“Төсөв хүндэрсэн нь үнэн”

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

“Төсөв хүндэрсэн нь үнэн”

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Сангийн сайд Б.Болороос тодрууллаа.


-Сангийн яам цалингаас өөр санхүүжилт хийхгүй байгаа гэж байна. Ер нь энэ оны төсвийн орлого хэдий хэмжээгээр тасарсан бэ?

-Данс хаасан нь орлого, зарлага хоёрын хооронд маш том зөрүү байгаатай холбоотой. Хуулиараа алдагдлаа таван хувьд барих ёстой. Үүндээ хүргэхийн тулд тодорхой хэмжээний зардлуудыг он гарсны дараа шийдвэрлэх зайлшгүй шаардлага гарч байгаа. Энэ бол жил бүр л гардаг зүйл. Харин ирэх жил сонгууль болох гэж байгаа учраас зарим газар улстөржүүлээд байна. Өнгөрсөн жил хамтарсан засаг алдагдлаа хэтрүүлж байсан шүү дээ. Төсвийн гүйцэтгэл гараагүй байгаа учраас төсвийн орлого хэр хэмжээгээр тасарсныг хэлэх боломжгүй байна. Эхний есөн сарын байдлаар нэлээн их тасарсан байсан. Тодотгол хийсэн. Сүүлийн гурван сарын хугацаанд орлого нэлээн сайн төвлөрсөн. Төсвийн орлого тасарсан ч гэсэн цалин, тэтгэвэр гэх мэт зайлшгүй хийх гүйлгээнүүдээ хийгээд явна. Ер нь төсөв хүнд байгаа. Зэсгийн үнэ дахиад унаад эхэллээ.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхлээд 6.1 их наяд төгрөг ил болсон гэж байсан. Тус хуулийн хэрэгжих хугацааг хоёрдугаар сарын 20 хүртэл сунгах гэж байна. Дахиад хэдий хэмжээний хөрөнгө ил болно гэж тооцоолж байгаа вэ?

-Ил тодын хуулиар орж орлого ирэх жил орно. Ер нь энэ хууль маш зөв хууль байсан гэдэг нь харагдаж байна. Одоогийн байдлаар 6.1 их наяд төгрөгийн орлого ил болсон байна. Гэтэл манай төсвийн жилийн орлого зургаан их наяд шүү дээ. Тиймээс хуулийн үйлчлэх хугацааг хоёрдугаар сарын 20 хүртэл сунгаж байна. Ингэснээр илүү олон иргэн хамрагдах боломжтой болох юм. Аж ахуйн нэгж, байгууллага хуульд хамрагдаж байгаа ч иргэд сайн ойлголтгүй байсан учраас хугацааг нь сунгаж өгөөч гэж хүсэлт ирүүлсэний дагуу сунгаж байгаа.

-Төрийн өмчит зарим байгууллагагууд руу цалингийн сангаа тана гэсэн албан бичиг Сангийн яам явуулсан гэж байна. Уг нь ирэх оны төсвийг батлахад цалин, тэтгэвэр хасахгүй байхаар баталсан даа?

-10 хувь тана гэсэн хүсэлт явуулсан. Гэхдээ энэ нь тодорхой бүтцийн өөрчлөлттэй холбоотой. Түүнээс цалингийн хэмжээ буурахгүй.

-Арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгө олгогдоогүй гэж байна. Ямар шалтгаанаар хүүхдийн мөнгө орохгүй байгаа юм бол?

-Хүүхдийн мөнгө Хүний хөгжил сангаас олгогддог. Хүний хөгжил сан орлоготой байж хүүхдийн мөнгө олгогдоно. Орлого нь хүрэхгүй байвал хүүхдийн мөнгө олгоход хүндрэлтэй. Гэхдээ арваннэгдүгээр сарыг дуустал хүүхдийн мөнгө асуудалгүй олгогдсон. Арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгө олгогдоно.

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс гааль, татвар хоёрыг нэгтгэнэ. Хичнээн хүн цомхотголд орж байгаа вэ?

-Гааль, татвар хоёрыг нийлүүлж мөнгө хэмнээд, хүн халах нь гол зорилго биш шүү дээ. Дэлхий дахины жишгээр гааль, татвар уялдаа холбоотой ажиллах нь чухал байгаа юм. Энэ уялдааг сайжруулахын тулд энэ хоёр байгууллагыг өөр өөрсдийнхөө чиг үүрийг гүйцэтгээд нэгтгэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ хоёр байгууллага мэдээллээ солилцоход хүртэл хоёр сарын хугацаа шаардагдаад байна. Энэ хэмжээгээр хохирол үүсдэг. Маш энгийнээр хэлэхэд л гаалиар 10 хадаас оруулж ирсэн гээд мэдүүлчихсэн хэр нь татвар дээр таван хадаас зарсан гэж биччихсэн нөгөө тав нь хаана байна гэдэг асуудал гардаг л байхгүй юу. Үүнийг арилгахын тулд дэлхий дахинд гааль, татвараа нэгтгэж ажиллаад байгаа юм. Үүнийг манай гааль, татварынхан ойлгож байгаа байх гэж бодож байна. Гааль, татвар нэгдэснээр Архангай аймгийн Чулуут суманд ажиллаж байгаа татварын байцаагч, Бичигтийн боомтод ажиллаж байгаа гаалийн байцаагч ажлаа хийгээд л явна. Жирийн ажилчдын дунд ямар нэгэн цомхотгол хийгдэхгүй. Захиргааны зардал дээр л өөрчлөлт гарч байгаа.

Т.ДАВААНЯМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж