“Үндэсний бахархал-1911 он” хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

“Үндэсний бахархал-1911 он” хэлэлцүүлэг боллоо

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 104 жилийн ойн хүрээнд Ардчилсан намын залуучуудын холбооноос санаачлан “Үндэсний бахархал-1911 он” арга хэмжээг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр Ардчилсан залуучуудын холбооны гишүүд, Төрийн соёрхолт түүхч О.Батсайхан, Түүхийн ухааны доктор профессор З.Лонжид нар оролцлоо.

Уг арга хэмжээг зохион байгуулж байгаа учир нь Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан үйл явдалтай холбоотой юм. 1911 онд Монгол Улсын 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгож байсан юм. 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм.

Төрийн соёрхолт түүхч О.Батсайхан “1911 оны арванхоёрдугаар сарын 29-ны өдөр бол монголчуудын өөрийгөө таних, өв уламжлалаа сэргээсэн түүхт өдөр” гэсэн бол түүхийн ухааны доктор профессор З.Лонжид “Би өнөөдөр монголчуудын зан үйл ёс заншлын тухай залуучууд мэдлэгтэй байгаасай гэдэг утгаар энэ арга хэмжээнд оролцож, лекц уншлаа. Ингэхдээ хоёр асуудлыг онцолсон. Нэгдүгээрт монголчууд тэнгэр, газар, галыг язгуураасаа эхлэн дээдэлдэг байсан. Бурхан шашинд нэвтэрснээс хойш энэ үзэл өөрчлөгдсөн тухай хөндөж ярьлаа. Хоёрдугаарт, монголчуудын зүг чигийн баримжаа, хүнсний тухай, хүн хүнээ хүндлэх, хэл ярианы тухай судалгаа баримтуудыг дэлгэж лекц тавилаа” гэсэн юм.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж