Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай Төрийн тэргүүний хуулийн төсөл санаачлах, боловсруулах, батлуулах чиглэлээр 2015 онд хийсэн ажлын талаар ярилцлаа.
-2015 он гарч байна. Энэ онд хуулийн бодлогын чиглэлээр хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа хэр амжуулав. Шинэ оноо ажлын ямар үр дүнтэйгээр угтах гэж байна. Эргээд харахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд тун завгүй, их үр бүтээлтэй жил байх шиг боллоо?
-Монгол Улсын Ерөнхийлөгч 2013-2017 онд хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Том төрөөс ухаалаг төр рүү санаачилгынхаа хүрээнд 2015 онд хуулийн бодлогын чиглэлд маш олон ажил хийж гүйцэтгэсэн жил болж өнгөрч байна. Зөвхөн хуулийн бодлогын чиглэлээр гэхэд УИХ-д 12 хуулийн төсөл өргөн мэдүүлж, 6 хууль тогтоомжийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлууллаа. Зөвхөн үүгээр хязгаарлахгүй боловсруулалтын шатандаа яваа чамгүй олон хуулийн төсөл байгаагаас зарим хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон.
-Эхлээд Нийтийн сонсголын тухай хуулийн талаар тодруулж асууя. Хэрэгжиж эхлэх хугацаа нь ч дөхөж байна?
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын хууль 2015 оны 7 дугаар сард УИХ-аар батлагдсан. Нийтийн сонсголын тухай хууль хэдхэн хоногийн дараа буюу 2016 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Хуулиар 6 төрлийн сонсгол явуулахаар заасан байгаа. Хуулийн зорилго бол нэг талаас төрийн шийдвэр гаргахад оролцох иргэдийн оролцоог хангах зорилготой юм. Нөгөө талаас төрийн байгууллага, албан тушаалтан шийдвэрээ гаргахдаа мэргэжлийн шинжээч, эрдэмтэн судлаач, иргэдийн санал, санаачлагад үндэслэж, гаргасан шийдвэр нь иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд нийцэж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн Монгол Улсад парламентын ардчилалыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Харин УИХ-аас сонсголын төрөл тус бүрээр нарийвчилсан журам боловсруулж батлан гаргах ёстой. Энэ ажлыг удахгүй хийх байх гэж бодож байна.
-Олон нийт, мэргэжлийн хүрээнийхний дунд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж, батлуулсан Захиргааны ерөнхий хуульд ам сайтай байгаа. Үнэхээр цаг үеэ олсон чухал хууль гэж ярилцаж байна. Дүрэмгүй захиргааг дүрэмтэй болголоо гэж ч ярьж байна. Энэ хууль хэзээнээс хэрэгжих гэж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуулийг санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулснаар захиргааны эрх зүйн салбарт томоохон шинэтгэлийг эхлүүлээд байна. Учир нь Монгол Улс захиргааны үйл ажиллагааг зохицуулсан хамгийн чухал хуулиа батлан гаргаагүй өнөөдрийг хүрээд байсан. Иргэнд төрийн үйлчилгээг хүргэдэг захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны стандарт, дагаж мөрдөх дүрмийг энэ хуульд нарийвчлан тусгасан. Энэ хуулийг ардчилал өндөр хөгжсөн улс орнуудад Үндсэн хуулийн дараа орох ач холбогдолтой гэж үздэг. Тиймээс хуулийг хэрэгжүүлэхийн өмнө нэлээд бэлтгэл ажил хэрэгтэй. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийг 2016 оны 7 дугаар сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөхөөр УИХ шийдвэрлэсэн.
-Захиргааны ерөнхий хуулийн ач холбогдлын талаар тодруулж өгөхгүй юу?
-Өдөр тутам захиргааны байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрээс болж эрх нь зөрчигдсөн, гомдсон, үйлчилгээнд нь сэтгэл дундуур иргэд олонтаа тохиолддог. Энэ бүхний үндсэн шалтгаан нь захиргааны байгууллага, албан тушаалтны дор зориг, хууль бус үйл ажиллагаанаас иргэнийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан хуульгүй байсантай холбоотой. Товчхондоо Захиргааны ерөнхий хуулиар дараах асуудлыг зохицуулж байгаа. Нэгд, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж, аливаа шийдвэр гаргахдаа иргэнээ сонсдог, иргэнээ оролцуулдаг, иргэндээ мэдээлдэг, иргэндээ үйлчилдэг тогтолцоо бүрдэнэ. Хоёрт, Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа нэг стандартын дагуу явагдаж, үйл ажиллагаа нь уялдаатай болно. Гуравт, хариуцлагатай захиргаа бүрдэж, иргэд өөрсдийн эрх, хууль ёсны эрх ашгаа хамгаалах тогтолцоо бий болгож байгаа.
-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль ямар шатанд явж байгаа вэ. Сэтгүүлч миний хувьд энэ хуулийг яаралтай батлах гаргах чухал хууль гэж харж байгаа?
-Тэгэлгүй яах вэ. Энэ хуулийг яаралтай батлан гаргах зайлшгүй шаардлага байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд онцгой анхаарал хандуулж ирсэн. Ерөнхийлөгчийн зүгээс иргэний нийгмийн болон бусад байгууллага, эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж 2015 оны 4 дүгээр сард УИХ-д өргөн барьсан. Уг хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага байгааг цөөн зүйлээр хэлье. Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэргийн 2014 оны төлөв байдал 2013 оныхоос 2.6 дахин, хохирогчдын тоо 3.5 дахин өссөн, 5 гэр бүл тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлээс болж салсан тоо баримт байна. 2009-2014 оны хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 3048 хэрэг үйлдэгдэж, хүн амины 66, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах 2727 гэмт хэрэг гарсан байна. Бид орчин үеийн боолчлол болох “Гэр бүлийн хүчирхийлэл”-ийг хүлээн зөвшөөрөх ёсгүй.
– Монгол Улсын Ерөнхийлөгч авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд дуу хоолой нь болж ажилладаг. Саяхан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг УИХ-д өргөн барилаа. Энэ хөтөлбөрийн талаар тодруулж ярина уу?
-Аливаа улсын ардчиллын хөгжилд саад тотгор болж байдаг зүйл бол авлига, хээл хахууль. Сүүлийн жилүүдэд манай улс авлигатай тэмцэх чиглэлд тодорхой ахиц дэвшил гаргаж байгааг Олон улсын байгууллага /ОУБ/-ын болон дотоодын судалгаанаас харж болно. Дэлхийн улс орнуудын авлигын түвшний өөрчлөлтийг харьцуулж үнэлдэг “Транспарэнси Интернэшнл” ОУБ-аас явуулсан Авлигын төсөөллийн индексийн судалгаанаас харахад Монгол улс 2014 оны байдлаар 175 орноос 80 дугаар байрт жагссан нь 2013 оныхоос 3 байр, уг үзүүлэлтийг 2012 онтой жишихэд 14 байр дээшилсэн байна. Гэсэн ч энэ чиглэлд бидэнд тууштай хэрэгжүүлэх бодлого үгүйлэгдэж, хийж хэрэгжүүлэх, ажил маш их байгаа. Авлигатай үр нөлөөтэй тэмцэх хамгийн үр дүнтэй мехнизм бол төрийн маш тодорхой бодлоготой байх ёстой. Авлигатай тэмцэх гэдэг бол нэг байгууллагын ажил биш, Монгол төрийн ажил байх ёстой. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Хэлэлцэх эсэх тухай хэлэлцээд төслийг хэлэлцэхийг УИХ-аар дэмжсэн.
–Таньд тавих дараагийн асуулт төрийн албатай холбоотой. Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн албаны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийн ач холбогдол чухам юу вэ?
–Ерөнхийлөгчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж 2015 оны 7 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ дэмжээд, Төрийн байгуулалтын байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Одоогийн үйлчилж байгаа Төрийн албаны тухай хууль 2002 онд батлагдсан байдаг. Төрийн албыг хариуцлагажуулах чиглэлээр бид олон жил ярьсан боловч хүсэн хүлээсэн үр дүн хараахан гарахгүй байна. Хуулийн төсөлд төрийн албыг хариуцлагатай болгох чиглэлээр 10 үндсэн чиглэлийн зохицуулалтыг тусгасан. Энд “мерит зарчим” буюу чадахуйн зарчимд үндэслэсэн төрийн албыг бэхжүүлсэн. Төрийн албан тушаалд шат дараалалтай дэвшдэг болох асуудлыг илүү тодорхой болгосон. Хууль ноцтой зөрчсөн төрийн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан.
–Саяхан УИХ-аар Батлан хамгаалах бодлогын үндэс гэсэн маш чухал баримт бичиг батлагдлаа. Ерөнхийлөгчийн зүгээс энэ бодлогын баримт бичгийг боловсруулсан шаардлага юу байв. Ач холбогдол нь юунд байгаа вэ?
-Улс орон өөрийн аюулгүй байдлаа хангах, батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг зайлшгүй баталж, хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Манай улсын хувьд УИХ-аас 1998 онд “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг баталснаас хойш даруй 17 жилийн нүүртэй золгож байна. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд манай улсын гадаад, дотоод орчинд эрс өөрчлөлт гарч, нийгэм, эдийн засаг бүхэлдээ өөрчлөгдсөн байна. Энэ өөрчлөлт, шинэчлэл нь Монгол Улс хэрэгжүүлж буй батлан хамгаалах бодлогын баримт бичгийг эргэн харах, цаашилбал шинэчлэх, өөрчлөлт хэрэгцээ шаардлагыг бий болгосон. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлэн, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн батлууллаа.
-Энэ талаар илүү тодруулж яривал…?
-Энэхүү бодлогын баримт бичиг батлагдсанаар Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоо, түүний бүрэлдэхүүн хэсэг, зэвсэгт хүчний бодлогод зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орох байх. Мөн 2010 онд шинэчлэн батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бүрнээ нийцэж байгаа. Уг бодлогын баримт бичиг батлагдсантай холбогдуулан цэргийн дээд цол болон цэргийн цол олгох журмыг шинэчлэн баталсан. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Цагдаагийн байгууллагын тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай болон холбогдох хуульд УИХ-аас нэмэлт өөрчлөлт оруулсан нь эдгээр журмыг шинэчлэн батлах хууль зүйн үндэслэл болсныг хэлэх нь зүйтэй байх. Тухайлбал, Цагдаагийн дарга цэргийн дээд цолтой байхаа больсон. Онцгой байдлын алба, тагнуулын байгууллагын удирдлага цэргийн дээд цолтой байхаар болж өөрчлөгдсөн байгаа.
–Хариуцлагын тухай хууль өргөн баригдаад нэлээдгүй удлаа. Саяхан УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжлэг аваагүй гэж сонссон. Энэ талаар та дэлгэрүүлж ярина уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нэгдсэн чуулганы хуралдаанаар энэ хуулийг хэлэлцэх эсэхийг шийдээгүй л байна.
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуулиар сонгогдсон албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх механизм байхгүй. Учир нь уг хуулийн хариуцлагын тогтолцоо нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид үйлчлэхээр заасан. Тиймээс сонгогддог албан тушаалтныг эгүүлэн татдаг, томилогддог төрийн өндөр албан тушаалтныг огцруулдаг хариуцлагын тогтолцоо бодит байдал дээр хэрэгжихгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Энэ хуулийн төсөл бол ард түмнээс итгэл авч сонгогддог, улс орны хэмжээнд бодлогын шийдвэр гаргадаг албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Уг хуулийн төслөөр сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлсон. Мөн албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа.
-Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуульд олон нийт ам сайтай байна. Иргэд, олон нийт Шилэн дансны хуулийн ач тусаар төсвийн зарцуулалтын талаар мэдээлэл авч байна. Хэрэгжээд удаагүй байгаа ч маш чухал хууль болсон харагдаж байна?
-Өнгөрч байгаа 2015 онд Ерөнхийлөгчөөс санаачилсан Шилэн дансны хууль хэрэгжиж эхлээд даруй ойтойгоо золгож байна. Энэ хуулиар Төрийн нууцад хамаарахаас бусад 5 саяаас дээш хөрөнгө зарцуулж байгаа гүйлгээг иргэдэд ил болж байгаа. Шилэн дансны ачаар олон нийтийн сүлжээ идэвхтэй ашигладаг хэсэг, иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр төрийн байгууллага, албан тушаалтны төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар маш их хэлэлцүүлэг, шүүмжлэл өрнөдөг болж. Төсвийн хөрөнгийн зарцуулалт иргэд олон нийт хяналт тавихад иргэдэд хурц хараа, сонор сэрэмж нэмсэн амин чухал хууль болжээ гэж дүгнэж болохоор байна. Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээр албан тушаалтны төсвийн хариуцлага дээшилсэн байна. Өмнө явж ирсэн буруу жишгээсээ татгалзаж, хуулийн дагуу, төсвийн үр ашигтай зарцуулах нөхцөл бүрдэж байна.
–Ерөнхийлөгчийн зүгээс өөр ямар хуулийн төсөл санаачлан боловсруулж өргөн мэдүүлээд байна вэ?
–Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөл, Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл, хамгийн сүүлд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус УИХ-д өргөн мэдүүлээд байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ирж буй шинэ онд ажлын өндөр амжилт, сайхан бүхнийг хүсье.
–Баярлалаа. Удахгүй болох үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын мэндийг нийт Монголын ард түмэндээ өргөн дэвшүүлье. Ирэх 2016 ондоо цог хийморьтой, эрүүл энх байхыг хүсье.
Л.ХАЛИУ