Монголд шангаа татаад удаагүй байгаа ч хамгийн эрчтэй хөгжиж буй спорт бол яах аргагүй туялзуур сэлэм билээ. Тус холбооныхон сүүлийн хоёр жилд тун завгүй ажиллаж байна. Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяртай уулзаж ярилцлаа. Тэрбээр багаасаа “ТЦ” сонин уншиж спортын амтад дурласан нэгэн. Өдгөө түүний хувьд монголд туялзуур сэлэмийг хөгжүүлэхийн төлөө зүтгэлцэж явна.
-Таны хувьд анх спортод хэрхэн “дурлаж” байв?
-Хүүхэд байхдаа спорт үзэж байгаагүй хүн ховор болов уу. Миний хувьд 1996 оны Атлантагийн олимп зурагтаар үзээд л спортод хорхойссон доо. Түүнээс NBA үзэж байсан. Лиллехамерийн олимпийг орос сувгаар манай аав үзэж байсан. Тухайн үед би үзэж байсан ч сайн санадаггүй. Атлантагийн олимпийн наадмыг “Цэнхэр Гариг” хөтөлбөрөөр үзэж Нармандах гавьяат медаль авахыг харж, Чарльз Баркли пүүзээ үзэгчид рүү шиддэг хэсэг одоо ч нүдэнд харагдаж байна.
-“Таван цагариг” сониныг хэдэн оноос хойш уншиж эхэлсэн бэ?
-Спорт үзэж эхэлсэн цагаас өнөөг хүртэл “ТЦ” сониныг уншиж цуглуулж байна. “ТЦ” сонины бүх дугаарыг алгасахгүй цуглуулсан цуглуулагын маань хагас нь нүүдэл суудлын үеэр харамсалтай нь алга болгочихсон.
-Багаасаа спорт үзэх дуртай байсан гэлээ. Спортын салбарт хэдэн оноос хойш ажиллаж эхлэв?
-Анх бол спортын сэтгүүлч хийж байсан. 2003 онд tv9 телевизэд спортын сэтгүүлчээр ажилд орсон. Жил гаруй ажиллаад 2004 оны Афины олимп дууссаны дараа хамт ажиллаж байсан найзуудтайгаа “Спортын цонх” сэтгүүл гаргаж эхэлсэн дээ. Тухайн үед би гадаадын сэтгүүл их цуглуулдаг байсан. Одоо ч тэр цуглуулга надад бий. Тэндээс гадны сэтгүүлийн нийтлэл, дизайн зэрэг харж санаа авдаг байсан юм. Сэтгүүлээс гадна sportnews.mn веб сайт мөн ажилуулж байлаа. Хажуугаар нь “Таван Цагариг” сонинд ч ганц нэг нийтлэл бичдэг байсан шүү. Энэ жил манай “Спортын цонх” сэтгүүл, онлайн форумын 10 жилийн ой болж байгаа. Маш сайхан, нүсэр, гоё хамт олон бүрдсэн. Олон арга хэмжээ ч зохион байгуулж байна.
-Та өнгөрсөн намар Швейцарийн Лозанн хотын их сургуульд спортын менежментийн чиглэлээр мастерын зэрэг амжилттай хамгаалж ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахаас дипломоо гардан авсан. Олимпийн хорооны ерөнхийлөгчөөс дипломоо гардаж авахад төрсөн сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Маш их баярласан. Томас Бах ерөнхийлөгч надад “Туялзуур сэлэмний хүн төгсөж байгаад баяртай байна. Сэлэмчид хэзээ ч муу явдаггүй юм. Туялзуур сэлэмний төлөө зүтгэсэн хүмүүс үргэлж сайн явдаг. Цаашид улам их хичээгээрэй” гэж хэлэхэд их сайхан санагдсан шүү. Өмнө Томас Бахтай хоёр ч удаа уулзаж байсан.
-МҮОХ-ны ямар албанд анх ажилд орсон бэ?
– МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, МҮОХ-ны ЕрөнхийлөгчД.Загдсүрэн дарга нар “МҮОХ-нд ажиллаад үзээч” гэсэн санал тавьсны дагуу хэвлэл мэдээлэл хариуцан 2009 оноос ажиллаж эхэлсэн.
-Та туялзуур сэлэмний холбоог 2009 онд анх байгуулалцсан хүмүүсийн нэг. Туялзуур сэлэмний төлөө зүтгэх шалтгаан байсан уу?
-2009 онд туялзуур сэлэмний холбоог анх байгуулахад гар бие оролцсон. Үүний дараа Ж.Отгонцагаан дарга “Цаашид туялзуур сэлэмийн холбоог хариуцаад яваач” гэсэн санал тавьсан. Ж.Отгонцагаан, Ч.Отгонбаатар, Б.Нармандах гээд олон хүн хамтран байгуулж байлаа. Тэр үеэс өнөөг хүртэл Туялзуур сэлэмийн холбоонд ажиллаж байна.
-Анх ажлаа юунаас эхэлж байв?
-Намайг ажлаа авахад юу ч байгаагүй. Туялзуур сэлэмний холбоо маань нэг ч багш, дасгалжуулагч, тамирчингүй байсан. Бүх зүйлтэгээс эхэлсэн дээ. Тийм хүнд үеэс эхлэн байгууллагын хэмжээнд хүргэх гэж холбооныхонтой хамт зүтгэж явна. Анх байгуулагдаж байсан үеийг бодвол одоо арай нэг өөр түвшинд холбоо маань очсон. Одоо хөгжлийн шинэ үе эхлэх гээд дуншиж байна.
-Монголчуудад энэ спортыг ойлгуулахын тулд ажлаа юунаас эхэлсэн бэ?
-Анх найз нөхөд, хүрээллийнхээ хүмүүст энэ спортыг ойлгуулж, таниулсан. Манай “Спортын цонх”-ын хамт олноос олон хүн туялзуур сэлэм рүү урвасандаа. Бид дөнгөж байгуулагдсан холбоо учир сууриа маш зөв тавих хэрэгтэй гэж ярилцсан. Тэр бол хөгжлийн эхэн үе. 2010 онд анхны дасгалжуулагчаа БНХАУ руу сургалтад явуулж байсан түүхтэй. Тухайн үед аль болох олон хүнд энэ спортыг хүргэх зорилготой байсан. Бид 2013 он хүртэл ийм зарчимаар ажилласан юм. Тэр жил туялзуур сэлэмний холбоо маань шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Өдгөө МТСХ-ны ерөнхийлөгчөөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Даваацэрэн, дэд ерөнхийлөгчөөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын санхүү, эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг, “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, “РСЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батцэнгэл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх захирал П.Баярмагнай, “Тайж” грүппийн ерөнхийлөгч Л.Ганпүрэв, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, УИХ-ын АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, “Спорт фенсинг” ХХК-ийн ерөнхий захирал Г.Алтангэрэл, Монголын туялзуур сэлэмний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганбаатар, Монгол ТВ-ийн Ерөнхий продюсер Э.Лхагва нар ажиллаж байна. Маш хүчирхэг, сайн баг бүрэлдсэн. Манай удирдлагууд мундаг ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд байгууллага болж төлөвших, шинэ амжилтуудын үүдийг нээх чухал он байлаа. Миний бие тэдний гаргасан төлөвлөгөө, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх гэж чадан ядан явж байна.
-Одоо туялзуур сэлмээр хичээллэж байгаа хүний тоо хэр нэмэгдэж байна вэ?
-Манайх зургаан жилийн хугацаанд 150 гаруй тамирчинтай болжээ. Туялзуур сэлэмний таван клуб үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн хөдөө орон нутагт салбарууд нээсэн.
-Өнгөрсөн есдүгээр сард Туялзуур сэлэмний холбоо анх удаа Монголдоо олон улсын тэмцээн зохион байгуулсан. Тус тэмцээний үеэр маш олон гаднын төлөөлөгчид ирсэн шүү дээ. Гаднын мэргэжилтнүүд тэмцээний зохион байгуулалтад ямар дүн тавив?
-Азийн залуучуудын АШТ-д гадаадын 31 орны 330 гаруй төлөөлөгч ирсэн. Түүнээс гадна Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхий ассамблей 9 дүгээр сарын 7-ны өдөр болсон юм. Туялзуур сэлэмний олон улсын холбооны ерөнхийлөгчөөс бусад дарга нар, Азийн бүх улсын туялзуур сэлэмний холбооны удирдлагууд ирсэн юм. Тэд зохион байгуулалтад онц үнэлгээ өгсөн. 2020 оны Токиогийн олимпийн эрэгтэйчүүдийн хүнд сэлэмний эрх олгох тэмцээнийг монголд хийх талаар өөрсдөө бидэнд санал тавьсан байгаа. Манай холбоо Удирдах зөвлөлийн хурлаараа ярилцаж тодорхой шийдвэр гаргана.
– Тэмцээн, хурал зохион байгуулснаар ямар давуу талууд гарав аа?
1. Манайд 330 гаруй орны тамирчид ирлээ. Олон улсын болон тивийн холбооны бүх том удирдлагууд хүрэлцэн ирж манай орны туялзуур сэлэмний хөгжилтэй танилцлаа. Мөн манай холбооны ажил байдлыг хамгийн ойроос дүгнээд буцлаа. Энэ их том нөлөө байлаа.
2. Манайх энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар 11 иж бүрэн дэвжээ, онооны машинтай боллоо. Үүнийг манай холбооныхон өнгөрсөн бүтэн жил хөөцөлдөж байж 5-ыг нь хандиваар авч, үлдсэн 6-г нь худалдаж авсан юм. Одоо энэ бүхэн Монголд үлдэж, орон даяар хөгжихөд томоохон түлхэц болно.
3. Тэмцээнийг зохион байгуулахаар олон улсын томоохон мэргэжилтнүүд ирсэн. Тоног төхөөрөмжийг ашиглалт, шүүлт, тэмцээний техникийн талын зохион байгуулалт гээд манай холбооныхон маш их зүйлийг сурч авч чадлаа.
4. Монголын хүүхэд залуус энэхүү спортын тухай бага ч атугай ойлголттой үлдэж чадлаа. Тэмцээн зохион байгуулснаас хойш манай холбооны утас амрахаа байсан. Клубууд дүүрч, ачааллаа даахаа байсан.
5. Нийт хүрэлцэн ирсэн 330 гаруй хүн Монгол Улсад эдийн засгийн томоохон нөлөөг үзүүллээ. Тэдний 80 орчим хүн нь МИАТ-ын онгоцоор ирж, тэмцээний турш зочид буудал, ресторан, үзвэр гээд олон газар их орлого орууллаа. Төслийн бодит өгөөжийг тооцоход эерэг үнэлгээтэй гарсан. Энэ нь мөн том үзүүлэлт юм.
-Ирэх МТСХ ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Ирэх онд хийгдэх ажил манай удирдах зөвлөлийн хурлаар орж хэлэлцэгдээд батлагдах учиртай. Ер нь бол урьдчилсан байдлаар олимпийн жил учраас маш олон ажил төлөвлөөд буй. 2016 оныг бид “Клубийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байгаа.
Туялзуур сэлэмний холбоо хөгжлийн шинэ түвшиндээ гарах гээд дуншиж байна гээд. Хөгжлийн эхний давалгаа нь хамт олонг бий болгох байлаа. Үүний үр дүнд сэлмээ гэсэн хамт олон бий болсон. Дараагийн үе нь залгаж гарч ирсэн. Тэр нь байгууллага хэлбэрт орох байв. Бид дүрэм журам, бүтцээ нутагшуулах гэж багагүй хугацааг туулсан. Бэрхшээл ч байсан. Гэхдээ тодорхой хэмжээнд энэ маань бодитой болоод цэгцэрч байна. Манай холбоо одоо бүтэц, дүрэм журмын хувьд муугүй болсон. Удирдах зөвлөл, ажлын алба болон бусад комиссуудын харилцаа сайжирч, эрх үүргүүдээ ухамсарладаг болсон. Харин одоо дараагийн үедээ орох гээд дуншиж байна.
– Ер нь Холбооны ирээдүйн төлөвлөгөөг товчхон дурдаач?
– Манай холбооны эрхэм хоёр зорилго бий. Эхний нь энэ спортыг ашиглан эх орноо сурталчлах, тусгаар тогтнолоо баталгаажуулах бол удаах нь энэ сайхан спортоор бүх Монголчуудыг хичээллүүлж, тэднийг эрүүл чийрэг, тархи нь саруул байлгах юм. Энэхүү эрхэм зорилгоо биелүүлэх үүднээс манай холбоо 2020 он хүртэл стратеги төлөвлөгөө боловсруулан баталсан. Энэ маань Бүх нийтийн туялзуур сэлэм, Элит тамирчдын хөгжил, байгууллагын засаглал, менежментийн хөгжил гэсэн үндсэн гурван хэсэгтэй. Энэ гурван үндсэн хэсэг маань цаашаа олон салбарт хуваагдаж байгаа. Үүнийг биелүүлэхийн төлөө манай хамт олон зүтгэж байна.
Ер нь дээр дурдсан. Манай холбоо хөгжлийн шинэ түвшиндээ гарах гээд дуншиж байна гээд. Хөгжлийн эхний давалгаа нь хамт олонг бий болгох байлаа. Үүний үр дүнд сэлмээ гэсэн хамт олон бий болсон. Дараагийн үе нь залгаж гарч ирсэн. Тэр нь байгууллага хэлбэрт орох байв. Бид дүрэм журам, бүтцээ нутагшуулах гэж багагүй хугацааг туулсан. Бэрхшээл ч байсан. Гэхдээ тодорхой хэмжээнд энэ маань бодитой болоод цэгцэрч байна. Манай холбоо одоо бүтэц, дүрэм журмын хувьд муугүй болсон. Удирдах зөвлөл, ажлын алба болон бусад комиссуудын харилцаа сайжирч, эрх үүргүүдээ ухамсарладаг болсон. Харин одоо дараагийн үедээ орох гээд дуншиж байна. Энэ нь клубуудэд түшиглэсэн хөгжил юм. Холбоо, клубуудын ялгаа, урт хугацааны тогтвортой хөгжлийн эхний шат тавигдах шинэ шатандаа явж байна гэсэн үг. Бас бэрхшээл тулгарах байх. Гэхдээ хийхээс өөр арга байхгүй.
-Манай тамирчдын ур чадварыг бусад орны сэлэмчидтэй харьцуулахад хэр ялгаа гарч байна вэ?
-Туялзуур сэлэм бол улс орон бүрт жигд хөгжсөн спорт. Мэдээж өндөр хөгжсөн орнууд бий. Манай өсвөрийн тамирчид Азийн АШТ-ий шилдэг наймд үлдсэн. Мөн манай сэлэмчид Гванжуд болсон ОУ-ын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа. Эндээс үзэхэд манай тамирчдын амжилт бага багаар ахиж байгаа.
-Манай тамирчид юунд дээр анхаарвал цаашид илүү амжилт гаргах боломжтой вэ?
-Монголын сэлэмчид гадныхантай өрсөлдөхүйц боломж бий.Одоо холбооны зүгээс ОХУ-аас дасгалжуулагч урин ажиллуулж байна. Тэр дасгалжуулагч өсвөрийн тамирчдад суурийг маш зөв тавиж өгч байна. Мөн дасгалжуулагч нартай хамгийн гол нь ажиллаж байна. Тамирчдад боломжийг нь бүрдүүлж, зөв замыг зааж өгвөл ямар ч асуудал байхгүй. Монгол хүүхдүүдийн техник ур чадварыг сурах чадвар маш хурдан гэж гаднын дасгалжуулагч нар дүгнэдэг. Хятад, орос хүүхдүүд бол зааж өгсөн зүйлийг маш удаан сурдаг. Манайхан бол дор нь сурдаг.
-МТСХ ОХУ-ын алдарт дасгалжуулагч Александр Ровнягиныг ажиллуулах боллоо. Түүнтэй хэрхэн холбогдов?
-Өнгөрсөн зун Монголд ирж, манай тамирчдтай хоёр сар цалингүй ажилласан. Харин дахин ирж, арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж байна. Ахлах дасгалжуулагчаар Д.Ганбаатар ажилладгийг та бүхэн мэдэх байх. МТСХ-ны удирдлагууд Ровнягинтай хоёр жил хамтран ажиллах гэрээ байгуулсан. Түүний зорилго нь Монголын туялзуур сэлмийг шинэ шатанд гаргах. Гадныхан бидэнд “Та нар энэ хүнийг яаж ачвирсан юм бэ” гэж гайхаж байсан шүү.
-Түүнийг танилцуулахгүй юу?
-Ровнягин 1952 онд төрсөн. ОХУ, БНХАУ, Хонгконг, Иран, Йордан, Узбекистаны шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байсан. 1996 оны Атлантын олимпийн наадамд ОХУ-ын шигшээ багийг удирдаж, болгосон. Олимпийн дөрвөн аварга төрүүлсэн алдартай дасгалжуулагч.
-Түүний шавь нараас хамгийн алдартай нь хэн бэ?
-Сүүлийн 30 жилийн хамгийн шилдэг хүнд сэлэмч, тулааны спортын сүүлийн 20 жилийн шилдэг тамирчдын нэг Павел Колобков. Олимпийн наадамд 1988-2004 онд тасралтгүй медаль хүртсэн. “Бээжин-2008”-д эрхээ авч оролцсон. Таван олимпийн наадам дараалан медаль хүртсэн тамирчин тулааны спортод байхгүй. Колобков өдгөө Оросын спортын дэд сайдын албыг хашиж байна.
-Орос дасгалжуулагч манай тамирчыг хэр үнэлж байна вэ?
-Их үнэлдэг шүү. Ровнягин бэлтгэл өндөрлөсний дараа дандаа алга ташдаг. Тэрбээр “Монгол хүүхдүүд маш их авьяастай. Хятадуудын гурван бэлтгэл дээр сурадаг зүйл нэг бэлтгэл дээр сурдаг” гэдэг. БНХАУ-ын Жансү мужид ажиллаж байсан юм.
-Сэлэмчдийг одоо ямар ОУ-ын тэмцээн уралдаан хүлээж байна.
-Ирэх жилийн том тэмцээнүүд эрт болох хуваарьтай байгаа. Бид ОУ-ын тэмцээнд ач холбогдол өгөхөөс илүүтэй дотоодын өрсөлдөөнийг чанаржуулах бодлого барьж байгаа. Мэдээж гаднын тэмцээнүүддээ манай сэлэмчид оролцоод явна.
-Сэлэмчдэд төр засгийн дэмжлэг хэр байна вэ?
-Төр засгаас биднийг хангалттай дэмжиж ажилладаг. Эрүүл мэнд, спортын яам биднийг бодлогын хувьд болон үйл ажиллагааны хувьд маш сайн дэмждэг. Түүнчлэн МҮОХ-ны зүгээс маш сайн дэмждэг. Биднийг бодлогын болон заал танхим гээд олон талаар дэмждэгийг дуулгая.
-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Б.ЦОГТ-ОЧИР
Эх сурвалж: "Таван цагираг" сонин