Монгол Улсын иргэн, 30-аад насны эмэгтэй гэрийнхээ ойролцоо байсан автомашиныг хутгаар зурж, дэлгүүрийн нарны хаалт болон хогийг шатааж, өөрийнхөө амьдардаг байрны цонхоор үсэрсэн талаар БНСУ-ын MBN агентлаг мэдээлжээ.
Сурвалжлагчийн ярьсныг сийрүүлбэл:
Зургадугаар сарын 8-ны өдөр 30-аад насны эмэгтэй гудамжинд зогсож буй автомашинуудыг зурж, овоолсон хогийг асаагуураар шатаахыг оролдсон. Мөн дэлгүүрийн нарны хаалтыг шатаасан, гэрийнхээ ойролцоо эргэлдэн, элдэв зөрчил гаргаж байгааг иргэд мэдээлжээ. Цагдаа нар уг сэжигтнийг эрэн сурвалжилсны эцэст ойролцоох нийтийн байрны таван давхарт амьдардгийг нь олж тогтоосон байна.
Гэрчийн мэдүүлснээр сэжигтэн эмэгтэй таван давхрын цонхон дээр зогсож, хөгжим чанга тоглуулан, өөрөө дагаж дуулж байгаад үсэрсэн аж. Азаар эмэгтэй ослын хийлдэг гудас дээр унасан учир ноцтой бэртээгүй гэнэ.
Сөүлийн цагдаагийн газар эмэгтэйг бусдын өмчийг сүйтгэсэн хэргээр баривчилж, мэдүүлэг авахад архи, мансууруулах бодис хэрэглээгүй байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа хэлээгүй гэнэ.
Эх сурвалж: MBN.CO.KR