
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ыг тойрсон хуулийнхны тэмцэл, толхилцол энэ зуны улс төрийн гол дуулиан болж байна. Шалгаж байгаа Улсын ерөнхий прокурор ч, шалгуулж байгаа АТГ-ын удирдлагууд ч “Улс төржлөө” гэсэн үгийг олонтаа хэлж байгаа учраас улс төрийн дуулиан гэхээс яах вэ. Тэдний тэмцэлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гээд улс төрийн бүх институци татагдан орсноороо онцлог. Уг нь ингэж тэвнийн чинээ зүйлийг тэмээн чинээ болгох шаардлага байхгүйг шалгаж, шалгуулж байгаа хуульчид мэдэж баймаар. АТГ-ын дарга Ч.Сангарагчаа “Шалга шалга. Бас дахин шалга” гэж бардам хэлсэндээ хүрч, хуулийн дагуу шалгуулан төсвийн хөрөнгийг зүй ёсоор нь зарцуулсан гэдгээ нотлуулахад л болох учиртай. Гэтэл Ч.Сангарагчаа дарга тэгсэнгүй. Хуульд заасан эрхийнхээ дагуу АТГ-ын дарга гэсэн сэтэртэй цагтаа мөрдөнгийн ширээнд суухгүй гээд гүрийж байгаа. Үүнээс үүдэж Улсын ерөнхий прокурор хууль зөрчсөн УИХ-ыг Үндсэн хуулийн цэцэд мэдүүлэх дээрээ тулаад байна. Хуульд зааснаар Улсын ерөнхий прокурор хүсэлт гаргаснаас 14 хоногийн дотор УИХ АТГ-ын даргын эрхийг түдгэлзүүлэх эсэхээ шийдэх учиртай. Гэтэл УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дээрх асуудлыг Тусгай хяналтын дэд хороонд шилжүүлснээс цаг алдаж УИХ хууль зөрчигч болчихоод байгаа. Улсын ерөнхий прокуророос гурвантаа албан бичиг хүлээж авсан УИХ-ын дарга Тусгай хяналтын дэд хороог хуралдахыг хүлээж байгаа бололтой ямар нэг шийд гаргаагүй. Харин УИХ-ын тусгай хяналтын дэд хорооны гишүүд амарч байгааг туслахууд нь дуулгасан. Бас аль нэг агентлагаас ирсэн бичгийг шийдэх гэж УИХ ээлжит бус чуулган зарлахгүй гэдгийг ч зарим гишүүн хэлж буй. Тэгэхээр намрын чуулган эхэлтэл Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга хоёр УИХ-ын даргад өгсөн бичгийнхээ тоогоор өрсөлдөхөөс өөр аргагүй. Гэхдээ УИХ-ын эрхэм дарга албан бичигт дарагдаж байх зуурт төсвийн мөнгө үрэн таран хийсэн гэх эрүүгийн хэргийн халуун мөрийг баллаж эхэлсэн баримт бас байгаа. Үүнээс гадна АТГ-ын дарга төсвийн хөрөнгөөр тансаглаад байж магадгүй гэсэн мэдээллийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд ажилтнууд нь өгсөн нь тус байгууллагад “дайн” дэгдэхэд хүрсэн. Ч.Сангарагчаа дарга авлигатай тэмцэх үүргийнхээ дагуу мэдээлэл өгсөн ажилтныхаа мөрийг мөшгин хэлтсийнхээ дарга нарын өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулсан нь өөрийг нь хам хэргийн сэжигтэн болгоод байгаа. “Чагнах төхөөрөмж”-ийн гэх хэргээр АТГ-ын Гүйцэтгэх албан дарга, ахлах комиссар Ө.Алтангадасыг өнгөрсөн сарын 28-нд “Ганц худаг”-т саатууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр даргынхаа даалгавраар хэлтсийн дарга нарын өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулах ажлыг гардан гүйцэтгэсэн нь үйлдэл дээрээ баригдсан бололтой. Түүнийг баривчлах хүсэлтийг Тагнуулын ерөнхий газраас гаргаж, Чингэлтэй дүүргийн шүүгч захирамж гаргасан. Ийн даргаа дагасан албаны дарга сэжигтнээр хоригдсон бол даргатайгаа тэрсэлдсэн Э.Амарбат ажлаа хийхгүй байгаа аж. Даргаараа тагнуулж хохирогч болсон ч “Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй” гэгчийн үлгэр Э.Амарбатын хувьд биеллээ олсон билээ. Тэрбээр даргынхаа тушаалаар албан тушаал, зэрэг дэв буурч байцаагч болсноосоо хойш ажилдаа ирээгүй аж. Албаны эх сурвалж түүнийг өвчтэй байгаа гэсэн ч хамт олон нь ажил хийх орчин, боломж байхгүй болсноос халшраад харагдахгүй байна гэж таамаглаж байгаагаа нуугаагүй.
АТГ-ын тойрсон тэмцэл энэ мэтээр үргэлжилж байна. Хуулийнхан тэмцэл, талцалдаа улайрахдаа хуулиа зөрчиж байгааг энд онцлох хэрэгтэй болов уу. Болоод өнгөрсөн хэргийн талаар холбогдох байгууллагуудаас тодруулахад “Мөрдөн байцаалтын нууц” гэсэн айхавтар хариу хэлдэг. Эрүүгийн хуулийн 257 дугаар зүйлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн зөвшөөрөлгүй эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулсан бол гурван сар хүртэл баривчлах тухай заасан байдаг учраас дээрх хариуг хүлээж авахаас аргагүй. Тэгвэл хуулийнхан тэрсэлдэхээр өнөөх мөрдөн байцаалтын нууц ил болдог аж. Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга нар нэгнээсээ өрсөн сэтгүүлчдийг урьж эсрэг талынхаа хууль бус гэж үзсэн үйлдэл бүрийг баримттайгаар дэлгэх юм. Бүр гайхмаар. Ажлаа хийхэд тохиолдож буй зовлон жаргалаа тоочин, хов живийн шинжтэй мэдээллийг сэтгүүлчдэд шивнэх нь хуульчийн ёс зүйд нийцэх үү. Мөн төрийн тусгай байгууллага болох АТГ-ынхан нэгийгээ тагнаж, чагнах нь төрийн нууцад хамаарна гэдгийг хуульчид хэлж байна. Төрийн нууцын тухай хуульд гүйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг нууцад хамруулах тухай заасан байдаг. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргын өрөөнд байсан чагнах төхөөрөмж гүйцэтгэх ажилтай холбоотой ч, ноцтой хэргүүдийн талаарх баримт байж мэднэ. Тэр утгаараа төрийн нууцад хамаарна. Иймээс ч дээрх хэргийг Тагнуулын ерөнхий газарт шалгаж байгаа. Гэтэл Улсын ерөнхий прокурор төрийн нууцад хамаарах хэргийн талаар хэвлэлийн бага хурал хийх үеэр цухас дурдсан. Мөн АТГ-аас өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийхдээ “Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нь тагнаж, чагнахдаа хуулийн хүрээнд, ном журмын дагуу ажилласан. Гэтэл оргон зайлах гэж байгаа онц хүнд гэмт хэрэгтэн шиг хорьсонд харамсч байна” гэсэн билээ. Нэгэнт чагнаж, тагнасан нь гүйцэтгэх ажилтай холбогдож Төрийн нууцад хамаарах бол АТГ ч , шалгаж байгаа байгууллага ч мэдээлэл өгөх учиргүй.
Ө.Алтангадасыг баривчилж, хорьсон нь хуульд нийцэх эсэхэд АТГ, Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд маргалдаж байгаа. Авлигын эсрэг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “АТГ-ын албан хаагчдыг АТГ-ын даргын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэж заасан. Э.Амарбат нарын дарга нарын өрөөнд чагнах төхөөрөмж тавьсан гэх дуулиан наадмын өмнө дэгдсэн. Энэ үндэслэлээр Тагнуулын ерөнхий газраас Ө.Алтангадасыг баривчилсан бол хууль зөрчсөн үйлдэл болно. Харин Ө.Алтангадасыг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчилсан бол АТГ-ын даргаас зөвшөөрөл авах шаардлагагүй тухай дээрх хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заажээ. Сэжигтэнг баривчилсныхаа дараа 48 цагийн дотор АТГ-ын даргад мэдэгдэх учиртай. Тагнуулын ерөнхий газраас Ө.Алтангадасыг үйлдэл дээр нь барьсан учраас хуулийн дагуу саатуулсан гэж мэдэгдсэн. Тагнуулын ерөнхий газрын мэдээллээр АТГ-ын чагнах, тагнах үйлдэл үргэлжилсээр байна гэж дүгнэж болохоор байна. Тэгвэл энэ удаад хэнийг тагнаж байгаа бол.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин