Олон улсын байгууллагууд Covid-19-ийн тусгаарлалтын 21 хоногийн тоог бууруулахыг зөвлөжээ. Гэхдээ Монгол Улсад гадаадаас ирж буй иргэдээс эмнэлзүйн шинжгүйгээр 3, 4 дэх удаагийн шинжилгээгээр буюу 18, 19 хоногийн дараа вирус илэрч байна. Иймээс энэхүү эрсдэлийг тооцон тусгаарлалтын хоногийг хэвээр үлдээх нь зөв гэсэн саналыг ХӨСҮТ-ийн удирдлагууд гаргасныг УОК-ын гишүүд дэмжив.
Үүний зэрэгцээ, Монгол Улс нь эм, эмнэлгийн хэрэгсэл, эм тарианы нэг сарын нөөцтэй байгаа ажээ.
Covid-19-ийн халдвар Монгол Улсад гадаадаас зөөвөрлөгдөж, лабораториор баталгаажсан нийт 194 тохиолдол бүртгэгдээд байна. Тэдний 89 нь эдгэсэн бөгөөд улсын хэмжээнд дотооддоо нэг ч халдвар илрээгүй байгаа юм.
Халдвар авсан иргэдийн 65 хувь эрэгтэй, 35 хувь эмэгтэй, нийт өвчлөгсдийн 89 хувь нь ОХУ-аас орж иржээ. Дэлхий дахинд халдвар тархаж, Монгол Улс дотооддоо холбогдох арга хэмжээ авч эхэлснээс хойш 17 мянга 694 хүнд тус өвчний нарийвчилсан болон түргэвчилсэн шинжилгээг хийсэн байна.
ЭМЯ-ны мэдээлж буйгаар, хэдийгээр тохиолдлуудыг хянаж байгаа ч сэрэмж алдахгүйн тулд долоо хоногт 75-98 хүнд санамсаргүй түүврийн аргаар дотооддоо түргэвчилсэн оношилгоог тогтмол хийж байна. Цаашид тайвшрах болоогүй. Халдвар хамгааллын дэглэмийг ард иргэд чандлан сахих хэрэгтэй гэдгийг зөвлөж буй.
Халдвартай иргэдийг нэг бүр нь 4 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний 10 баг ээлжээр эмчилж, эмчилгээ дууссаны дараа ХӨСҮТ-дөө 14 хоногийн тусгаарлалтад орсноор буцаж ажилдаа орох байдлаар халдварын анхны тохиолдол илэрсэн гуравдугаар сарын 10-наас хойш улаан бүсэд 200-аад эмч, эмнэлгийн ажилчид байнгын ажиллаж байна.
А.АНИР
Холбоотой мэдээ