
Оросын мэдээллийн сайтуудад “Оросууд “РЖД” нээлттэй хувьцаат нийгэмлэгээрээ дамжуулан Монголд долоон тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр “Эрдэнэс МГЛ”-ийн мэдэлд байгаа бүх лицензийг эзэмших үйл ажиллагаанд боломжтой болж байна” хэмээн мэдээлж байсан. Үүнийг Монголоос хэн ч тоогоогүй. Бараг мэдээ ч үгүй байх. Харин оросуудад тийм эрх мэдэл олгох асуудал одоо бол үлгэр шиг л сонсогдоно. Тэгээд ч тэр хооронд Монголын Ерөнхий сайд солигдсон болохоор нөхцөл байдал бараг 100 хувь өөрчлөгдөөд байна. Тиймээс энэ санаархал талаар өнгөрсөн гэдэг нь ойлгомжтой.
Дараагийн асуудал нь Мянганы сорилтын сангийн 188.36 сая ам.долларыг авахад саад хийсэн байх аа. Мянганы сорилтын сангаас Монгол Улсад тусламж үзүүлэх тухай ярианы эхэнд буюу одоогоос гурван жилийн өмнө тэд “Бидний зөвшөөрөлгүйгээр америкчууд Монголын төмөр замд хөрөнгө оруулах асуудал байж болохгүй” хэмээн янцаглаж эхэлсэн. Харин оросууд дээрх том тусламжийн хариуд 256 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ өнгөрсөн намар амласан. Гэхдээ энэ нь төмөр зам барих бэлтгэл ажилд л зарцуулагдах бөгөөд хөрөнгө оруулалтын эхний шат гэдгийг онцолж байв. Энэ үеэр “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин, БНХАУ-ын Төмөр замын яамны тэргүүн зөвлөх Ван Линшу нар Улаанбаатарт ирж манай төмөр замыг хөгжүүлэх тухай ярьж билээ. Хөөрхий монголчууд тэгэхэд “луу, баавгай” хоёр яаж зохицохыг амаа ангайн харж суусан. Тэд “Төмөр замын дэд бүтцийг уул уурхайн салбартай холбон авч явахаас өөр аргагүй. Тиймээс ордыг эрдэс баялаг боловсруулах үйлдвэртэй холбосон төмөр зам тавих хэрэгтэй. Энэ зам нь Монголыг Евроазитай холбосноороо асар том ач холбогдолтой” гэлцсээр ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, “Оросын төмөр зам” НХН-ийн ерөнхийлөгч В.И.Якунин нар Тавантолгой руу тавих төмөр замын төслийн хэрэгжилтийг эхлэх санамж бичигт гарын үсэг зурсан. Тухайн үед нэг км төмөр зам барихад 300 мянга орчим ам.доллар зарцуулна гэсэн нь анхаарал татсан. Учир нь манай мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үүнд ердөө 50 мянган ам.доллар л хангалттай гэнэ. Дашрамд дурьдахад, Монголын төмөр замын талаарх орос сонирхол бол ОХУ-ын Засгийн газрын эрх ашиг биш, тэдний олигархиудын ашиг сонирхол юм” гэдгийг оросууд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг билээ. Тиймээс ч “В.В.Путиний хүн” гэгддэг А.Морозовыг муу хүн гэж тодорхойлоод зогсохгүй солих хэрэгтэй гэдэг дээр монголчуудтай санал нэг байдаг. Дээрх зөрүүтэй үнэлгээнээс харахад ч гэсэн тийм биш гэж үү. Оросууд сайн тусалж байгаа. Жишээ нь “Улаанбаатар төмөр зам” НXН, Оросын төмөр зам” НХН болон “Трансмашхолдинг” хоорондын хамтын ажиллагааны протоколын дагуу энэ онд багтаан шинэ зүтгүүр өгөх, засвар үйлчилгээний төв байгуулах, боловсон хүчнээр хангах тухай олон амлалт бий. Зарим нь ажил хэрэг болсныг ч үгүйсгэхгүй. Гэхдээ өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монголын төмөр замаас оросууд хангалттай ашиг олсноо хүлээн зөвшөөрч, одоо шуналаа татах хэрэгтэй. Хойш тавьсан гэрээгээ ч эргэн харахыг хүсэхгүй байгаа нь үүнтэй холбоотой.
Дээр дурьдсан 256 сая ам.долларын хөрөнгө оруулалт зөвхөн Монголын төлөө биш билээ. Учир нь 13 мянган км замыг хоёрхон хоногт туулах чадвартай хурдан галт тэрэгт зориулсан зам барих төлөвлөгөө Хятадын Засгийн газраас Бээжин, Лондоны хооронд яригдаад удаж байна. Уг төслийн санаачлагч тодорхойгүй байгаа. Бүх Хятадын төмөр замын төсөл хариуцсан ажилтан ч хаанаас санал ирснийг нууцалж байгаа ч дэмжиж хамтарч ажиллахаа мэдэгдсэн. Энэ санаачлагч нь ОХУ байх магадлал тун өндөр. Арван жил хэрэгжих энэ төслөөр уг зам Лондон, Парис, Берлин, Варшав, Киев, Санкт-Петербург, Москва, Астана, Эрхүү, Улаанбаатар, Хабаровск, Бээжин гэсэн чиглэлд тавигдсанаараа Монголд мэдээж ашигтай. Гэхдээ Оросууд үүний л төлөө 256 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсний цаана хэмжээлшгүй том эрх ашгийг мөрөөдөж байна. Энэ төсөл хэрэгжих үед Монголын төмөр замын дарга нь орос хүн байвал бүр ч догь биз. Тиймээс яалаа гэж 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх гэж яарах билээ. Тэгвэл “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт өнөөдөр байдал ямар байна вэ. Өнгөрсөн онд ажилчдынхаа цалинг үе шаттайгаар 20 хувь нэмэх гэрээ хийсэн ч арайхийн 10 хувь нэмээд байгаа. Тэгсэн мөртлөө зорчигчдын тасалбарын үнэ нэмэгдсээр байгаа. Техник технологио сайжруулах гэхээр гуравдагч хөрштэй хамтрахад туйлын дургүй. Энэ байдал хэзээ өөрчлөгдөх вэ. Саяхан манайд оросууддаа ч гологддог онгоцоо “шахах”-аар санал болголоо. Монголын дэд бүтцийн салбар оросуудын гологдлоор яаж хөгжих билээ. Төмөр замын “жинхэнэ” даргыг томилохын өмнө энэ бүхнийг олон талаас нь нягтлах шаардлагатай байна. У.ОРГИЛМАА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин