АНУ, БНАСАУ-ын харилцаа “цөхрөл”-ийн цэгтээ хүрэв

Хуучирсан мэдээ: 2020.06.13-нд нийтлэгдсэн

АНУ, БНАСАУ-ын харилцаа “цөхрөл”-ийн цэгтээ хүрэв

АНУ, БНАСАУ-ын харилцаа “цөхрөл”-ийн цэгтээ хүрэв

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Сон Гвон “БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Сингапурт түүхэн дээд хэмжээний уулзалт хийснээс хойш хоёр жилийн дараа хоёр улсын харилцаа "цөхрөл”-ийн цэгтээ хүрлээ гэж мэдэгдсэнийг өнгөрсөн Баасан гариг (2020.06.12)-т Солонгосын төв мэдээллийн агентлаг (ЦТАК) онцолжээ.

Тэрбээр “2018 оны зургадугаар сарын 12-нд БНАСАУ, АНУ өндөр дээд хэмжээний түүхэн яриа хэлэлцээ хийснээс хойш хоёр жил өнгөрчээ. 732 өдөр бол чамлахааргүй хугацаа. Энэ хугацаанд гэрч болсон дэлхий дахин хоёр улсын харилцааны түүхээс ямар сургамж авсныг ойлгох хэрэгтэй. Хоёр жилийн өмнө дэлхий нийтийн анхаарлын төвд байсан БНАСАУ, АНУ-ын харилцаа сайжрах итгэл найдвар одоо цөхрөл болон хувирчээ. Тийнхүү цөхрөнгөө барсан нь Солонгосын хойгт энх тайван, хөгжил цэцэглэлт авчрах өөдрөг үзэл, итгэл найдварын бяцхан оч унтарч, улам дордож буйн шинж юм” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Мөн тэрбээр БНАСАУ, АНУ-ын харилцаа болох хамгийн зөрчилдөөнтэй харилцаанд цэг тавьж, урьд өмнө нь байгаагүй энх тайван, хөгжил цэцэглэлтийн шинэ эринийг нээх нь хоёр улсын ард түмний хүсэл зориг юм гэж үзэж буйгаа мэдэгджээ.

Ли Сон Гвон "Солонгосын хойг дахь нөхцөл байдал өдөр бүр дордсоор байна. БНАСАУ АНУ-ын өрсөж цөмийн цохилт өгөх зорилгод багтсан хэвээр байна. АНУ-ын эзэмшдэг бүх төрлийн цөмийн зэвсэг нь БНАСАУ-д шууд чиглэсэн. БНАСАУ-ын аюулгүй байдлын стратегийн зорилго нь АНУ-ын урт хугацаанд цэргийн хүчээр заналхийлхийг эсэргүүцэх илүү найдвартай хүчийг бий болгох явдал юм” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Сингапурт 2018 оны зургадугаар сарын 12-нд АНУ, БНАСАУ-ын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт болсон билээ. Уулзалтын үеэр БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан. Тухайн үед Вашингтон аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийнх нь хариуд БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хариуцлагыг өөртөө хүлээсэн юм. Гэсэн хэдий ч 2019 оны хоёрдугаар сард Ханойд болсон хоёр улсын хоёр дахь дээд хэмжээний уулзалт үр дүнгүй өндөрлөсөн билээ.

Өнгөрч буй долоо хоногт БНАСАУ Сөүлтэй шууд утсан харилцаагаа тасалж, АНУ-д хандан анхааруулга мэдэгдэл хийв. Пёньянаас АНУ-д хандан ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиа тайван явуулахыг хүсч байгаа бол Солонгосын хойгийн асуудалд хошуу дүрэхээ боль хэмээн анхааруулсан юм.

Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдэгдлийг тус улсын төрийн мэдээллийн агентлаг дамжуулахдаа АНУ-ыг “давхар санаатай, жигшүүртэй” хэмээн тодотгожээ. Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны АНУ-ын асуудлыг хариуцсан хэлтсийн орлогч дарга Квон Жун Гун “Хэрэв ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиа тайван байлгах, “үс өрвийлгөм” үйл явдлаас зайлсхиймээр байгаа бол АНУ өөрийн дотоод асуудалдаа анхаарч, үг хэлээ мэдэх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ. Энэ нь сүүлийн хоёр жилд Хойд Солонгосоос АНУ-ын эсрэг хийсэн сүржин заналхийлэл болсон билээ.

Эх сурвалж: TASS, KCNA
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж