УИХ-ын сонгуулийн санал хураалт энэ сарын 24-нд болно. Энэ удаагийн сонгуульд 14 нам, эвсэл 121 бие даагч гээд нийт 639 нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгуулийн санал хураах үйл явцад иргэний нийгмийн ажиглагчид хөндлөнгийн хяналт тавихаар болсныг Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс өнөөдөр /2020.06.11/ мэдээлэв.
Энэ удаагийн ээлжит сонгуулиар нийслэлийн хэмжээнд 451 сонгуулийн хэсгийн хороо ажиллах юм. Үүнээс 100 хэсгийн хороонд иргэний нийгмийн 204 ажиглагч залуус санал хураалт эхлэхээс дуусах хүртэл хяналт тавихаар болжээ. Энэ жилийн хувьд орон нутагт анх удаа иргэний нийгмийн ажиглагчид хөндлөнгийн хяналт тавих юм байна.
Тодруулбал, Баянхонгор, Дорноговь, Төв, Хэнтий, Дархан-Уул аймагт 30 ажиглагч ажиллах юм байна. Иргэний нийгмийн байгууллагуудын мэдээлснээр энэ жил нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө фэйсбүүк ашиглан албан бусаар төлбөртэй пост, сурталчилгаа явуулж байгаа нь ажиглагджээ. Тодруулбал, фэйсбүүкт гурван пост тутмын нэг нь нэр дэвшигчийн төлбөртэй мэдээлэл, сурталчилгаа байжээ. Одоогоор энэ нь зөрчилд тооцогдох боломжгүй ч гадагшаа мөнгө алдаж буйг иргэний нийгмийн байгууллагынхан онцолсон юм.
Дашрамд дурдахад, Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс 2020 оны УИХ-ын сонгуулийн үйл явцад хэвлэл мэдээлэл, сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг, нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг гэх дөрвөн чиглэлээр судалгаа хийсэн байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ