Сайдыг хэзээ томилох вэ?

Хуучирсан мэдээ: 2015.12.25-нд нийтлэгдсэн

Сайдыг хэзээ томилох вэ?

Эрүүл мэнд, спортын сайд Н.Шийлэгдамба авлигын хэрэгт холбогдон баривчлагдаж, өөрийн хүсэлтээр сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан билээ. Түүний оронд сайдад томилох хугацаа дуусгавар болсон талаар сүүлийн үед мэдээлж байна. Энэ талаар ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

Эрүүл мэнд, спортын сайдыг нөхөн томилох 30 хоногийн хугацаа дууссан, Ерөнхий сайд хууль зөрчиж байгаа талаар сүүлийн үед яригдах боллоо. Энэ талаар тодруулга өгнө үү?

-Гадуур буруу ойлголт яваад байгаа юм байна. Хуулийн дагуу Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал томилж, чөлөөлдөг. Одоогоор Эрүүл мэнд, спортын сайдыг Улсын Их Хурал үүрэгт ажлаас чөлөөлөөгүй болно. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлсний дараа нөхөн томилох асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр хуульчилсан байна. Иймд Таны асуултад дурдсан 30 хоногийн хугацааг тоолж ч эхлээгүй болох нь тодорхой юм.

Г.Шийлэгдамба сайд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн гэсэн. Энэ асуудал хэзээ шийдэгдэх бол?

-Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн. Уг асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд нөхөн томилуулах нэр дэвшигчийн саналын хамт Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхээ мэдэгдсэн. Үүний дагуу ойрын хугацаанд асуудал шийдвэрлэгдэх биз ээ. Одоогоор Шадар сайд Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайдын эрх, үүргийг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу хариуцан ажиллаж байна.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж