Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаарх цуврал нээлттэй хэлэлцүүлэг болов

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаарх цуврал нээлттэй хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он” сэдэвт цуврал нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.12.24/ Төрийн ордонд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Физик-математик-Хими, Техник, технологи, Биологи, Геологи газар зүй, Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы гишүүд, Анагаах ухааны Академи болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн удирдлага, эрдэм шинжилгээний ажилтнууд оролцож санал солилцлоо.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нээж, “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он” сэдэвт илтгэлийг Эдийн засагч Н.Энхбаяр тавьж хэлэлцүүлэв.

Монгол Улс 1990 оноос хойш зах зээлийн шилжилтийг амжилттай дуусгаж, ардчилсан тогтолцоог нутагшуулсан 25 жилийн ололт, амжилтыг дэлхий дахин хүлээн зөвшөөрч байна. Ядуурлын түвшин 1995 онд 36.3 хувь байсан бол 2014 онд 21.6 хувь болж 14 гаруй пунктээр буурсан. Монгол Улсын хүний хөгжлийн индекс 2013 онд 0.698 болж дэлхийн 187 орноос 103-т орсноор дундаж орны ангилалд хамаарагдав. Олон улсын Транспэренси интернейшнл байгууллагын Авилгын төсөөллийн индексээр Монгол Улс 2011 онд 120-д орж байсан бол 2014 онд дэлхийн 174 орноос 80-д орж, 3 жилийн дотор мэдэгдэхүйц ахиц, дэвшилд хүрсэн байна. Эдийн засгийн өсөлтийн олон эх үүсвэр, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах бодлого хэрэгжиж, улмаар сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурдац нэмэгдсэн. Монгол Улс хөгжлийн түвшингээ бусад орны үзүүлэлттэй харьцуулан, хөгжлийнхөө бодлогыг тодорхойлох нь чухал юм. Олон улсад хөгжлийн түвшингээ тодорхойлохдоо нэг хүнд ногдох үндэсний нийт орлого, хүний хөгжлийн үзүүлэлт, өрсөлдөх чадварын үзүүлэлт, бизнесийн орчны үзүүлэлт зэргийг голлон ашиглаж байна. Тогтвортой хөгжил гэж өнөөгийн хэрэгцээгээ хангахдаа хойч үеийнхээ хэрэгцээг хангах боломжийг хязгаарладаггүй хөгжлийг хэлдэг. Тогтвортой хөгжлийн гурван тулгуур нь эдийн засаг, нийгэм, байгаль орчин юм. Энэхүү Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь НҮБ-аас батлан гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл санаанд суурилагдаж, түүнтэй бүрэн нийцэж байгаа бөгөөд Монгол Улсын өөрийн онцлог, тулгамдаж байгаа асуудлуудтай нягт уялдаатай.

Урт хугацааны бодлогыг баталснаар Монгол Улс дунд хугацааны төлөвлөлтийн тогтолцоотой болох шаардлагатай. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилго, зорилтуудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацаанд салбарын болон салбар хоорондын түвшинд батлан гаргах хөгжлийн баримт бичгүүд, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай. Түүнчлэн Тогтвортой хөгжлийн бодлогын талаар улс төрийн нам, эвслүүд, иргэний нийгмийн байгууллага, нийт иргэд улс төрийн нэгдсэн ойлголцолд хүрч, хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх асуудалд улс төрийн дэмжлэг үзүүлэг байх нь чухал гэдгийг илтгэлд дурдав.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын зүгээс Тогтвортой хөгжлийн бодлого нь манай улсын цаашдын хөгжил дэвшлийг шинжлэх ухааны арга зүйд суурилан боловсруулсан, улс орныг 15 жилд хөгжүүлэх баримт бичиг болно гэж итгэж байна. Улс орны урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг Улсын Их Хурлын тогтоолоор батлах нь зүйтэй. 15 жилийн хугацаатай  Тогтвортой хөгжлийн бодлогыг тав, таван жилээр гурван үе шаттай хэрэгжүүлэх, ингэхдээ таван жилийн төлөвлөгөө боловсруулахыг чухалчилж байв. Түүнчлэн Монгол Улсын хөгжлийн баримт бичгийг шинжлэх ухааны арга зүйд суурилсан үндэслэлтэй тооцоо судалгаатай боловсруулах, үүний тулд Монгол Улсын тулгуур судалгаа явуулж байх хүрээлэнг байгуулах хэрэгтэй гэсэн саналуудыг гаргасан юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж