ХӨСҮТ: 3 хүнд коронавирус илэрч, 6 оюутан эдгэлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.12-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ: 3 хүнд коронавирус илэрч, 6 оюутан эдгэлээ

ХӨСҮТ: 3 хүнд коронавирус илэрч, 6 оюутан эдгэлээ

Эрүүл мэндийн яам Covid-19-т халдварын талаар өнөөдөр /2020.6.12/ мэдээлэл хийлээ.


ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Covid-19-т халдвар дэлхийн 216 орон бүс нутагт тархаж, 7.5 сая хүн өвчилж 422 мянган хүн нас барсан байна. Коронавирусийн халдвар АНУ, Өмнөд Америк, зүүн Азийн орнуудад эрчтэй тархаж байна. Иймээс ДЭМБ-ын ерөнхий захирал халдвар тархаж, байдал муудаж байгаа тул анхаарлаа өчүүхэн ч сулруулж болохгүй хэмээн анхааруулж байна. Мөн дэлхий нийт улс орнууд эв нэгдэлтэй байж, хамтын хүчээр Covid-19-ийг ялна гэдгийг хэлэв.

ОХУ-д сүүлийн 24 цагт 8779 хүн халдвар авсан байна. Тувад 113 хүн шинээр өвчилж нийт өвчлөл 2027 болж, дөрвөн хүн нас барсан. Үүнтэй холбоотойгоор хөл хорионы хатуу дэглэмтэй байгаа ч эмнэлгийн ачаалал маш их нэмэгдсэн тул түргэн тусламжийн дуудлага авах боломжгүй болсон байна. Иймээс утсаар дуудлага авч, хөнгөн өвчтөнүүдэд утсаар зөвлөгөө өгч байна. Тиймээс Туватай хил залгаа Увс аймгийн Давст сум онцгой анхааралтай байх шаардлагатай байна.

Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор өчигдөр ирсэн 261 хүнээс Цэргийн эмнэлэгт 12, бусад хүмүүсийг хуваарьт зочид буудлуудад тусгаарлалаа. Ажиглалтад 17 хүн нэмж орж, 137 хүн ажиглалтаас гарсан. Одоо 1518 хүн ажиглалтад байна. Тусгаарлалтад 1-5 насны 49 хүүхэд, 21 жирэмсэн эх, архаг хууч өвчтэй 31 хүн байна.

24 цагийн ажиллагаатай, шуурхай 119 дугаарт  142 дуудлага ирсэн. Дуудлагын ихэнх нь коронавирус халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл авсан байна. Шуурхай 119 аппликейшнд Швед, Малайз, Франц гэсэн гурван улсаас манай улсын гурван иргэн холбогдож, эмнэлзүйн шинж тэмдэгийн талаар мэдээлэл авчээ.

Утсаар ирсэн гомдол саналын талаар дурдвал, хүмүүс гадуур амны хаалтгүй явж байна, сонор сэрэмж суларч байгаа талаарх санал ирсэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн вируслогийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.6.11/ нийт 241 сорьцод шинжилгээ хийхэд 238-д вирус илрээгүй. Тандалтын зорилгоор зургаан хүний сорьцод шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй.  Энэ сорьцийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээс авсан байна. ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Увс аймагт тусгаарлагдсан 11 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн 39 тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Нурсултан-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 184 ирсэн. Онгоцонд байсан гурван хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн, ХӨСҮТ-д шууд тусгаарласан. Тэрхүү гурван хүнээс коронавирус илрээгүй. Ингээд үлдсэн 181 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд нь коронавирус илэрлээ.

Мөн өнөөдөр ОХУ-аас ирсэн зургаан оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ. Тэдний дөрөв нь батлан хамгаалахын сургуулийн оюутан. Эдгэрсэн зургаан оюутны хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй байна. Насны хувьд тав нь 19-22 насных, нэг нь 33 настай. Эдгээр оюутнууд 27-29 хоног эмчлэгдээд гарч байна. Тавдугаар сарын 13-нд Монгол Улсад орж ирсэн оюутнууд байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 197 боллоо. Үүнээс 95 нь эдгэсэн. Эмчлүүлж байгаа 102 хүний 91 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. Covid-19-ийн халдвар авсан жирэмсэн эмэгтэй 3, элэгний хорт хадвартай 1, чихрийн шижинтэй 1 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Харин гадаадад байгаа Монгол Улсын 38 иргэн Covid-19-өөр өвчилсөн байна.

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Э.Оюунсүрэн: Дэлхий дахинд Covid-19-тэй холбоотой 29 мянга 639 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдэж 140 гаруй вакцины 242 эмнэлзүйн судалгаа хийгдсэн байна.

Covid-19-т халдвар толгой хүчтэй өвдөх шинж тэмдгээр, хэд хоногийн дараа халуурах шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөнүүдийн 84 хувьд нь хоолны дуршил буурах шинж тэмдэг илэрсэн байна. БНХАУ-д хийсэн судалгаагаар 58 хувьд шингэн алдах шинж тэмдэг илэрсэн. Тиймээс эрдэмтэд Covid-19 нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоог өвчлүүлдэг гэж үзэж байгаа.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Posted by News.mn on Thursday, June 11, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж