Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт өнгөрсөн дөрөвдүгээр сард нууцлал бүхий тулаан зохион байгуулдаг хувийн аралтай болно гэж мэдэгдэж байсан. Тэгвэл тэрбээр хэлсэн амлалтандаа хүрч, хувийн тулаан зохион байгуулдаг арлаа Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотын Яс арал байх болно хэмээн өнгөрөгч Мягмар гаригт зарлажээ.
Энэ тухай Дана Уайт “Бид өдөрлөгөө ‘Тулааны арал’ дээр зохион байгуулах санаа гаргасан л даа. Учир нь бидэнд цар тахлын үед олон улсын томоохон өдөрлөгүүдээ чөлөөтэй зохион байгуулах газар хэрэгтэй байсан юм. Харин Абу Даби бол бидний хайсан мөн сүүлийн 10 жилийн хугацаанд тулаан зохион байгуулсан туршлагатай гайхалтай газар. Бидний бүтээн байгуулж буй арлын дэд бүтэц нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээс гадна тулаанчдад ч мэдэрч байгаагүй мэдрэмжийг нь өгөх амьдралд нэг л олдох боломж. Хэн ч мартахгүй гайхалтай мэдрэмжийг мэдрэх болно” хэмээн ярьжээ.
Энэхүү аралд одоогийн байдлаар UFC холбооны дөрвөн өдөрлөг зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байгаа бөгөөд үүний эхнийх нь ирэх долдугаар сарын 11-нд болох UFC 251 өдөрлөг аж.
Цар тахлын дэгдэлт өндөр байгаа энэ үед Абу Даби хотын Соёл, аялал жуулчлалын газраас иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс 25 км үргэлжлэх Яс арлыг битүүмжилнэ гэдгээ мэдэгдлээ. Энэхүү арал дээр цэнгэлдэх, зочид буудал, бэлтгэлийн бааз, зоогийн газар гээд бүхий л хэрэгцээтэй зүйлсийг цогцоор нь шийдэх гэнэ. Гэвч тулааны Яс арал руу зөвхөн UFC холбооны тулаанчид, дасгалжуулагчид, холбооны арын албаныхан болон бусад өдөрлөг зохион байгуулах туслах ажилчид л орох гэнэ.
Холбоотой мэдээ