Цэцийн гишүүдийн найм нь чөлөөлөгдөнө

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Цэцийн гишүүдийн найм нь чөлөөлөгдөнө

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 62.7 хувь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санаачлан өргөн мэдүүлсэн юм. Төсөлд тусгаснаар Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний найм нь чөлөөлөгдөх нөхцөл байдал үүсч буй аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаагаар оролдож болохгүй. Улс төрөөс ангид байлгахын тулд бүрэн эрхийн хугацааг нь зургаан жилээр тогтоож өгсөн. Хэрвээ хугацааг нь өөрчилчихвөл ирэх жил наад хүмүүсийг дахиад хөдөлгөнө” гэж байлаа.

Харин төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ц.Нямдорж гишүүн болон бусад гишүүд Цэцийн гишүүний насыг тодорхой болгох гэдэг дээр илүү ач холбогдол өгч байгаа. Гэхдээ Цэцийн маргаан шийдэрлэж байгаа процесс нь нууц, хаалттай. Тусгай санал гаргах эрх байхгүй. Төвийг сахиж мэдээлэлд үндэслэж шийвэр гаргах чанар алга болсон байгаа. Ийм учраас төвийг сахисан байр суурийг нь бэхжүүлье, шүүхэд тавигддаг шалгуурыг тавъя. Улсын Дээд Шүүхэд тавигддаг зарчмыг оруулж өгсөн байгаа” хэмээн тайлбарлав.

Мөн энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Үндсэн хуулийн цэц гэдэг бол маш чухал. Цэцийн хийж байгаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах юм бий. Нэг доор амархан оролдож болохгүй зүйл л дээ. Унгар Цэцээрээ оролдоод юу болсныг мэдэж байгаа байх. Энэ хуулиар есөн гишүүний найм нь чөлөөлөгдөнө. Энэ бол цаашдаа анхаарах ёстой асуудал. Цаашдаа 60 насаар хязгаарлаад байх нь зөв юм уу эргэлзэж байна. Аж амьдралынх нь туршлага хууль эрх зүйд зохицсон байдлыг харах ёстой юм биш үү. Хууль дээдлэх байдал, ноён нуруу гээд байна даа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Цэцэд ажилладаг хүмүүс Үндсэн хууль гэдэг ганцхан юманд захирагддаг. Үндсэн хуулийн өмнөөс дүгнэлт гаргдаг. Үндсэн хууль гэдэг бүхий л юмны дээд шатны баримт бичиг байдаг. Толгой хуульчид нь бий. УИХ-ын дарга З.Энхболд “Одоо жинхэнэ шилмэл хуульчид орж ирлээ” гээд хэлж л байсан. УИХ, Үндсэн хуулийн цэц хоёрын харьцаа мөнхийн сөргөлдөөнтэй л байдаг. Гадаадаас хуульчид авчиралтай нь биш. Гадаадын Үндсэн хуулийн шүүх зэргээр орохоор аваргууд сууж байдаг. Манайх яах юм байгаа, хэлж мэдэхгүй нь. Зургаан жилийн хугацаагаар Цэцийн гишүүнийг сонгоно гэдгийг Үндсэн хуульд хийчихсэн. Зургаан жилээр сонгочихсон байдаг, гэтэл 60 нас хүрчихсэн бол яах юм бэ?.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Цэцийн хуулийг бүхэлд нь авч үзэх нь зөв байх. Зургаа, долоон зүйл оруулаад сайхан болгож байгаа гэж, ач холбогдолтой ач холбогдолгүй гэж маргахын хэрэг байхгүй.

Үндсэн хуулийн цэц гэж нэрлэсэн нь учиртай нэрлэсэн. Үндсэн хуулийн шүүх гэх мэтээр баталж байхдаа зөндөө маргасан. Монголынхоо нөхцөлд тохирсон дээд хяналт тавих байгууллага гаргая гээд Үндсэн хуулийн тухай хуулийг баталж байсан. Гэтэл одоо ганцхан нүдээр харсан зүйл хийгээд байна. Үндсэн хуулийн шүүх байх ёстой гэсэн цонхоор хараад энэнд өөрчлөлт хийнэ гэвэл Үндсэн хуульд тусгагдсан цэц гэдэг зүйл өөрөө эвдэрнэ. Цэцийн хуульд өөрчлөлт оруулах төсөл Цэц өөрөө санаачлаад явж байсан. Эрх мэдлээ хэтрүүлэх юм явж байсан, тэр буруу. Цэцийн маргаан шийддэг асуудал Монголд арай өөр байдлаар явах ёстой. Буурь суурьтай хандах ёстой. Цэцтэй маргаантай хүмүүс төсөл өргөн мэдүүлсэн нь зарим хүмүүс өс хонзонгоо тайлах маягаар явж байна уу гэж харагдаж байгаа. Том хуулийг нь оруулж ирж хавар яривал яасан юм бэ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Цэцийн хууль Үндсэн хуулиа зөрччихсөн. Үүнээс болоод УИХ Цэц хоёр зөрчилддөг. Үүнээс болоод УИХ Үндсэн хууль зөрчсөн хууль батлаад байна гэдэг.

УИХ хууль тогтоогчийнхоо хувьд алдаатай хуулиа өөрчлөх ёстой. Тэмүүжин гишүүн өргөн барьснаар тэр хүмүүс хөдлөхгүй. Одоо бүр нутгархдаг болсон. Намын харьяалалтай гишүүд байж магадгүй, улсын харьяалалтай нэг гишүүн бий. Цэц гэдэг нэрийн дор үр дагавраа тодорхойлдоггүй байж болохгүй.

Ийн байр сууриа илэрхийлэв.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Ийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж