
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн саяхан “Гадаадад ажиллаж, амьдарч байгаа шилдэг 30 монгол залууг эх оронд нь ажиллуулахад наад зах нь 30 тэрбум төгрөг хэрэгтэй” гэсэн тооцоог дэлгэв. Энэ бол зах зээлийн бодит үнэлгээ. Тэднийг Өмнөд Солонгост хараар ажиллаж байгаа залуустай адилтгаж болохгүй. Тэнд олонхи нь монгол мөнгөөр 800 мянгаас нэг сая 200 мянган төгрөгийн цалин сардаа авдаг. Харин барууны оронд ажиллаж амьдардаг нэр хүндтэй мэргэжилтнүүдийн хувьд дунджаар 4000-6000 мянган долларын цалинтай. Үүнээс өндөр цалинтай эрхмүүд ч байх бөгөөд тэдний амьдрах нөхцөл, ажиллах орчин, бүтээлч санааны урамшуулал гээд нэмээд байвал цалингийн босго улам бүр дээшилнэ. Гэтэл Монголын төрийн албан хаагчдын цалин 250 мянгаас үсрээд 500 мянган төгрөг. Хувийн хэвшилд хангалттай сайн ажиллаж буй залуучуудын хувьд 800 мянгаас сая төгрөг болтлоо өссөн жишиг бий. Дээр нь томоохон группүүд ирээдүйд “ашиглах” мэргэжилтэндээ орох орон, унах машин гэх мэтээр эдийн засгийн дэмжлэг үзүүлэх нь бий. Гэсэн ч энэ нь гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудыг эх оронд нь дуудах бодит хөшүүрэг болно гэж үзвэл үүн шиг эндүүрэл байхгүй нь бололтой.
Төр эрх мэдлээрээ “Ирэх цаг чинь болсон” гэж хатуу сануулсан ч үр дүнд хүрэхгүй гэсэн үг. Өмнөд Солонгос болон Хятад улсад баруунд суралцсан залуус нь эх орныхоо эдийн засгийн чадавхийг хөгжүүлж байгаа нь бодит үнэн. Тэдний эх орон нь сургаж чадсан шигээ “Дуудахад ирэх ёстой” гэдгийг нь анхнаас нь ойлгуулсан байдаг. Гэтэл манайх Төрийн сангийн зээлээр гадаадад сургасан мэргэжилтнээ ч дуудах тэнхэлгүй. Тэдний хэн нь ч “Зээлээ төлнө” гээд Монгол руу хүлгийн жолоо залаагүй. Энэ бол нөхцөл боломжийн төлөө цаг хожих хэрэгтэй гэж үзэж буй тэдний шийдвэр. Түүнчлэн Монголын төр өнөөдөртөө 30 тэрбум төгрөг төсвөөс гаргаад 30 мэргэжилтнийг урих чадвар байхгүй. Олсноо сонгуулийн амлалт руу сул урсгадаг болохоор арга ч үгүй биз. Энэ бол ердөө л нэг хүчин зүйл.
Дараагийнх нь “Монголд ажиллана гэхээр дарамтаас айж байна” гэх тайлбар. Учир нь Герман, Англид суралцсан залуус Төрийн ордонд хоёр сарын өмнө уулзах үеэр нэгэн бүсгүй “Би Английн аялал жуулчлалын компанид тэдний цалингийн нөхцөлөөр ажилладаг. Уучлаарай, би энд юу ч нуумааргүй байна. Би Монголд ажиллаж чадахгүй. Энд ажиллах ямар ч нөхцөл байхгүй. Төрийн байгууллага руу орж ажил хөөцөлдөх гэхээр харуулаас нь эхлээд дарамтлаад эхэлдэг. Ямар ч харилцааны соёл, боловсролгүй бүдүүлэг хүн үнэмлэх шалгахаас эхлээд л бөөн дарамт үүсгэдэг. Дээр нь бүгд хууль бус үйлдэл хийхийг шаарддаг. Энд шударгаар татвараа төлөх гэхээр татварын байцаагч нь “За, нэг иймэрхүү юмыг тэгс хийгээд л аргалчихдаг шүү дээ. Ямар түвэгтэй юм бэ. Ийм юманд ингэж сүржигнээд байхдаа яадаг юм бэ гэдэг. Монголд хэн ч хуулийн дагуу ажиллаж, хуулийн дагуу татвараа төлөөд явахыг, бүр татварын байцаагч нь хүртэл хуулийн дагуу татвараа төлөхийг зөвшөөрдөггүй. Би ийм бүдүүлэг, ийм шударга бус орчинд ажиллаж чадахгүй. Уучлаарай, би Монголд ажиллахгүй” гэж байсан. Тэгэхээр хийх ёстой зүйлээ хийсэн шиг хийж байгаа хүнийг авчирах гэж байгаа бол эхлээд Монголын төр өөрийгөө шинэчлэх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой болно. Нэг ёсны цалин хөлсийг нь зохицууллаа гэхэд “Монгол угаасаа л ийм шүү дээ” гэсэн тэр увайгүй зохицуулалтаа үндсээр нь шинэчлэхгүй бол тэд Монголд ажиллаж, амьдарч чадахгүй бололтой юм билээ.
Түүнчлэн Оксфордын их сургууль дүүргээд ирсэн залуу МУИС-д багшаар ажиллах хүсэлт гаргаж. “Би өнгөрсөн хугацаанд хангалттай сурч, ажилласан. Одоо Монголдоо ажиллаж, амьдармаар байна. Цалин хөлс чухал биш ээ” хэмээн өөрийнхөө зорилгыг тодорхойлжээ. Гэтэл МУИС-ийн ахмад багш нар заах аргыг л гайхамшиг гэж боддог, өөрөө өөрийнхөө боловсруулсан шавиас өөр хүнийг багшлуулах дургүй зангаасаа болоод хүлээж авалгүй явуулсан аж. Гадаадад суралцаж, төгссөн залуус зөвхөн эдийн засгийн хөшүүргээс илүүтэй энэ мэт байх ёсгүй хэрнээ байх ёстой мэт тогтчихсон хэв маягт дургүй. Үүнийг хүлээн зөвшөөрч ажиллана гэдэг тэдний хувьд ёс зүйн уналт мэт санагддаг гэдгээ нуухгүй байгаа.
Тэгэхээр төр 10 байна уу, 20 байна уу, 200 ч байна уу хилийн чинадад үнэлэгдсэн залуусаа дуудахаасаа урьтаад өөр өөрийгөө шинэчлэх цаг болжээ. Дээр нь Монголд ирсэн даруйд нь МАХН болоод Ардчилсан нам хоёр намынхаа үнэмлэхийг гардуулах гээд зүтгэчихвэл үүн шиг хэтрүүлсэн эрх ашиг гэж байхгүй болох биз ээ. Нэг ёсны цалин хөлсийг нь өглөө гэхэд өнөөгийн нь тогтсон арчаагүй хэв маягаа хэдий хэрийн өртгөөр засч, залруулах нь ойлгомжгүй үлдэж буй нь энэ ээ. Эс бөгөөс тэд ирсэн гийчний ёсоор л буцах нь тодорхой шүү дээ. Г.ОТГОНЖАРГАЛ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин