1945 оны 5-р сарын 9 хүртэл Зөвлөлт-Германы галын шугам нь Европ дахь гол фронтын шугам хэвээр байв
ВЯЧЕСЛАВ КАТАМИДЗЕ
Оросын эсрэг үзэлтэн, хуурамч судлаачид Өрнөдийн зарим улс орнууд Германы фюрер Адольф Гитлерийг зоргоор нь тавьсны улмаас гарсан аймшигт дайнд Зөвлөлт Холбоот Улсын оруулсан хувь нэмрийг басамжлах, доромжлох, гүтгэх гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр Аугаа Ялалтын баярын өмнө нэгдэж эхэллээ.
Манай улсын үүргийг хомстох гэсэн баримтлалд хоёр үндсэн байр суурь байна. Энэ нь фашизмыг ялан дийлэхэд гол үүргийг Зөвлөлт Холбоот Улс биш, барууны орнууд гүйцэтгэсэн бөгөөд зөвхөн эдгээр улс орнуудын оролцоо нь 1945 оны 5-р сард дайныг зогсоох боломжтой болгосон гэсэн үзэл юм.
Иймэрхүү хийсвэр онолыг зөвхөн сонин хэвлэлээр болон телевиз зурагтаар сурталчлаад зогсохгүй, сурах бичгүүдэд, тэр ч байтугай олон боть судалгааны ажлуудад хүртэл тусгах болсныг анзаарах боллоо. Жишээлбэл, Чарльз Морын ахлах ангиудын сурагчдад болон оюутнуудад зориулан бичсэн «Хорьдугаар зууны Их Британи» нэртэй сурах бичгийг аваад үзье. Дэлхийн 2-р дайны тухай хэсэгт: «Орос Улсын дайнд оруулсан хувь нэмэр мэдээж үнэлж баршгүй байсан ч зөвхөн Дорнод фронтоор хязгаарлагдаж байсан. Дайны үеийн Их Британийн хүчин чармайлтад Оросын оруулсан хувь нэмэр тэг юм. Харин холбоотнуудын боловсруулсан ерөнхий стратеги дахь Оросын оролцоо нь илүү их нөөц нийлүүлэх, эсвэл Францад нэн яаралтай цэрэг (Англи-Америкийн) оруулах шаардлагуудаар хязгаарлагдаж байсан» хэмээн бичжээ.
Зохиогч нь Дэлхийн 2-р дайны түүхийг муу мэддэг, эсвэл бодит үнэнийг санаатайгаар гажуудуулж байна. ЗХУ-д нийлүүлж байсан Британийн цэргийн хангамж нь харьцангуй бага байсан. Их Британи ЗХУ-д өөрсдийн үйлдвэрлэсэн 2.124 ширхэг «Валентайн» танкийг, Канадад үйлдвэрлэсэн 1.208 мөн адил танкийг нийлүүлжээ. Тэгэхдээ тээвэрлэлтийн явцад 450 танк алдагдсан. Үүний хажуугаар «Валентайн» нь удаан явагч (хурдны зам дээр хамгийн ихдээ ердөө л 24 км/ц хурдалдаг), сулавтар их буугаар (40 мм) тоноглогдсон, бензин хөдөлгүүртэй танкууд байсан ба хамгийн жижиг суманд оногдонгуутаа галд автдаг байжээ. Мэдээжийн хэрэг, тэрхүү нөхцөл байдалд хамгийн өчүүхэн тусламжийг ч маш өндрөөр үнэлж байсан. Харьцуулахад, дайны үед манай улс зөвхөн Т-34 танкийг л гэхэд 57.339 ширхгийг үйлдвэрлэсэн байдаг. ЗХУ өөрт нь туслалцаа үзүүлсэнд талархаж байсан боловч ЗХУ-ын оруулсан хувь нэмэргүйгээр дайнд ялах боломжтой байсан гэж үзэх нь илүүц биз ээ.
«Холбоотнуудын боловсруулсан ерөнхий стратеги дахь Оросын оролцоо нь илүү их нөөц нийлүүлэх, эсвэл Францад нэн яаралтай цэрэг оруулах шаардлагуудаар хязгаарлагдаж байсан» гэх өгүүлбэрийн хувьд бол Британийн түүхчдэд дараах зүйлийг сануулъя: Вермахт Арденны ууланд Англи-Америкийн хүчнүүдийг бут цохиж байхад ЗХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Сталин фашистуудын хүчийг Дорнод фронт руу аль болох их хэмжээгээр татах зорилгоор Висла-Одерийн ажиллагааг тогтоосон өдрөөс нь найман хоногийн өмнө эхлүүлэх тушаалыг генералууддаа өгч байсан. Стратегийн ач холбогдолтой энэхүү шийдвэрийн ачаар Өрнөд фронт дээр холбоотнуудын хэдэн хүний амь нас аврагдсаныг тооцоолоход бэрх.
Дайны хамгийн хүнд хэцүү эхний гурван жилийн турш Зөвлөлтийн ард түмэн Европт нацист Герман болон түүний холбоотнуудын гол хүчнүүдийн эсрэг цор ганцаараа тулалдаж байсныг эргэн сануулах нь зүйтэй болов уу. Тухайн үед фашист Германы 180-260 дивиз, түүний дотор 140-200 дайсны дивиз Зөвлөлт-Германы фронт дээр нэгэн зэрэг байлдаж байв. Зэвсэгт тэмцлийн явцад ЗХУ-ын холбоотнууд удаан хугацааны турш ямар ч идэвхгүй байсныг далимдуулан фашист Германы командлал дорно зүгт улам их цэргээ явуулж байсан. Фронт дээр шинээр татагдсан цэргүүдээс гадна Дорнод фронт руу 270 орчим дивизийг, түүнчлэн Германы дагуул улс орнуудын цэргийн анги нэгтгэлүүдийг шилжүүлэв.
1942 оны 11-р сард Дорнод фронт дээр Вермахтын цэргүүдээс гадна Итали, Румын, Унгар, Финландын 70 гаруй дивиз, мөн Испани, Бельги зэрэг бусад улс орнуудаас татсан «сайн дурынхны» нэгтгэлүүд байлдаж байв. Дайны он жилүүдэд фашистын тал нийтдээ 507 дивизээ, түүний Европ холбоотнууд нь 100 орчим дивизээ алджээ. Германы зэвсэгт хүчин Дорнод фронт дээр маш их хохирол амссан ба нийт хохирлынхоо 90 гаруй хувийг Зөвлөлт Холбоот Улстай байлдаж байхдаа амссан байдаг.
Үндэсний хэмжээний хохирлын тухайд гэвээс Зөвлөлт Холбоот Улсын хохирлын ихэнхийг эзлэгдсэн газар нутгуудаар явуулсан «үндэстний цэвэрлэгээ»-нд өртсөн энгийн номхон ард иргэд эзэлдэг. Барууны орнуудад Гитлер энэ бодлогоо хэрэгжүүлээгүй. Дэлхийн 2-р дайнд Их Британийн 364 мянган иргэн алагдсан ба нас барагсдын зургаагийн ердөө нэг нь л энгийн иргэн байсан. ЗХУ дайнд 27 сая хүнээ алдсан ба тэдний 19 гаруй сая нь энгийн иргэд байсан…
1945 оны 5-р сарын 9 хүртэл Зөвлөлт-Германы галын шугам нь Европ дахь гол фронтын шугам хэвээр байсан. 1945 оны 1-р сард буюу Арденны уулаар довтлохыг завдсан Вермахт Өрнөд фронт дээр хүчээ хамгийн ихээр төвлөрүүлж байх үед тэнд ердөө 73 дивиз байсан бол яг энэ үед Дорнод фронт дээр Германы 179 дивиз байлдаж байв. Ерөнхийдөө Германы армийн бие бүрэлдэхүүний 80%, их бууны 68%, танкуудын 64%, агаарын хүчний 48% нь Зөвлөлтийн цэргүүдийн эсрэг ашиглагдаж байсан ба дайны сүүлийн жилүүдэд Германы армийн хуурай газрын гол хүчин өрнөдөд бус дорнодод байлдаж байсан.
1944 оны зун гэхэд Зөвлөлтийн цэргүүд эзлэгдсэн газар нутгийн ихэнх хэсгийг чөлөөлөв. Дайны төгсгөл эргэлзээ төрүүлэхээ больсон бөгөөд тэр төгсгөл нь ямар байхыг Дорнод фронт дахь үйл явдлууд тодорхойлсон. Дэлхийн 2-р дайнд Вермахт Дорнод фронт дээр зэвсэг, тоног төхөөрөмжийн асар их хохирол амссан ба дайны үеэр устгагдсан Германы бүх онгоцны 70%, танкуудын 75%, артиллерийн 74% нь ЗХУ-тай хийсэн байлдаанд алдагдсан.
1944-1945 онуудад байлдааны үйл ажиллагааны Баруун Европ дахь талбарт болсон тулаануудын цар хүрээ, эрч хүч нь Дорнод фронт дээр 1941-1943 онуудад төдийгүй дайны сүүлийн хоёр жилд болсон үйл явдлуудын хаана нь ч хүрэхгүй.
Зөвлөлтийн цэргүүд дангаараа Вермахтыг эцэслэн ялахаас урьдчилан сэргийлэх цорын ганц зорилготойгоор 1944 оны зун Англи-Америкийн цэргүүдийг Нормандид оруулах ажиллагааг үйлдсэн гэж Оросын зарим түүхчид үздэг ба Дэлхийн 2-р дайны ерөнхий стратегийн дүр төрхийг харгалзан тодорхойлбоос ийнхүү байр суурь нь ойлгомжтой болдог.
Эх сурвалж: «Русская мысль» сэтгүүл
Холбоотой мэдээ