Гацууртын ордыг хэлэлцэхийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Гацууртын ордыг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 68.9 хувь дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслөөр санал хураахад гишүүдийн 85.4 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Санал хураахын өмнө УИХ-ын гишүүд дээрх төслүүдтэй холбоотойгоор саналаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Г.Уянга: 50 тонн алтны төлөө Гацууртын ордыг ухаж болохгүй. Аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлбэл яасан юм бэ. Үнэхээр хэцүүдээд байгаа юм бол эдийн засгаа авч явж чадахгүй болсон бол Гацууртаас бусдыг ух. Энэ ордыг ашиглахад хөрөнгө оруулалт нэг их шаардлагатай биш. Хөрөнгө оруулалтын зардлаа хянаж чадахгүй хэрнээ 81 хувийн ашигтай гэж яриад байгааг үнэхээр ойлгохгүй нь. Том бизнес ногдол ашгийн төлөө явдаг.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ерөнхий сайд та хамгийн муу Ерөнхий сайд болж үлдэх гээд байна. Өвөг дээдсийнхээ булш бунхныг ухдаг Ераөнхий сайд болох гээд байна. 25 жил хөрөнгө оруулалт түншлэлд тал засч ирлээ. Эцэст нь 70 мянга гаруй иргэн ажилгүй явж байна, ямар гоё түншлэл итгэлцэл бэ. 15 банкинд Оюутолгойг зарчихсан. 4.4 тэрбум доллар олчихсон, хувьдаа л аваагүй юм бол ороод ирсэн байх ёстой. Өвгөдийнхөө булшинд битгий хүр. Энэний төлөө бид сайн хэлүүлж байгаагүй, дандаа балбуулдаг. Дархан, Сэлэнгэ бол газар тариалангийн гол бүс нутаг. Гацууртын ордыг ашиглавал уул ус ширгэнэ, хүн амьдрахын аргагүй болно. Дархан, Сэлэнгээс сонгогдсон гишүүд сэтгэл эмзэглэж байгаа байх. Модоо барихдаа тулсан бол ард түмнээсээ хандив гуй, бид манлайлаад явъя.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Хүннүгийн булш бунхан байгаа гэх Ноён уул Гацууртын ордоос хамгийн ойр нь 4.4 км, хамгийн хол нь 11 км. Цэвдэгийн асуудлыг судалж үзэх шаардлагатай. Одоо байгаль орчин сүйрсэн байдалтай байгаа. алтны үнэ 1250 ам.доллараас дээш гарсан тохиолдолд рояльтын татвар нэмэгдэнэ. Хүний хөрөнгийг газар луу, дэд бүтэц рүү хийчихээр олж авахын төлөө л явна. Дахиад улсаа өрөнд оруулах шийдвэрийг энд гаргамааргүй байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдад хандаж хэлэхэд олон удаа хүндтэй индэр дээрээс тавьтиргүй байр суурь илэрхийлээд байна. Бусадтайгаа ижил хэрэлдэнэ гээд суугаад байж таарахгүй. Гацууртын асуудал 3 удаа орж ирсэн, анх удаа орж ирж байна гээд мэлзэхээр юунд итгэх юм бэ. Бөхөд цол дагаж бяр, улс төрд албан тушаал дагаж намба гэдэг. Намын ард сонгогдчихоод хүний үг цензурдээд сууж болохгүй. Энийгээ бас болих хэрэгтэй. Би энэ удаа нэрийг нь хэлэхгүй. Дараа ийм үйлдэл гаргавал хэлнэ.

Үр ашигтай байх тухай бид ярьж байна. 90-100 сая долларын төлөө энэ компани улайрч байна гэхэд эдийн засаг мэддэг хэн ч итгэхгүй. Аялал жуулчлалыг хөгжүүлье гэж Г.Уянга гишүүн хэллээ, энэ зөв.

Ийн гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж