Шүүх Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэр гаргав

Хуучирсан мэдээ: 2020.06.11-нд нийтлэгдсэн

Шүүх Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэр гаргав

Шүүх Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэр гаргав

НЭМЭЛТ:

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорих захирамжийг өнөөдөр /2020.06.11/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Учир нь Ж.Эрдэнэбат нь сүүлийн хоёр удаагийн шүүхэд өөрийн биеэр ирээгүй бөгөөд түүнийг энэ сарын 9-ны өдөр шүүхийн тусгай дансанд арван тэрбум төгрөгийн барьцаа байршуулахаар шийдвэрлэсэн. Гэвч тэрбээр уг мөнгийг байршуулаагүй учраас өнөөдөр болсон шүүх хурлаас түүнд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ сарын 16-ыг хүртэл 11.00 цаг хүртэл  цагдан хорих шийдвэрийг гаргажээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат яг одоо Сэлэнгэ аймагт иргэд сонгогчидтойгоо уулзаж байгаа бөгөөд өөрөө дараах тайлбарыг өгсөн байна. Тэрбээр “Монголын шүүх ямар нэгэн зорилготой шийдвэр гаргаж байгаа нь үнэхээр харамсалтай. Өнөөдөр намайг шалгаж байгаа байцаагч надаас асуух гэхээр асуух зүйл олдохгүй байгаа учраас нэг ч удаа намайг байцаагаагүй. Миний гарт Засгийн газрын 91 болон 256 дугаар тогтоол байна. 91 дүгээр тогтоол нь Би Ерөнхий сайд байхдаа Сэлэнгэ аймгийн Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авсан. Тэнд ямар нэгэн уул уурхайн үйл ажиллагаа болоод бусад эзэмшлийн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж болохгүй гэдэг шийдвэрийг 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор гаргасан. Дараа нь 91 дүгээр тогтоолоор Тос тосон бумбын нурууг  улсын тусгай хамгаалалтад авсан.Гэхдээ Тос тосон бумбын нурууг өмнө нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа  улсын тусгай хамгаалалтад авсан. Гэхдээ  630 мянган га талбайгаар авсан байсныг би 91 дүгээр тогтоолоор 470 мянга болгож улсын тусгай хамгаалалтад авсан.Дараа нь  дээрх хоёр тогтоолыг эрхзүйн хувьд хүчин төгөлдөр байлгахын тулд 256 дугаар тогтоолыг гаргасан. Ноён уул болон Тос тосон бумбын нуруунд лиценз эзэмшсэн аж ахуйн нэгжүүдийн /ААН/  лицензийг 256 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. 256 дугаар тогтоолд надтай холбоотой ямар ч ААН байхгүй. Би шүүхээс дуудсан цаг бүрт нь очиж байсан. Надаас нэг ч асуулт асууж үзээгүй. Би хэзээ ч уул уурхай сонирхож байгаагүй” гэлээ.


Ж.ЭРДЭНЭБАТ НАРЫН ТАВАН ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван  хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.06.11/ 11.00 цагт  болно. Дээрх хүмүүст холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 4-ны өдөр болж гэм буруугийн шүүх хуралдааныг зарласан   бөгөөд шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл яллагдагч Д.Ганбат, Д.Түвшинжаргал,С.Мандахбат нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Харин Ж.Эрдэнэбатад арван тэрбум төгрөг, яллагдагч Б.Отгонбаатарт арван тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зургадугаар сарын 9-ны өдрийн дотор шүүхийн тусгай дансанд байршуулах шүүхийн шийдвэр гарсан байдаг.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр нь баталгаажуулалгүй, хилийн онцгой бүсэд алт ухсан компанид нөхөн олговор олгосон бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үйлдэлд Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар тооцоод байгаа билээ. 

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж