Монгол Улс дэлхийн 192 улстай дипломат, 10 улстай түншлэлийн харилцаатай бөгөөд БНХАУ, ОХУ, Япон, БНЭУ, АНУ таван улстай стратегийн түншлэлийн харилцаатай. Дээрх таван улсаас БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай гэдгээрээ бусад улсаас гадаад харилцааны хувьд илүү ахицтай яваа гэж хэлж болно.
УИХ-ын 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор батлагдсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын улс төрийн гадаад бодлогын нэг хэсэг нь “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж заасан байдаг. Монгол Улс уг бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өндөр хөгжилтэй орнуудтай улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байна.
УЛСЫН БИЕ ДААСАН ГАДААД БОДЛОГО, ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦААНДАА ӨГЧ БУЙ АЧ ХОЛБОГДЛЫН ИЛЭРХИЙЛЭЛ
Монгол Улсын Засгийн газраас 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан юм.
Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын харилцааны эрх зүйн үндсийг Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд 1921 онд байгуулсан найрсаг харилцаа тогтоох тухай гэрээгээр анх тавьж, дипломат харилцаатай болсон. Түүнээс хойш хоёр улсын хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлж, стратегийн түншлэл тогтоож, дээд, өндөр дээд хэмжээнд айлчлал хийж иржээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1993 оны 01 дүгээр сард ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр хоёр улсын хооронд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулснаар өнөөгийн харилцааны эрх зүйн үндэс бий болж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч ирсэн. Түүнээс хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн 2009 оны 8 дугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ хоорондын стратегийн түншлэл эрчимтэй өрнөж, хөгжлийн шинэ шатанд гарч буйг хоёр тал санал нэгтэй тэмдэглэж, “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал”-д гарын үсэг зурсан билээ. Үүгээр Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг анх ОХУ-тай тогтоосон бөгөөд энэ нь манай улсын бие даасан гадаад бодлого, хоёр талын харилцаандаа өгч буй ач холбогдлын илэрхийлэл болсон юм.
Монгол Улс ОХУ-тай хөгжиж буй харилцааны өнөөгийн түвшин болон Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын дагуу хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаа тогтоох үүднээс ОХУ-тай “иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” тогтоох зорилго тавьж, улмаар
2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар гарын үсэг зурсан.
Гэрээнд улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, мэдээллийн технологи, хүмүүнлэгийн харилцаа, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, техник, экологи, эрүүл мэнд, эрүүл ахуй, эпидемиологи болон харилцан сонирхсон бусад салбарт эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой, урт хугацааны үндсэн дээр хөгжүүлэхээр тусгасан.
Гэрээ нь 21 зүйлтэй бөгөөд дээр дурдсан салбараас гадна терроризм болон үндэстэн дамнасан бусад гэмт хэрэгтэй тэмцэх, эрх зүйн туслалцаа, НҮБ болон олон улсын бусад байгууллагын, түүнчлэн бүс нутгийн хүрээнд хамтран ажиллах, дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах эрх зэрэг чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг дэмжихээр заасан. Гэрээг соёрхон батлахаар заасан бөгөөд соёрхон батлах тухай хууль батлагдсанаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, бизнес, зам тээвэр, дэд бүтэц, харилцаа холбоо, эрчим хүч, түүх, соёл, боловсрол, эрүүл мэнд гэх мэт бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцөл бүрдэнэ.
ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэл тогтоож байгаатай холбогдуулан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын 1993 оны гэрээний үйлчлэл дуусгавар болно.“Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г хэрэгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны тодорхой чиглэлээр бусад гэрээ байгуулна. Уг гэрээ нь хоёр улсын олон болон хоёр талт гэрээгээр хүлээсэн үүргийг хөндөхгүй юм.
Гэрээтэй ЭНД дарж танилцана уу.
ОХУ МОНГОЛ УЛСАД ЦЭРЭГ-ТЕХНИКИЙН ТУСЛАМЖ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ҮЗҮҮЛНЭ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Даваа гариг (2020.06.08)-т 2019 оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан ОХУ, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон батлуулахаар Төрийн Думд өргөн барьсан билээ. Гэрээний тайлбар бичигт "Гэрээнд заасны дагуу талууд бие биенээ найрсаг, тэгш, бүрэн эрхт тусгаар улс гэж үзэх бөгөөд харилцан итгэлцэл, түүхэн уламжлалт сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл болон харилцан ашигтай бүх талын хамтын ажиллагааны үндсэн дээр хамтран ажиллана" гэж дурджээ.
Түүнчлэн иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд талууд улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр, харилцаа, эрчим хүч, мэдээллийн технологи, хүмүүнлэгийн харилцаа, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, техник, экологи, эрүүл мэнд, эрүүл ахуй-халдварт өвчний нөхцөл байдал болон хоёр талын ашиг сонирхлыг төлөөлөх бусад салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой, урт хугацаанд хөгжүүлнэ гэж заажээ. Үүний зэрэгцээ ОХУ нь “гадаадын цэргүүд, цөмийн зэвсэг болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх, газар нутгаараа дамжуулан тээвэрлэхгүй байхад чиглэсэн” Монгол Улсын бодлогыг хүндэтгэнэ” гэжээ.
Баримт бичигт заасны дагуу талууд бие биедээ нээлттэй эдийн засгийн бодлого явуулж, бүс нутгийн болон хил дамнасан хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой юм.
Холбоотой мэдээ