Шархны наалт үйлдвэрлэдэг Band-Aid компани таван өөр арьсны өнгөтэй шархны наалт гаргаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг жагсагчдад хандивлахаар болжээ. Гэвч зарим хүмүүс үүнийг тийм ч таатай хүлээж авсангүй.
Band-Aid брендийнхэн өчигдөр/2020.06.11/ өөрсдийн инстаграм хуудаснаа шинэ бүтээгдэхүүнээ цагаанаас хар руу дараалуулан тавьсан зургийг нийтэлж, ”Бид цагаанаас эхлээд бараан олон өнгийн шархны наалт үйлдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн бичээд, жагсагчдад хандивлахаа амлажээ.
Гэвч чухам хэр их бүтээгдэхүүнийг хэзээ хандивлах талаараа тус компани нарийн мэдээлэл өгөөгүйгээс гадна ялгаварлан гадуурхалтай тэмцэх олон ажлын эхлэл хэмээсэн энэ бүтээгдэхүүнийхээ дараа ямар ажил хийхээ тайлбарлаагүй байна.
Band-Aid бол Жорж Флойдын үхлийн дараа орон даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалд нэгдэж, хар арьстнуудын төлөө дуу хоолой, оролцоогоо өргөсөн олон байгууллагын нэг билээ. Өмнө нь АНУ-ын бүх хөгжмийн компаниуд ажил хаяж, Инстаграм хэрэглэгчдийнхээ нүүр зурагны гадуур хар хүрээ татаж, нийгмийн цахим сүлжээний нөлөөлөгч нар өөрсдийн үзэл бодлыг илэрхийлцгээсэн юм.
Тус компанийн шинэ бүтээгдэхүүн бүх өнгөний арьстай хүмүүст хэрэглэхэд эвтэйхэн байхаар бүтээгдэж буй нь сайшаалтай ч хүний эрхийн акт гарснаас хагас зууны дараа гарж байгааг хүмүүс шүүмжилж, түүнээс гадна компаний нэрнээс болж ихээр тохуурхах болжээ. Шархны наалт нь энгийн ярианд хэт жижиг, хэт оройтсон гэх шилжсэн утгаар хэрэглэгддэг болоод удаж буй билээ.
Жишээ нь твиттерийн нэг хэрэглэгч дээрх мэдээллийг “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалд шархны наалт наах шиг л боллоо” хэмээн ёжилжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ