Оюутолгой төслийн дийлэнх хувьцааг "Рио Тинто" эзэмшдэг

Хуучирсан мэдээ: 2020.06.13-нд нийтлэгдсэн

Оюутолгой төслийн дийлэнх хувьцааг "Рио Тинто" эзэмшдэг

“Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

"БАНКУУД АВЛАГАА БАРЬЦААЛЖ, ХӨРӨНГӨ БОСГОХ БОЛОМЖТОЙ"

Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.

-Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж буй таны хувьд өнөөдөр энэ зах зээл хэр хөгжиж байна гэж харж байна вэ?

-Миний бие Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн урт хугацаанд гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байна. Өнгөрсөн хугацаанд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн найруулах, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг боловсруулахаас нь эхлээд батлуулах хүртэл нь хариуцаж ажилласан. Түүнчлэн Лондонгийн хөрөнгийн биржтэй стратегийн хамтын ажиллагааг эхлүүлэхэд гар бие оролцож, үүний үр дүнд олон улсын стандартыг Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлж чадлаа. Мөн төлбөр тооцооны шинэчлэл хийж, олон улсын жишигт нийцсэн дараа төлбөрт Т+2 системийг нэвтрүүлсэн, зах зээлийн дүрэм журмуудыг шинэчилж, эрх зүйн таатай шинэ орчныг бүрдүүлснээр Монголын хөрөнгийн зах зээлд IPO хийх ажиллагаа ихээхэн идэвхижсэн.

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд цаашид юун дээр илүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Дотоодын хөрөнгийн зах зээл харьцангуй өсч, ахиц дэвшил гарч байгаа энэ эрчийг алдагдуулахгүй, зах зээлийг улам эрчимжүүлэн хөгжүүлэх чиглэлээр шинэчлэлийн арга хэмжээнүүдийг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн бүтэц хэт нүсэр байна. Олон улсын хөрөнгийн зах зээлийн бүтцийг судалж үзвэл арилжаа, төлбөр тооцоо зэрэг дэд бүтцийн байгууллагууд нь нэгдмэл буюу группийн бүтэцтэй байдаг тул эцсийн хөрөнгө оруулагчийн арилжаанд оролцох зардал нь хямд болдог. Манай зах зээлийн хувьд олон салангид байгууллагууд нь төрийн өмчит хэлбэрээр тус, тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа нь зах зээлийг нэгдсэн бодлого, чиглэлээр хангах, зах зээлийн өртөг зардлыг бууруулахад сөргөөр нөлөөлдөг. Үүний зэрэгцээ мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын сан бий болгох шаардлагатай байна. Бидний хувьд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох талаар ихээхэн анхаарч ажиллаж байна. Тухайлбал, хамтын хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн зохицуулалтыг нэвтрүүлсэн. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь компани хөрөнгийн бирж дээр IPO хийдэгтэй ижил зарчмаар олон нийтэд хувьцаагаа гаргаж, хөрөнгө босгоно. Тэрхүү хөрөнгөөрөө хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй компаниудаар багц бүрдүүлэн хөрөнгө оруулалт хийж, мэргэжлийн удирдлагаар хангаж өгдөг. Эрх зүйн орчин нь бүрдсэн учраас ойрын хугацаанд эхний компани хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг олон нийтэд санал болгоно гэж найдаж байна. Түүнчлэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу банк, санхүүгийн байгууллагууд авлагаа барьцаалж, хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох бүтээгдэхүүний эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргээр бид хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, Монгол Улсын эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Э.УРАНЦЭЦЭГ


“АЗТАЙ БАДАРЧИН” НААДМЫН ШАГНАЛААР ХӨШӨӨ БОСГОХЫГ ХҮСДЭГ

“Тайван намрын өнгө нь халиун
Тансаг олны итгэл халуун
Суугуул нутгийн уудам хөндий
Суурь сүргийн бараа дүүрэн”

хэмээн отрын бэлчээрт гитар хөгжимтэй дуулах Болдоо хүүгийн дүрд үзэгчид их хайртай. Энэ дүрд Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг гавьяат жүжигчин Батзанын Батзаяа 16 насандаа анх тоглосон байдаг. Өдгөө 62 настай түүнийг энэ удаагийн “Мартагдашгүй танил” булангийнхаа зочноор урилаа. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн хэдэн жил урлагийн алтан тайзнаа гараагүй ч “Монголын хошин урлагийн нэвтэрхий толь” ном гаргахаар төлөвлөж, кино зохиол бичиж байгаа гэдгээ дуулгасан юм. Ингээд түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.

-Урилгыг минь хүлээн авч, зав гарган уулзаж байгаад баярлалаа. Тантай утсаар холбогдоход эмнэлгээр явж байна гэсэн. Таны бие сайн уу?

-Та бүхэнд бас баярлалаа. Миний бие давгүй ээ. Тал харвалт өгөөд хоёр жил шахам болж байна. Харвалт өгснөөс үүдэлтэй саажилт гайгүй болоод л байна.

-Та одоо хаана, хэнтэйгээ амьдарч байна вэ?

-Би Хууль сахиулахын их сургуулийн ойролцоох байрандаа хөгшинтэйгөө хоёулаа амьдарч байна. Хүүхдүүд өөрсдийнхөө ажил, амьдралыг хөөгөөд явцгаасан. Би чинь анх 1980 хэдэн онд ханьтайгаа танилцаж, янз бүрийн л асуудалд өртөж явлаа. Би хэзээ ч энэ адармаатай амьдралдаа харамсдаггүй. Хүн туулах ёстой амьдралаа л туулдаг. Уран бүтээлч хүнийхээ хувьд урлагийн тогоонд чанагдаж, зөв зүйл бодож л өдийг хүрлээ дээ.

-Хоёр хүүтэй гэж сонссон. Хүүхдүүдээс нь аавынхаа авьяасыг өвлөсөн хүн бий юу?

-Тийм ээ. Би хоёр хүүтэй. Хоёр хүү маань урлагийн замыг сонгоогүй ээ. Нэг хүү маань эдийн засаг, нөгөөх нь гадаад харилцааны мэргэжлээр их сургуулиа төгссөн. Өнгөрсөн оны тавдугаар сард бага хүү маань хүүхэдтэй болж, анхны ачаа үзсэн. Үеийнхнээсээ нэлээд хожуу ачаа үзсэн хүн дээ.

-Тийм байна. Та хүүхэд насныхаа талаар яриач. Их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг?

-Миний хүүхэд нас яах вэ. Их ч хөдөлгөөнтэй, энд тэнд харайж, унаж туссан хүүхэд байсан. Их сониуч, юм болгоныг сонирхож явна. Манайх 11 хүүхэдтэй өнөр өтгөн айл. Би дээрээсээ дөрөв дэх хүүхэд нь юм.

Б.Батзаяа Монголын Ардын Армийн 119-р ангид 1979 онд цэргийн алба хаажээ

-Хүмүүс “Хөдөөгийн баясгалан” киноны Болдоо хүүгийн дүрд их хайртай. Анхны дүрдээ хэрхэн тоглож байсан тухай ярихгүй юу?

-Би анх арван жилийн сургуулиа төгсөөд, Улсын багшийн их сургуулийн кино драмын ангид элсэхээр шалгалт өгсөн. Тэр үеэр л найруулагч Д.Жигжид гуай намайг олж харсан юм билээ. Удалгүй надад кино пробонд орох санал тавьсан. Монгол кино үйлдвэрт анх очиход сүртэй проб аваагүй ээ. Нэг фото проб аваад шууд л хөдөө зурганд аваад явсан. Тухайн үед Архустай, Жанчивлан зуслан орчимд натурт гарсан санагдана.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
А.ЦЭЭСҮРЭН


"FIFA ЭНЭ ЖИЛ 500 МЯНГАН ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОХООР ШИЙДСЭН"

Монголын хөлбөмбөгийн холбооны маркетинг, хэвлэл мэдээллийн хэлтсийн ахлах ажилтан Ч.Энхбаттай уулзаж ярилцлаа.

-Цар тахлаас болж спортын олон арга хэмжээ цуцлагдсан. Гэхдээ дэлхийд зарим спортын наадмууд эргээд зохион байгуулагдаад эхэллээ. Монголын хөлбөмбөгийн шинэ улирал эхэлнэ гэж зарласан. Хөлбөмбөгийн фанатууд нэлээд хүлээлттэй байлаа, гэтэл яагаад эхэлсэнгүй вэ?

-Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс УОК-т хорио цээрийн дэглэмийн дагуу, ариутгал халдваргүйжилтээ хийгээд, бүх дүрэм журмыг нь баримтлаад лигийн тоглолтуудаа явуулъя гэхдээ бүх тэмцээнээ бус үндэсний дээд лиг, нэгдүгээр лиг, футзалны дээд лиг гэсэн гурван гол чухал тэмцээнээ зохион байгуулъя гэсэн хүсэлтээ хүргүүлэхэд УОК-оос зөвшөөрсөн хариу ирүүлсэн. Зөвшөөрсөн хариу ирэхэд холбооны зүгээс баг, тамирчдаа хэрхэн байрлуулах, талбайд гаргах, гоолын баяраа тэмдэглэх гээд зүйлийг бэлдсэн  дээ. Хөлбөмбөгөөр цангаж байсан маш олон фанат, үзэгч, тамирчин их баяртай байсан ч яг гурав хоногийн дараа УОК шийдвэрээ цуцалсан. Цуцалсан шалтгаанаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох байгууллагуудын зөвлөмжийн дагуу цуцлах шийдвэр гаргалаа гэж тайлбарласан. Харин саяхан дахин хүсэлт явуулахдаа Монголын хөлбөмбөгийн холбоо шиг хүнд байдалтай байгаа Монголын сагсан бөмбөгийн тамирчдын холбоо болон Монголын волейболын холбоотой хамтарсан.

-Улсын онцгой комиссын эргэж, буцсан шийдвэрээс болж багууд хэдий хэмжээний санхүүгийн хохирол амсав. Шинэ улиралд бэлдээд багагүй хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан гэж дуулсан?

-Жишээ дурдвал, "Улаанбаатар Сити" баг гэхэд УОК-ыг зөвшөөрсөн гэж дуулаад Төв аймаг руу багаараа бэлтгэлд гарсан. Багаар бодоход 23 тоглогч үүн дээр 6-7 албаны хүн гээд бодохоор нийт 30 хүний зардал яригдана. Лиг маань зургадугаар сарын 5 гэхэд эхлэх байсан учир багууд хувцас, хэрэглэл, бэлтгэлийн материалуудаа худалдан авахад доод тал нь 25 сая гаруй төгрөг гаргасан гэж байгаа. Үүнийг нэг лигийн 10 баг, гурван лигийн 30 баг гэж тооцвол 750 сая гаруй төгрөгөөр "шатсан" байна.

-Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино Монголд айлчлах үеэрээ Монголын хөлбөмбөгийн холбоонд жил 1.5 сая ам.долларын санхүүжилт олгодог гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярьсан. Энэ үнэн үү, Жанни Инфантиногийн мэдээлэлд тайлбар өгөөч?

-Монголын хөлбөмбөгийн холбоо жил болгон FIFA-аас төсөвлөгдсөн хэмжэээгээрээ бол 500 мянган ам.долларын үйл ажиллагааны санхүүжилт авах ёстой. Үүн дээр нэмээд тодорхой нөхцлүүдтэйгээр 500.000 ам.долларын санхүүжилт төсөвлөгддөг. Гэхдээ энэ 500 мянган ам.долларын санхүүжилтийг 10 нөхцөлтэйгөөр авдаг. Жишээлбэл, үндэсний шигшээ багтаа тодорхой хувийг, эмэгтэй шигшээ багтаа тэдэн хувийг нь, хүүхдийн хөлбөмбөгт мөн тэдэн хувийг гэх мэтчилэн 10 хэсэгт хуваагддаг. Энэ 10 нөхцөл нь бүгд өөр өөрийн гэсэн тавигдах шаардлагатай. Эмэгтэй хөлбөмбөгийн лигийн хувьд гурван сар үргэлжилж, 10 баг оролцсон байх ёстой гэх мэт болзол тавигдана. Энэхүү болзлыг нь хангаж байж дээрх санхүүжилтийнхээ тодорхой хувийг авна. 2019 онд эмэгтэйчүүдийн лигт ердөө зургаан баг оролцсон учир болзлоо хангаж чадалгүй 500 мянган ам.долларын санхүүжилтийнхээ тодорхой хувийг тануулсан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж