Жорж Флойдыг хөнөөсөн хэргийн гол буруутан цагдаагийн оффицер Дерек Шовин тэтгэвэрт гарсан ч нэг сая ам.долларын тэтгэвэр авах боломжтой ажээ. Тэрбээр Жорж Флойд хэмээх хар арьст залуугийн хүзүүн дээр найман минут орчим өвдөглөн суусны улмаас амийг нь хөнөөж, олон нийтийн уур бухимдлыг төрүүлсэн билээ.
Энэхүү хууль бус үйлдлийнх нь төлөө түүнийг 2001 оноос хойш үүрэг гүйцэтгэж буй ажлаас нь халж, хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт буруутгасан. Гэвч Дерек Шовин АНУ-ын татвар төлөгчдийн ачаар тэтгэврээ бүрэн авах боломжтой аж. АНУ-ын хэд хэдэн мужийн хуулинд ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хүнд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд тэтгэврийг нь олгохоос татгалздаг боловч Миннесота мужид тийм биш аж.
Миннесота мужийн төрийн албан хаагчдын тэтгэврийн холбооноос 44 настай Дерек Шовиныг эрт тэтгэвэртээ гарах өргөдлөө өгөх боломжтой, мөн ямар ч асуудалгүй тэтгэвэр нь олгогдоно гэдгийг CNN телевизэд мэдээлжээ. CNN телевизийн судалгаагаар Дерек Шовин хэрвээ энэ жил тэтгэвэрт гарах өргөдлөө өгвөл жилд 50 мянган ам.долларын тэтгэвэр авах аж. Харин 55 насандаа тэтгэвэрт гарахаар шийдвэл 50 мянган ам.доллараас илүү их хэмжээнийн тэтгэвэр авах юм байна. Ингэснээр түүний илүү цагаар ажилласан тооцоог оруулахгүйгээр тэр дараагийн 30 жилийн хугацаанд нийт 1.5 сая ам.долларын тэтгэвэр хүртэхээр болжээ.
Жорж Флойд төдийгүй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг шударга ёсыг шаардсан "Black Lives Matter" хөдөлгөөн АНУ-д гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна.
Холбоотой мэдээ