг хичээх болжээ. Ямартай ч тус улсын Нөөцийн сангийн хөрөнгө маш богино хугацаанд 100 тэрбум ам.доллараас 30 тэрбум ам.доллар болтлоо багассан билээ. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд 3.1 хувийн өсөлттэй байна гэх тооцоог албаны хүмүүс нь гаргажээ. Гэхдээ Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийн үзэж буйгаар 2010 онд ОХУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд дөнгөж 3.6  хувиар өсөх ба энэ нь Хятадын 10, Энэтхэгийн 7.7, Бразилийн 4.7 хувийн өсөлттэй харьцуулахад бага дүн юм. Тиймээс зарим эдийн засагч ганцхан түүхий эдийн экспортоос хараат байдаг ОХУ-ыг “БРИК”-ын орнуудын тоонд багтаах хэрэггүй ч гэж үздэг аж. Гэхдээ хэрэв дээрх урьдчилсан таамаг зөв байх юм бол ОХУ-ын эдийн засгийн байдал хямралын өмнөх үеийнх шигээ болох боломжтой гэсэн үг юм.

“БРИК”-ийн орнууд хэмээн олон улсад нэрлэгдэж байгаа Бразиль, ОХУ, Энэтхэг, Хятадын хувьд сонирхол нь хараахан ижил биш аж.  Жишээ нь ОХУ, Бразиль хоёрт түүхий эдийн үнэ чухал бол Хятад, Энэтхэгийн хувьд байдал шал өөр. Тэд хямд ажиллах хүчний зах зээл, хязгааргүй өсөн нэмэгдэж буй түүхий эдийн эрэлт, эдийн засгийн хөөс үүсэх вий гэсэн болгоомжлол зэрэгт анхаардаг. Гэтэл Оросын Засгийн газрын төлөөлөгчдийн мэдэгдэж буйгаар Хятад, Энэтхэг тэргүүтэй 23 орны зах зээлд Оросын компаниуд чөлөөтэй нэвтрэх боломжийг хязгаарлахыг оролдох болжээ. Саяхан Хятад АНУ, ОХУ-аас импортлох гангийн худалдаанд татвар ногдуулж, тус хоёр орныг бүтээгдэхүүнийхээ үнэд анхаарахыг сануулсан.

Гэтэл бас Хятад юанийн ханшийг хүчээр тогтвортой барьж байсан нь зөвхөн АНУ-д ч биш, Бразилийн эдийн засагт хүртэл хүнд цохилт болсон аж. Тиймээс Бразилийн Сангийн сайд Гуйдо Мантега Бээжингийн валютын бодлогод шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж байсан юм. Гэхдээ иймэрхүү сонирхлын зөрчилдөөн байгаа нь “БРИК” хэмээх нэгдлийн хамтын тэмүүллийг үгүйсгэж чадахгүй. Тэгвэл тэдний бүгдийнх нь тэмүүлж буй зүйл юу вэ. Мэдээж хэрэг, олон улсын санхүүгийн байгууллагууд дахь өөрсдийн байр суурь, үүргийг нэмэгдүүлэх. Саяхан гарсан статистик мэдээгээр Хятадын эдийн засгийн үзүүлэлт АНУ-ын ард, хоёрдугаарт бичигдэх болсон. Түүнчлэн “БРИК”-ийн орнууд худалдаа арилжаанд оролцохдоо нэгдсэн нэг валют хэрэглэж, түүнийгээ ойрын ирээдүйд олон улсын нөөц валют болгох тухай санааг ч гаргаж байжээ. Гэхдээ үүн дээр мөн л ашиг сонирхлыг зөрчилдөөн үүссэн юм. Одоогоор дэлхийн гол нөөц валют болж буй ам.долларын ханшид огцом хэлбэлзэл гарах нь ам.доллараас уясан юанийн ханшид ч нөлөөлж, Хятадын эдийн засагт сөрөг үр дагаврыг авчирна. Хэдийгээр Хятад юанийн ханшийг чөлөөлж, бага зэргийн хэлбэлзэл бий болгоод буй ч энэ нь ойрын жилүүдэд олон улсын зах зээлд илт мэдэгдэхүйцээр нөлөөлөх боломжгүйг эдийн засагчид нотолж байгаа. Хятадын Засгийн газар ч үүнийг хүсэхгүй байх нь дамжиггүй. Ямартай ч одоогийн байдлаар Хятад төдийгүй бусад Бразиль, Энэтхэг, ОХУ-д ам.долларын ханшийг тогтвортой барих сонирхол байгаа юм.

Сүүлийн үед олон улсад “БРИК”-ийн орнуудтай холбоотой нэг мэдээлэл тархах болсон нь АНУ-ын өрийн бичиг, бондтой холбоотой аж. Хөрөнгө оруулагч, компаниуд “БРИК” рүү хошуурах хандлагатай болсон. Үүний зэрэгцээгээр АНУ-ын Засгийн газраас гаргасан бонд, өрийн бичгийн дийлэнх хувийг “БРИК”-ийн орнууд худалдаж авсан тухай албаны мэдэгдэл гарсан. АНУ-ын гадны хөрөнгө оруулагчдын хувь хэмжээ 10 жилийн өмнө 29 хувь байсан бол одоо 48 хувь болж өсчээ. Түүн дотроос эх газрын Хятад 868 тэрбум ам.долларын үнэт цаас худалдан авсан бол Бразиль 161 тэрбум ам.доллар, ОХУ 127 тэрбум ам.долларын авлагатай юм. АНУ-ын дотоодын хөрөнгө оруулагчид Засгийн газартаа хоёр их наяд ам.доллар зээлдүүлсэн бол тус улсын Холбооны нөөцийн сан тэргүүтэй Засгийн газрын нэгжүүд таван их наяд ам.долларын хөрөнгө Нөөцийн сандаа байршуулжээ.

Хэдийгээр АНУ-ын гадаад өр нь нэмэгдэж байгаа боловч эдийн засагчид үүнийг хяналтандаа байлгаж чадаж буйг нь гайхдаг. Учир нь Грек тэргүүтэй гадаад өрийн хямралд өртсөн орнуудад бонд, өрийн бичиг нь хэт олширсноос хөрөнгө оруулагчдын зүгээс итгэх итгэлийг сулруулж, эдийн засгийг нь тогтворгүй болгодог. Харин АНУ бол ам.долларын орон. Дэлхийн нөөц валютын эзэн, хамгийн хүчирхэг эдийн засагтай орон. Тиймээс хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй байсаар байгаа юм. Гэхдээ АНУ-ын бондын талбай энэ хэвээр хурдацтай нэмэгдсээр байвал тус улсын санхүүгийн тогтвортой байдал гадны орнууд ялангуяа Хятад, Бразиль тэргүүтнээс нэлээд хамааралтай болох аюултай. Хэрэв тэд болгоомжилж зээлсэн мөнгөнийхөө хүүг өсгөөд эхэлбэл нөхцөл байдал хэцүү болно. Гэхдээ энэ нь нөгөө талаасаа “БРИК”-ийн орнууд бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд гол харилцагч болох АНУ-ыг санхүүжүүлж байна гэсэн үг. Хэдийгээр өсөн нэмэгдэж буй хэмээн тодотгоод байгаа ч “БРИК”-ийн орнуудын дотоод зах зээл, эрэлт нь муу байгаа. Тиймээс тэдний гол харилцагч нь АНУ-ын хэрэглэгчид юм.

Т.ЭЛИСА
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж