Үйлчилгээний газруудаа нээе

Хуучирсан мэдээ: 2020.06.12-нд нийтлэгдсэн

Үйлчилгээний газруудаа нээе

Үйлчилгээний газруудаа нээе

Covid-19 цар тахал дэгдсэн улс орнууд хоригоо зөөлрүүлж, эдийн засгаа аврах ажиллагаанд аль хэдийнэ шилжсэн бол Монгол Улс дотооддоо энэ өвчнийг алдаагүй хэр нь бизнес эрхлэгчдээ боомилсоор төсвийн алдагдлаа зузаатгав.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний таван сарын байдлаар төсвийн алдагдал 1.6 их наяд төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан 2 их наядын алдагдлын лимит дуусч байна гэсэн үг.

Хэдийгээр төсвийн алдагдлын дийлэнх хувийг экспортын орлого эзлэх ч дотооддоо бизнесээ таг хориогүй бол арай өөр дүр зураг гарах байсан болов уу.

Шулууханд хэлэхэд, Монголд өнөөдөр нэг хэсэг нь хуулийн дээр нөгөө хэсэг нь хуулийн доор амьдарч байна. Жишээ татвал, цар тахлаас сэргийлэх зорилгоор УИХ-аас баталсан “нэр дэвшигч сонгогчтой гар барихгүй, тэврэхгүй, үнсэхгүй” гэдэг хориг өнөөдөр эрх мэдэлтнүүдэд үйлчлэхгүй 10 хонож байгаа бол Улсын Онцгой комиссоос гаргасан “үйлчилгээний байгууллагууд ажиллаж болохгүй” гэдэг шийдвэрийг бизнес эрхлэгчид мөрдсөөр тав дахь сартайгаа золгов. Түрээсийн төлбөр, банкны зээлэндээ “шатан, шатан” мөрдсөөр… Шударга нийгмийн үнэт чанар энэ мөн үү.

Уг нь бизнес эрхлэгчид учир байдлаа хэлж, үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаа эрхлэх боломжоор хангаж өгөх хүсэлтийг хотын захиргаанд тавьсан. Таг чиг. Сонгууль чухал болохоос цаана нь иргэд ажилгүй, орлогогүй болох түй ч хамаагүй бололтой.

Зуны амралт эхлээд хоёр долоо хоног өнгөрлөө. Эцэг, эхчүүд амралтын өдрөө хүүхдүүдээ аваад гарахад тоглоомын газар ажиллахгүй байна. Зуны сургалтад явуулъя гэхэд дугуйлан, секц нь ажиллахгүй. Спорт заал, номын санд чөлөөт цагаа өнгөрүүлэх ч боломжгүй. Кино, жүжиг үзүүлье гэхэд театрууд ажиллахгүй. Өдөржин гар утсаа “мааждаг” хүүхдүүд л олон боллоо.

Баар, караоке ч хаалгаа хаагаад таван сар болов. Ажиллавал цар тахлын хууль зөрчсөн гээд шууд торгоно.

Харин нэр дэвшигчдийн сонгогчидтойгоо хийж байгаа уулзалт 1.5 метр зай цаашаа болж байна. Масктай иргэнээс маскгүй нь олон. Гэтэл түүнд хяналт тавих ёстой төрийн байгууллагууд нь ажлаа хийдэггүй.

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Одоо хуулийг мөрдүүлнэ, торгоно” гэж мэдэгдэнэ билээ. Торгох хэрэгтэй шүү дээ.

Мөн дотооддоо цар тахлыг алдаагүй байгаа энэ үед сэрэмж чухал ч үйлчилгээний байгууллагуудаа үйл ажиллагаа эрхлэх боломжоор хангахгүй бол өр ширэндээ баригдаж гүйцлээ.

Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөд ажиллах боломжоор хангах цаг нь болсон юм биш үү. Бүтэн таван сар гүрийлээ. Одоо цааш тэсвэрлэх аргагүй болж байна. Ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өдөр ирэх тусам олшрох боллоо. Ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, шагийн архины үнэ гаарсан зэрэг нь эргээд гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлж байна. Иймээс бизнес эрхлэгчдээ алагчилж байгаа юм шиг хоёр өөр ааш гаргахаа болиод бүгдэд нь үйл ажиллагаа эрхлэх боломжоор хангах шаардлага байна.

Бизнес эрхлэгчид нь түрээсээ төлөх мөнгөтэй болог, иргэд нь чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжоор хангагдаг.

Бүх амьтан тэгш эрхтэй ч гагцхүү гахай ганцаараа давуу эрхтэй гэдэг шиг хоёр өөрөөр хандмааргүй байна.

Дотоодод халдвар тархвал одоогийн журмаа чангаруулаад хэрэгжүүлэхээс аргагүй. Бүр чангаруулаад хөл хорионд шилжих юм байна гэдэг ойлголтыг иргэд хангалттай авсан.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ЗөвЗөв
48
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж