Гэр хорооллыг дахин төлөвлөн, 3500 өрхийг орон сууцтай болгох төслийг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.06.11-нд нийтлэгдсэн

Гэр хорооллыг дахин төлөвлөн, 3500 өрхийг орон сууцтай болгох төслийг эхлүүллээ

Гэр хорооллыг дахин төлөвлөн, 3500 өрхийг орон сууцтай болгох төслийг эхлүүллээ

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулахаар нийслэлийн удирдлага гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны 24 га талбайг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтад тэнцсэн “Шинэ барилга” ХХК-д өнөөдөр батламжийг нь гардууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, тухайн хорооноос Нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганзориг тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Анх 2013 онд тухайн хорооны 318 өрх нэгдэн өөрсдийн амьдарч буй орчноо сайжруулахаар дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах санал хүргүүлсэн байдаг. Улмаар 2015 онд ЖАЙКА олон улсын байгууллагаас тухайн хэсгийн нарийвчилсан иж бүрэн судалгаа хийсэн байна. Мөн тус хорооны 24 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхийг 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөлтөд тусгажээ.
Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “Шинэ барилга” ХХК эхний ээлжинд төслийн зорилгод нийцүүлэн өөрийн эзэмшлийн газар дээр 126 айлын орон сууцыг барьж байгаа юм. Барилгыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулах аж. Энэ талаар “Шинэ барилга” ХХК-ийн захирал Ө.Дорждэрэм “Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны 24 га талбарт 3500 айлын орон сууц, амины таун хаус барих юм. Үүнээс гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж, хүн амьдрахад таатай орчин бүрдүүлнэ. 2013 оноос эхлэлтэй уг ажлыг 2019 онд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид бодит ажил болгосон. Мөн нийслэлээс инженерийн дэд бүтцийг шийдэж өгч байна. Эхний ээлжинд 126 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулснаар иргэд заавал нүүж, газраа чөлөөлөх шаардлагагүй болсон онцлогтой. Тодруулбал, байр ашиглалтад орох хүртэл иргэд хашаандаа амьдарч, ашиглалтад орсны дараа газраа чөлөөлөх юм” гэв.

Нийслэлийн ИТХ-ын Р.Дагва батламж гардуулах үеэр “Агаар, орчны бохирдлыг бууруулж, өөрсдийн амьдрах орчноо сайжруулахаар сэтгэл нэгдсэн иргэд та бүхэндээ нийслэлийн удирдлагын нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй олон бэрхшээлийг шийдвэрлэж, амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Ялангуяа, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд цөөнгүй ажил санаачлан хэрэгжүүлж байна. Он гарснаас хойш иргэдийн газрыг орон сууцаар солих ажлыг эрчимжүүлж Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн 500 орчим өрхөд орон сууцны түлхүүрийг нь гардуулаад байна. Өнгөрсөн сард Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянголын амны 10 га газарт “Орлогод нийцсэн ногоон орон сууцны төсөл” хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ. Өнөөдөр Та бүгд 318 өрхийн 2013 онд гаргасан санаачилга өнөөдөр бодит ажил болж, төсөл хэрэгжүүлэгч компанид батламж гардуулж байна. Төсөл хэрэгжүүлэгч хариуцлагатай ажиллах ёстой. Нийслэлээс дэд бүтцийн асуудлыг шийдэж өгч байгаа нь нэг талдаа хувийн хэвшлээ дэмжиж, нөгөө талдаа иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулж буй онцлогтой” гэсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны оршин суугчид нэгдэн иргэдийн бүлэг байгуулан, “Шинэ барилга” ХХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа юм. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэд оролцсоноор газар чөлөөлөх үйл явц болон барьж буй барилгын чанарт эерэг хяналт тавих давуу талтай юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж