МҮОНРТ-ийн ОНЗ-ийн гишүүдийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2015.12.25-нд нийтлэгдсэн

МҮОНРТ-ийн ОНЗ-ийн гишүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн олон нийтийн харилцааны ахлах зөвлөх Д.Ганбат МҮОНРТ-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр нэр дэвшсэн хүмүүсийг танилцуулж байна. Тус Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Д.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дууссан, Д.Сосорбарам, Б.Цэнддоо нар өөрсдийн хүслээр албан тушаалаа өгсөн учир тэдний оронд гурван хүнийг нэр дэвшүүлэх шаардлагатай болжээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Галаарид, "Цахим өртөө" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш С.Санасэр, "Икэл сан" ТББ-ын тэргүүн Ж.Соёл-Эрдэнэ нарыг дээрх орон тоонд нэр дэвшүүлсэн байна. Нэр дэвшигчдийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Монголд хууль нь дарга биш дарга нь хууль болчихоод ярвигтай байгаа шүү дээ. МҮОНТ гайгүй хараат бус болчихсон юм байх гэсэн эсэргээрээ явчихсан. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн дарга нь болчихсон шүү дээ. Өршөөл хууль гарахад үндэсний телевизээр гарахгүй байгаа юм даа. Сонгуулийн үеэр тэгш байх зарчмаа хэр хангаж чадах юм бол оо. Нэр дэвшигчдэд оногдсон цагийг эвтэйхэн хуваарилаад, далд сурталчилгааг явуулахгүй байхад анхаарч ажилламаар байна. Тэгш хуваарилалт хийгээрэй гэж хүсье. Та бүхний ажилд амжилт хүсье. Хуулиа сайн уншиж үзээрэй. Хуулиа сайн уншдаггүй улс шүү дээ. Жинхэнээсээ чөлөөт байгаасай гэж боддог ч дандаа талаар болох юм байна. Үндсэн үүргээ сайн гүйцэтгээрэй гэсэн юм.

Ингээд санал хураалт болж Б.Галааридыг УИХ-ын чуулганд оролцсон 66 гишүүнээс 59 нь дэмжив. Мөн С.Санасэр, Ж.Соёл-Эрдэнэ нарыг гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Түүнчлэн чөлөөлөгдөж буй гишүүдийг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар чөлөөллөө.

Чуулганаар Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж эхэллээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.

Л.ХАЛИУ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж