Эмэгтэйчүүдэд зориулсан олон групп фэйсбүүкт байдаг. Тэдгээрээс хамгийн том нь 50-120 мянган гишүүнтэй “Мамми централ” болон “Жирэмсэн эхчүүдийн групп". Гишүүд сайн үйлсийн аян өрнүүлж, нэгэндээ туслах нь бий.
Гэхдээ зүсэн зүйлийн юм нэгнээсээ асууж, нөгөөдүүл нь хэт мэдэмхийрсэн “зөвлөгөө” өгөх нь түгээмэл. Зах зухаас нь дурдвал,
“Хоёр сар гарантай үр минь хоолой нь сөөчихсөн байх юм, нэмэлт уудаг болохоор грамм нь ихэдсэн юм болов уу, хоолой нь сөөчихвүү, шалтгаангүй хоолой нь сөөж хүржигнэнэ гэж баймааргүй юм. Туслаач ээжүүдээ”.
- “Ээжүүдээ долоон сартай хүүхдийн хоолой өвдсөн байна, юу хэрэглэвэл гайгүй болгох вэ”.
- “Ээжүүдээ үс хумс унталтад ямар витамин ууж байна даа, долоон сар боллоо туг тугаар унасан хэвээр байна”
- “Хүүхдийн маань гуян дээр ийм улаан товруу үүсчихлээ, ямар тос түрхэх вэ ээжүүдээ. Харшил юм болов уу”
- “Баавгайн сарвуу хэрэглэвэл үнэхээр төрөхөд өвдөлт өгөхгүй юу” гэх мэт “яриа” дээр дурдсан группүүдэд хэдэн зуугаараа бий.
Тэдэнд туслах гэсэн бусад гишүүний “зөвлөгөө” голдуу сураг сонссон бас өөрсдөө туршиж хэрэгжүүлсэн байх нь цөөнгүй. Манай хүүхдийн хоолой нь өвдөхөөр фелемоксин уулгасан, хүүхдэдээ өлөн шээсээ уулга, хамар нь битүү болохоор чих, хоолой өвдөх гээд байдаг юм, аяндаа зүгээр болно гэх мэтээр эмчийн өмнөөс зөвлөгөө өгөгсөд олон. Дээр нь ийм ч тос сайн, тийм ч бүтээгдэхүүн найдвартай гэх зэргээр элдэв тос, түрхлэгний сурталчилгаа тасрахгүй.
Хэрэв хүүхэд нь өвдөж эхэлсэн бол цаг алдалгүй эмчид хандах нь зүйтэй болохоос биш мэргэжлийн бус хүний мэдэмхийрлийг дагавал өвчнийг хүндрүүлж, үхэлд хүргэх эрсдэлтэй.
Тэрчлэн “Харшил болон арьсны өвчнөөс хамтдаа салцгаая” 58 мянган гишүүнтэй группт зөвлөгөө авсан, түүнд нь хариулсан “эмч” нар олширчээ. “Харшилд ямар тос түрхвэл сайн бэ. Чихэн дээр тууралт гарлаа, нарны харшил уу”, “Харшлын хятад тос хаагуур зардаг вэ”, “Харшилд ямар тариа дусал зүгээр вэ”, “Хүүхдийн эрүү, ам тойроод тууралт гарлаа. Хүрэн өнгөтэй цэг шиг мөртлөө тэмтрэхээр мэдэгдэгдэхгүй юм, юу түрхвэл сайн бэ, ямар эм уулгах вэ” гэх зэргээр эмчид хандахаас илүүтэй хүмүүсээс зөвлөгөө авч дур мэдэн эмчилгээ хийх гэсэн дээрх шиг пост тасрахгүй хөвөрнө. Группийн гишүүд ч бас “Zyrtec сайн эм, өдөрт нэгийг ууна, харшилгүй хүн шиг л явна, харшлын шинж тэмдэг дардаг шүү”, “Маскаа солихгүй бол бохирын гаралтай тууралт ам, хамар хавиар нь их туурдаг, чийгшүүлэгч тос түрх”, “Цайрын исэлтэй тос нимгэн түрхэж, хлорфинамин 2/4-г өгсөн, маргааш нь зүгээр болсон байсан” гэх зэргээр ийм ч тос, тийм ч эм сайн гэж зөвлөх нь хэвийн үзэгдэл. Гэвч хүн бүрийн биеийн онцлог харилцан адилгүй учир тухайн таарсан эм нөгөө хүндээ таарахгүй тохиолдол бий. Хэрэвзээ бусдын үгээр дур мэдэн өөрийгөө бол үр хүүхдээ эмчилбэл эсрэгээрээ илүү эрсдэлд орж мэднэ.
Тиймээс үр хүүхэд, ээж аав, өөрт чинь эрүүл мэндийн асуудал үүсвэл сошиалд найдаад суух биш мэргэжлийн эмчид ханд. Монголчуудын хэнэггүй, бас хэт мэдэмхийрлээс болж эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч үлдвэл таны хохь болно.
СУРГААР СОНССОН ЭМЧИЛГЭЭ ХҮҮХДЭД ХАМГИЙН ХОРТОЙ
АӨСҮТ-ийн Арьс гоо заслын харшлын эмч тэргүүлэх зэрэгтэй профессор Г.ДОРЖХАНД:
–Хүмүүс дур мэдэж эмчилгээ хийлгэснээс болж харшлын гаралтай өвчнөө хүндрүүлчихээд ирдэг нь цөөнгүй. Арьсан дээр тууралт гарлаа гэхэд хүний хэлсэн зөвлөгөөг дагадаг, эмийн сангаас дур мэдэж эм авч уух, янз бүрийн тос түрхэснээс болж арьсны өвчлөл хурц хэлбэрт орж, арьсны тууралт ихэсдэг. Мөн хоол хүнс болон эмийн харшилтай гэдгээ мэдэлгүй үрэсвэл дарах антибиотек ууснаар харшлын гаралтай өвчнөө хүндрүүлчихсэн байдаг, эмчилгээ хийлгэсэн ч эдгэрэлт нь удааширдаг.
Тэр тусмаа фэйсбүүкээр болон бусдын амнаас сураг сонссоноо хүүхдэдээ дур мэдэн эмчилгээ хийх нь аюултай. Бага насны нярай хүүхдийн арьс эмзэг учраас элдэв тос, түрхлэг арьсны өвчтэй болоход нөлөөлөлнө. Арьсан дээр гарсан улайлт тууралтад амнаас ам дамжсан эмчилгээ хийнэ гэдэг ч буруу.
Ялангуяа ээжүүдийн группт ээжүүд нэгнээсээ зөвлөгөө авч, өндөр дозоор эм ууснаар харшлын төдийгүй олон төрлийн суурь өвчний шалтгаан болж байна. Зарим ээжүүд хэнэггүй ч юм уу, үнэхээр хүүхдэдээ тавих анхаарал хандуулахгүй тоохгүй явснаас хүүхдийнх нь харшлын гаралтай өвчин хүндэрсэн, арьсан дээрх тууралт нь хүндэрч, тархмал байдалд орсон, харшлын гаралта өвчин нь хүндэрч бусад өвчнүүдтэй хавсарч арьсан дээрх идээт өвчнөөр хүндэрсэн хойно нь эмчид ханддаг.
Хүмүүсийн хандлагыг хараж байхад хэт их мэдээлэл авах суваг ашиглаж фэйсбүүк, нийгмийн сүлжээнд бие биеэсээ зөвлөгөө мэдээлэл авдаг. Хүн бүрт сургаар сонссон эмчилгээ нь эерэг үр дүнгээ өгдөг бол эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага байх шаардлагагүй шүү дээ.
Гэтэл хүн бүрийн бие физиологи харилцан адилгүй учраас аливаа асуудал гарахад цаг алдалгүй эмнэлэгт хандах хэрэгтэй. Дараагийн шатанд нарийн мэргэжлийн эмч шаардлагатай бол уулзаж зөвлөгөө авах нь чухал гэлээ.
Түүнчлэн залуус "Нэрээ нууцалсан захиа" группт гэр бүлийн асуудлаар зөвлөгөө авах нь түгээмэл. Гэр бүлийн гадуур харилцаанаас болж эхнэр, нөхрөөсөө салах уу, нөхөртөө зодуулж амьдраад олон жил өнгөрч байна, гэвч хүүхдээ яах вэ гэх зэрэг асуулт түгээмэл. Энд хүний амьдралыг "шийддэг" хүмүүс ч олон. Тэр хэсэг бүлгийнхэн ихэвчлэн "Салаач, юуг нь горьддог юм", "хүүхдийг нь өгч явуул" гэх зэргээр ихэвчлэн "хар" зөвлөгөө байх нь бий. Хэрэв нөхөр чинь өөр эмэгтэйтэй, бас таныг зоддог бол хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагад ханд. Хосууд ойлголцохгүй бол бусдаас зөвлөгөө авахаас илүүтэй сэтгэлзүйчид хандах нь хамгийн зөв арга. Харамсалтай нь сошиалд итгэж, сэтгэлийн хөөрлөөр дур мэдэж эм уух, эмчилгээ хийх, амьдралаа шийдэх хүмүүс олширч. Хэн нэгнээс тусламж хүсэн, асууж, зөвлөлдөх нь буруу биш. Гэхдээ хаана хандаж, хэнээс зөвлөгөө авах ёстойгоо ойлгох цаг хэдийн болжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ